Флойдын үхэл: Дөрвөн цагдаад ял төлөвлөжээ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойдыг баривчлах үедээ хүч хэрэглэн, амь насанд нь хүрсэн цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халсан бөгөөд тэдэнд ял оноосон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчилгаанд оролцсон цагдаагийн алба хаагчдаас Дерек Шовинийг хамгийн хүндээр буюу хоёрдугаар зэргийн аллагад буруутгасан байна. Тэрбээр Флойдыг баривчлах үеэрээ хүзүүн дээр нь өвдөглөсөн нь  хохирогч амь насаа алдах шалтгаан болсон юм. Түүнчлэн баривчилгаанд оролцсон өөр гурван цагдаад Прокурорын газар хам хэрэг гэсэн заалтаар ял төлөвлөжээ.

Анхандаа Шовинийг гуравдугаар зэргийн аллага буюу санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн гэж буруутгаж байжээ. Харин хоёрдугаар зэргийн аллага гэдэг нь санаатайгаар амь хөнөөсөн, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулан амь хөнөөсөн эсвэл хүний амь насыг үл хайхарсны улмаас үхэлд хүргэсэн үйлдлийг хэлдэг аж.

Флойдыг амиа алдах үед хамт байсан бусад цагдаа нарыг ажлаас халснаас өөрөөр хэрэг тулгаагүй байсан юм. Харин Флойдын ар гэрийнхэн баривчилгаанд оролцсон бүхий л хүмүүсийг шийтгэхийг шаардсанаар одоо энэ хэрэгт дөрвөн хүнийг буруутгаж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр гол буруутанд тооцогдож байгаа Шовинийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр баривчилсан бөгөөд  үлдсэн гурван цагдааг баривчлах зөвшөөрлийг Миннесота мужийн Ерөнхий прокурор өчигдөр өгчээ.

Мөн эдгээр дөрвөн цагдаад хүнд шийтгэл ноогдуулж болзошгүй гэж Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон мэдэгдсэн байна. Тэднийг бүхий л зүйл заалтын дагуу буруутай гэж үзвэл олон жилээр хорьж, ихээхэн хэмжээний мөнгөн торгууль ноогдуулж болзошгүй гэнэ. Шовинд төлөвлөсөн ялын тухайд хоёрдугаар зэргийн аллагад буруутайд тооцогдвол 40 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Энэ нь гуравдугаар зэргийн аллагад ноогдуулдаг ялын хугацаанаас 15 жилээр их аж. 

Амиа алдсан Жорж Флойдын ар гэрийнхний өмгөөлөгч хэргийн гол сэжигтэн Шовинийг нэгдүгээр зэргийн аллагад буруутгах ёстой гэж үзэж байгаа бөгөөд ялыг хүндрүүлэх талаар дахин харах ёстой гэж мэдэгджээ. 

Гэхдээ нэгдүгээр зэргийн аллага гэдэгт санаатайгаар, урьдчилан бодож, төлөвлөсөн аллагыг хамааруулдаг аж. Харин Флойдын хэргийн тухайд цагдаагийнхан баривчлах үеэрээ хүч хэрэглэсэн тул хоёрдугаар зэргийн аллага гэсэн хувилбар өөрчлөгдөхгүй байх гэж хуульчид үзэж байгаа юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх