2020 оны төсвийн тодотголыг энэ сард УИХ-аар хэлэлцэнэ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ сарын 17-нд нээлтээ хийх УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийг тодотголыг хэлэлцэх юм.
КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого дөрвөн их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ.
Төслийг боловсруулахдаа:
- Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих
- КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/
- Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/
- Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах
- Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах
- Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан байна.
Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр дараах өөрчлөлтийг хийхээр болжээ.
- Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. Нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулах тооцоотой.
- Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
- Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.
- Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.
- 2020 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан байна. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байгаа юм.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр:
- Эрүүл мэндийн салбарын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн шинжилгээ зэрэгт 71 тэрбум төгрөг,
- Улирлын томуугийн вакцины зардалд 22.3 тэрбум төгрөг,
- Халдвар тээгчидтэй нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл зэргийг тооцсоноор эрүүл мэндийн салбарт нийт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгджээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн лабораторид тоног төхөөрөмж авахад зориулж гурван тэрбум төгрөг өгөх зардал нэмэгдэх юм байна
ЭХ СУРВАЛЖ: Eagle.mn