Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулж, илтгэл танилцууллаа.
src=http://www.sonin.mn/uploads/images/ba9667d3-8f4a-4327-af39-50dab8326ef8.jpg
 
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газар шинэ бүтэц, зохион байгуулалт болон дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй улс оронд бий болж буй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 4-6 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3-5 хувиар агших төсөөллийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд одоогоор хийгээд байгаа юм. Цар тахлын тархалтын улмаас улс орнуудад нийгэм, эдийн засаг, төсөв санхүүгийн олон төрлийн нийтлэг хүндрэл бэрхшээл үүсч байгаа бөгөөд хөгжиж буй зарим улс оронд туйлын хүнд тусч байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлыг бүхнээс чухалчилж, байгаа нөөц боломжоо бүрэн дайчлан зөв бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд цар тахлыг дотооддоо одоогоор алдаагүй гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэсэн байв.
 
Цар тахлаас үүдэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, мөчлөг сөрсөн шат дараатай бодлогын арга хэмжээнүүдийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1.9 их наяд төгрөгийн тусламж дэмжлэг, хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн боловч хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байгааг Сангийн сайд танилцуулсан.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сард 9.7 хувиар агшиж, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувь, уул уурхайн экспорт 25 хувь, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Улмаар эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Он дуустал байдал төдийлөн сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Гэнэтийн, давагдашгүй нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, 18 хүртэлх насны 1 сая 250 мянган хүүхдэд сар бүр 100.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоход нийтдээ 300 тэрбум төгрөг; нийгмийн халамжийн 60 мянган тэтгэвэр авагч, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 13.300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэн олгоход нийт 22 тэрбум төгрөг; хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгцээтэй 125 мянган хүнд сарын 32.000 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгох; нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч 5 хувиар, даатгуулагч 5 хувиар тооцон хөнгөлснөөр нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөх юм байна. Түүнчлэн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө. Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх юм байна. Корона вирусийн халдвар илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон НӨАТ-аас үргэлжлүүлэн чөлөөлөх юм байна. Иргэдийн эрүүл мэндийг цар тахлын аюул эрсдлээс хамгаалах зорилгоор улирлын томуугийн болон корона вирусийн эсрэг вакцин худалдан авах, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн шинжилгээнд шаардлагатай зардалд 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор корона вирусийн эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын албан хаагчдыг амны хаалт, хамгаалах хэрэгслээр хангах, мөн тусгаарлах байранд өвчтөнтэй нүүр тулан ажиллаж байгаа эмч, сувилагчдад илүү цагийн хөлс олгох, тэдний ар гэрт мөнгөн дэмжлэг үзүүлэх, сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоход зориулж нийт 22.2 тэрбум төгрөгийг зарцуулах талаар Сангийн сайд танилцуулсан.
 
Тулгамдсан эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцууллаа.
Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл нь удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулсан байна. Харин зайлшгүй шаардлагаар ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг, төсөв боловсруулах ажил болон үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай автозам, гүүр, замын байгууламжуудыг сэргээн засварлахад зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж тусгасан байна.
 
src=http://www.sonin.mn/uploads/images/f94c9ce8-fc91-4f48-be9d-4a767ce30db8.jpg
 
Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга эд хогшил, худалдан авалт зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Харин эрүүл мэнд, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал болон бусад төсөвт байгууллагуудын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлжээ. Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг мөн хэрэгжүүлэх юм байна. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дурдав. Түүнчлэн татвар, гаалийн шинэчлэлийн хүрээнд бүртгэлийг сайжруулж, татварын бааз суурийг өргөжүүлэх, олон жил хуримтлагдсан татварын өр төлбөрийг барагдуулах, төрийн өмчит уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулж, төлөх татварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн орлогыг 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Дээр дурдсан богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн зэрэгцээ дунд, урт хугацаанд төсвийн зардлыг бууруулж, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Тухайлбал, төрийн бүх шатанд хүнд суртал, авлигыг устгах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэх, мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гааль, татвар, нийгмийн даатгал, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн албан хаагчдын орон тоо, цалингийн цахим системийг тэргүүн ээлжинд нэвтрүүлнэ гэлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоог шинэчлэх, хуулийн холбогдох өөрчлөлтийг дагалдуулан өргөн мэдүүлсэн байна.
 
 
 
 
Шинэчлэл хэрэгжснээр иргэд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих аж. Дээр дурдах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого  10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байгаа гэлээ.
 
 
 
Сангийн сайдын танилцуулга, төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Д.Ганбат, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар асуулт асууж, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг сунгах талаарх гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулахдаа, энэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд 88 мянга орчим иргэн хамрагдана гэдэг тооцоо байсан ч шинэ нөхцөл байдлаас үүдэн 2000 гаруй малчин хамрагдаж, 4.6 тэрбум төгрөг төлсөн гэлээ. Тиймээс 2021 оны төсвийг боловсруулахдаа дээрх хуулийн хэрэгжилтийг сунгах шаардлага бий гэдгийг хэллээ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой асуултад Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариулт өгөхдөө, 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг салбарын яамнаас өгсөн нь 2-4 дамжааны оюутнуудын сургалтын төлбөрт хамаарна гэлээ. Харин нэн хэрэгцээтэй, онцлог мэргэжлийн 1 дамжааны сургалтын хөтөлбөрийн кердит нь бага хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг мэдээллээ. Сургалтын төлбөрийг уян хатан зохицуулалттайгаар төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэл өгсөн гэв.
 
Төсвийн тодотгол хийж буй гол шалтгаан нь корона вируст цар тахлын улмаас үүссэн шинэ нөхцөл байдал гэдгийг Сангийн сайд онцолж байлаа. Төсвийн алдагдлыг бууруулах боломжийн талаарх асуултад Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа Бид төсвийг төлөвлөхдөө эдийн засгийн өсөлтийг хоёр жил орчмоор харж үзсэн. Дэлхий нийт, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд цар тахлын нөлөөллөөр эдийн засаг 2020 онд агших ч 2021 онд өснө гэдэг төсөөлөл, хүлээлттэй байгаа. Тиймээс бид агшиж байна гээд эдийн засгаа хумиж болохгүй, харин ч өсөлтийг тооцож мөчлөг сөрсөн бодлого явуулах нь оновчтой хэмээн үзээд төсвийн бодлогоо багцалж өргөн мэдүүлсэн” гэлээ. Төсвийн алдагдлын тодорхой хувь нь гадны зээл, тусламжаар санхүүжих эх үүсвэртэй бөгөөд Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөөд байгааг дуулгав. Ингэхдээ блокчэйнээр платформ дээр үндэслэсэн Засгийн газрын үнэт цаасыг олон нийтэд санал болгохоор холбогдох бэлтгэлээ ханган, зах зээлээ судалж байгаа аж.
 
 
 
 
Төсөвт байгууллагуудын зардлыг 118 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч төсвийн зардал 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар тодруулахад, хүүхдийн мөнгөн тэтгэмж 20.000 төгрөг байсныг нэмэгдүүлж 100.000 төгрөг болгосон, түүнчлэн хүнсний талон, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн зардал болон эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой болохыг тайлбарлалаа. Хөрөнгө оруулалтуудын санхүүжилтийг гадны зээл, тусламжаар шийдвэрлэсэн, гадны зээл, тусламж 400-гаад сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
 
 
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг хэлэлцэхээс өмнө төсөв тодотгож буй нь оновчтой эсэхийг тодруулсан гишүүний асуултад Сангийн сайд хариулахдаа, эдгээр хөтөлбөр, хуулийн төслүүд хоорондоо уялдаа холбоотой гэдгийг тайлбарласан. Түүнчлэн 2021 оноос зураг төсөл нь бэлэн, газрын асуудал нь бүрэн шийдэгдсэн, хэрэгжих бүрэн боломжтой төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх бодлого баримтална гэлээ. Өнөөгийн нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр  улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг хэвээр үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд хэлсэн. Улс орон даяар нийтдээ 1400 объект хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нэг объект дээр 5-6 аж ахуйн нэгж ажиллаж байгаа гээд тооцохоор 70-100 мянган ажлын байртай хамааралтай асуудал болно. Тиймээс төсвийн тодотгол дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг багахан хэмжээгээр бууруулсан гэв. Газар бүрдээ эдийн засгийг идэвхжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин, ажлын байрыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж, хөрөнгө оруулалтын хэмжээг бага хэмжээгээр бууруулсан гэлээ.
 
src=http://www.sonin.mn/uploads/images/8fad8c17-d647-4422-8459-967896604d95.jpg
 
Гишүүдийн тодруулсны дагуу экспортын орлогын талаарх мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар экспортод гарч байгаа нүүрсний хэмжээ 44.3 хувиар, зэсийн хэмжээ 8.1 хувиар тус тус буурсан байна. Эхний зургаан сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 900 гаруй сая ам.долларын ашигтай байгаа гэлээ.
Төрийн зарим үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Улс орнууд нийтээрээ цахимжих хандлага ажиглагдаж байгааг  Сангийн сайд хэлсэн. Тиймээс Монгол Улсын хувьд ч энэ чиглэлд тодорхой алхамууд хийх шаардлага тулгарсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сараас эхлээд Сангийн яам, гаалиас олгодог бүх зөвшөөрлийг цахимаар олгодог болно гэлээ.  
 
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд  бүс нутгаа эрүүл, тайван бүс гэдгийг батлах нь чухал бөгөөд энэ чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа хэлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төсвийн таслалдсан орлогуудыг шийдвэрлэх гарцыг тодотгол тусгах шаардлагатай гэдэг санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар хүн амын өсөлтийн бодлогоо бодитоор дэмжсэн хүүхдийн мөнгө олгох зэрэг арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Ж.Мөнхбат гишүүн төсвийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийг боловсруулах үйлдвэрүүдийг орон нутагт байгуулах, ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал гаргав. Төсвийн алдагдлын хязгаарыг хуулиар тогтоох, төрийн зардлыг цомхон, тодорхой байлгах, Засгийн газар төсвийн орлогоос давсан зарлага төлөвлөдөггүй байх саналыг Ж.Ганбаатар гишүүн хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нар он дамнасан бүтээн байгуулалтын зардал бол төсвийн үргүй зардлын том урсгал болохыг хэлээд, төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн санхүүжилтийг төсвийн жилдээ бүрэн тусгаж байх саналыг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Б.Ундрам нар ажлын байрыг хадгалах, иргэдийн ажил эрхлэх бололцоог бүрдүүлэх үүднээс хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг төсөвт тусгах саналыг гаргасан. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
 
Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн талаар илтгэл болон аудитын дүгнэлтийг сонсов
 
            Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, Үндэсний Аудитын газраар аудит хийлгэн Улсын Их Хуралд танилцуулж буйг тэрбээр дурдлаа. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн гэлээ.
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, санхүү мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан төсвийг Засгийн газрын дотоод, гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулсан жил байсан хэмээн илтгэлд тэмдэглэв.
 
Монгол Улсын 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.2 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1 их наяд 317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг Сангийн сайд илтгэлдээ танилцууллаа.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнасан байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Үндэсний Аудитын газраас хязгаарлалттай санал, дүгнэлтийг дараах алдаа дутагдалтай холбоотой гаргажээ. Үүнд, дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршооноос авах 37.6 тэрбум төгрөгийн найдваргүй, дамжуулан зээлийн 593.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудын 138.6 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэлтэй. Гадаад зээлийн 23 төсөл хөтөлбөрийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн 649.5 тэрбум төгрөгийн зээлийг 35 байгууллага санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй. Зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болсон 338.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг болохыг илтгэлд дурдсан юм.
 
src=http://www.sonin.mn/uploads/images/6fef6371-45c5-4f77-8fd0-79a9d562cd0f.jpg
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 12 их наяд 40.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 767.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 10 их 905.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1 их наяд 23.5 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн байна. Төсвийн орлого төлөвлөснөөс ийнхүү давсан нь уул уурхайн голлох нэр төрлийн зарим эрдэс, бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оноос өссөн, татварын бүртгэл, мэдээллийн системд хамрагдалт сайжирсан, экспорт, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн зэрэг тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээний үр дүнд төсвийн татварын орлого төлөвлөснөөс давж биелсэн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 11 их наяд 661.7 тэрбум төгрөгт хүрч, 96.3 хувь буюу 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байгаа нь урсгал зарлагыг 303.6 тэрбум, хөрөнгийн зардлыг 388.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.  Нэгдсэн төсвийн нийт тэнцлийг 2 их наяд 224.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү ба Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байгаа аж.
 
Засгийн газрын нийт өр тайлант оны эцсийн байдаар 24 их наяд 199.7 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 20 их наяд 525.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ий 55.6 хувьтай тэнцэж байгаа аж. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 1 их наяд 832.7 тэрбум төгрөгөөр өссөн, өрийн үлдэгдэлд гадаад өр 85.7 хувь, дотоод өр 5.8 хувь, өрийн баталгаа 4.4 хувь, барих-шилжүүлэх төрлийн концесс 4.1 хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Төгрөгийн ханшийн сулралаас шалтгаалж гадаад өрийн төгрөгөөр илэрхийлсэн үлдэгдэл 706.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар 3 их наяд 200.5 төгрөгийн төсөвт өртөгтэй 1281 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 555.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталснаас 373 төсөл, арга хэмжээ буюу 29.1 хувь нь өмнөх оноос шилжсэн, 908 төсөл арга хэмжээ буюу 70.9 хувийг тайлант онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан байжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсөл арга хэмжээний тоо 71.5 хувиар, санхүүжих дүн нь 1.2 дахин буюу 931.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн болохыг  аудитын дүгнэлт дурдсан байв. ТЭЗҮ хийгдсэн, зураг төсөл батлуулсан байх шаардлагатай шинээр хэрэгжүүлэх 638 төсөл арга хэмжээний 84.3 хувь буюу 538-ыг нь санхүүжүүлэх хуулийн шаардлага хангаагүй, зураг, төсөвгүйгээр тусгаснаас үүдэн гүйцэтгэл нь удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сургууль, 75 цэцэрлэг, 14 дотуур байр, соёл спортын 42 барилга, 30 эмнэлэг, 63.6 км автозам, 341.7 м урт гүүрэн байгууламж, 2000 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийн 39, бусад салбарын 25 барилга байгууламж тус тус ашиглалтад оржээ. Улсын төсвийн санхүүжилтийн гүйцэтгэл 1 их наяд 422.6 тэрбум төгрөг буюу 91.6 хувь гэж тайлагнасныг аудитаар хянахад 1 их наяд 203.1 тэрбум төгрөг буюу 77.5 хувийг бодит гүйцэтгэлээр, 59.8 тэрбум төгрөгийг буюу 3.8 хувийг банкны баталгаанд үндэслэн санхүүжүүлж, 159.7 тэрбум буюу 10.3 хувийг Засгийн газрын 2019 оны 430 дугаар тогтоолын дагуу 10 төсвийн ерөнхийлөн захирагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулж, зарцуулагдаагүй үлдэгдэл 130.8 тэрбум төгрөг буюу 8.4 хувийг төсөвт татан төвлөрүүлсэн байна. Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг сэдвээр хийсэн гүйцэтгэлийн аудитаар нийт 267.1 тэрбум төгрөгийн 384 зөрчлийг илрүүлж, 40 зөрчилд хамаарах 4.8 тэрбум төгрөгийн төлбөрийг акт тогтоож, 117 зөрчлийг арилгуулахаар 103.3 тэрбум төгрөгийн албан шаардлагыг өгч, 152.2 тэрбум төгрөгийн 213 зөрчлийг арилгуулах зөвлөмж, 6.8 тэрбум төгрөгийн 14 асуудлыг хууль хяналтын байгуулагад шилжүүлэн шалгуулахаар тус тус хүргүүлэв. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдтэй нийцүүлж баталж, салбарын түвшинд төлөвлөөгүй төсөвлөлт, шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг хуульд тусгаж буй зөрчлийг давтан гаргахгүй байх чиглэлээр эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрэн бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэжээ.
 
Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъяа нийт 6542 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Үүнээс зөрчилгүй 47, хязгаарлалттай 8 дүгнэлтийг аудитаас гаргажээ.
Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар Сангийн сайдын илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон харъяалах Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх