Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль батлах уу

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хугацаа нь тулчихсан болохоор УИХ айсуй сонгуулийг угтаж өршөөх агуулга бүхий хууль батлахгүй гэж найднам. Гэвч 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль баталчихвал гайхах хэрэггүй. Учир нь манай улс 1991 оноос хойш 3-6 жилийн давтамжтайгаар зургаан удаа Өршөөлийн хууль баталжээ. 2008 онд анх Татварын өршөөлийн, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталсан түүхтэй. Ингэхдээ Ардын хувьсгал ялсан, Их Монгол Улсыг байгуулсан гэх зэргээр түүхэн ойн баяр болон УИХ-ын сонгуулийг тохиолдуулан баталдаг уламжлал хэвээр буйг саяхны нэгэн судалгаанд онцолсон байна.

Үндсэндээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, хуульд заасан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг тэдгээрийн өр, төлбөр, эрүүгийн болон захиргааны хариуцлага, ялаас бүрэн, эсвэл хэсэгчлэн чө-лөөлснийг хэлж байгаа юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлсөн төдийгүй холбогдох мэдээллийг нууцлах, хяналт, шалгалт явуулах боломжгүй болгосон билээ.

Уг нь түүхэн талаасаа гэмт хэрэг үйлдэж, ялд унасан этгээдүүдийг хамгийн анх Өгөдэйг хаанаар өргөмжлөн залах үед өршөөж байж. Харин Монгол Улсын түүхэнд анхны социалист эрх зүйн систем нэвтэрч эхэлснээс хойш буюу 1929 онд Ардын засгийг байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан баталж, тодорхой давтамжтайгаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж иржээ. Ийнхүү 20, 30, 40 гэх мэтчилэн Ардын хувьсгалын тэмдэглэлт ойг тохиолдуулан гэмт хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлэх уламжлал” тогтсон байна. Ингэхдээ гол төлөв хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй этгээд болон эмэгтэйчүүдийн эдлэх ялыг өршөөдөг жишиг тогтсон байв. Гэвч эл уламжлал” ардчилсан түүхийн 30 шахам жилд ч арилж, баларсангүй. Бараг парламент бүр Өршөөлийн хууль баталсан түүх бичигдэх нь. Харин ч өршөөж, нигүүлсэх гэсэн бодлогынхоо агуулга, ач холбогдлыг бодолцохоос илүү хэлбэр, хэдхэн хүнд таалагдах гэсэн явцуу бодолд хүлэгдэх боллоо. Хэнийг өршөөх вэ гэдэг нь ч улам бүр хардлага дагуулж байна. Өөрсдийгөө өршөөх хуулийг улайм цайм баталчихгүй биз дээ, УИХ-ын гишүүд” гэж шивэр авир хийх хүмүүс ч байгаа.

Өнгөрсөн оны сүүлчээр бэлэн болсон Өршөөлийн хуулиудад хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааны тайланд дурдсанаар шалтгаан, нөхцөлийг нь бүрэн тодорхойлохоос илүүтэй тэгш ойн баяр, сонгууль зэрэг түүхэн үйл явдлуудыг тохиолдуулан хэт ойр ойрхон өршөөл үзүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, тухайн гаралт, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тандсан судалгаа байдаггүй төдийгүй хэрэгжилтийнх нь ч тайлан, судалгаа гэхээр зүйл хийлгүй өдий хүрсэн байна. Ийнхүү эерэг нөлөө гарсан, наад зах нь гэмт хэргийн тоо буурсан уу гэвэл үгүй аж. Татварын өршөөл үзүүлсний дараа жил татварын орлого огцом нэмэгдэх ёстой байтал эсрэгээрээ буурсан, илэрхий өөрчлөлт гараагүй нь уг хуулийн үр дүн хэр зэрэг байсан бэ гэдэгт хариулт болох биз. Харин ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тодорхой хэдэн хүнийг өршөөх, тэдгээр нь учруулсан хохирлоо нөхөн төлдөггүй, цаашлаад ялын бодлого алдагдуулдаг, хууль сахиулах байгууллагуудын идэвхийг сулруулдаг зэрэг сөрөг үр дагавартайг судлаачид тэмдэглэжээ.

2008 оны хуулиар улсын төсөвт цугларах ёстой байсан хэчнээн хэмжээний мөнгөн төлбөрийг өршөөж, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн нь ч тодорхойгүй үлдсэн байна. Тэр ч бүү хэл татварын өршөөлийн дараа хяналт, шалгалтаа эрчимжүүлдэг жишиг нэгэнт тогтсон байтал манайд хийсэн, эсэх нь тодорхойгүй, мэдэгдээгүй. НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улс татвартай холбоотой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тав байсныг дөрвөн жил болгож бууруулсан, Татварын өршөөлийн хуулийг олон удаа баталсан, тэдгээрт хамрагдсан татвар төлөгчдийн мэдээлэл олон нийтэд ил тод биш байгаад сэтгэл зовниж байна” хэмээснийг уг судалгаанд эшилжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.2-т Энэ хуулийн 6.1-т заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж зохицуулсан байдаг.

Гадаад улс, орнуудын туршлагаас харахад АНУ, Англи, Герман, Нидерланд болон Швед зэрэг оронд өршөөл үзүүлэх институц байхгүй буюу бараг хэрэглэдэггүй. Харин Франц, Орос, Австри, Итали, Хятад, Япон, БНАСАУ-д өршөөл үзүүлэх институц бий гэнэ. Гэхдээ нэн шаардлагатай үед, тухайлбал, түүхэн дайн болон бослогод оролцсон, хөнгөн гэмт хэрэг, өндөр настай хүмүүс зэрэг тодорхой бүлгийнхнийг өршөөхөөс бус, бүх нийтээр нь, манайх шиг ойр ойрхон Өршөөлийн хууль баталсан тохиолдол байхгүй аж. Энэ нь тухайн улсын Эрүүгийн хууль, тогтоомж харьцангуй тогтвортой, ялын бодлого уян хатан байгаагийн илрэл” хэмээн дээрх судалгаанд дүгнэсэн байна. Манайд эл институц нь Үндсэн хуулийн 25.1.14-ийн дагуу УИХ бөгөөд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” онцгой бүрэн эрхтэй. УИХ-ын сонгууль тохиолдуулан хоёр ч удаа Өршөөлийн хууль баталсан томоохон шалтгаан нь эл бүрэн эрхийг хэрэгжүүлдэгтэй нь холбоотой байж болох юм. Нөгөө талаас Үндсэн хуулийн дараа орохуйц том” гэгддэг Эрүүгийн хуулийг байн байн шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, 2012 оны сонгуулиар байгуулагдсан, өмнөх парламент халаагаа өгөхөөсөө урьтаж 2015 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Харин өнгөрсөн сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ, үнэмлэхүй олонх бүхий Ардын намынхан уг хуулиас үндсэндээ татгалзаж, 2017 оны тавдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ бэх нь хатаагүй шахам Эрүүгийн хуулийн 40 орчим хувийг өөрчлөв. Үүнээс хойш хэдийн 10 гаруй удаа Эрүүгийн хуульд их, бага хэмжээгээр гар хүрээд байна. Дахиад төсөл боловсруулна, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүд оруулна гэж ярьсан нь ч бий.

Ихэнх орны хэрэгжүүлсэн татварын өршөөл нь захиргааны болон эрүүгийн хариуцлагын хүрээн дэх торгууль, шийтгэлийн хэмжээг бууруулах буюу бүрэн чөлөөлдөг ч татварын үндсэн дүнг зайлшгүй нөхөн төлүүлдэг аж. Харин манай улсад хэрэгжүүлсэн хоёр удаагийн өршөөлийн хувьд хариуцлагаас чөлөөлөхийн зэрэгцээ төлөгдөөгүй, төлөх ёстой татварын өр, торгууль, алдангийг хамруулсан нь олон улсын нийтлэг жишгээс эрс ялгаатайг судлаачид онцолжээ. Ер нь татварын өршөөлийг ойр ойрхон үзүүлсэн тохиолдолд хангалттай үр дүнд хүрч байгаагүйг улс орнуудын туршлагаас харж болохоор буй төдийгүй цаашид үүнээс татгалзах чиг хандлагатай байна. Учир нь Татварын өршөөлийн хуулийг хэт ойрхон давтамжтай гаргах нь татвараас зугтах, орлогоо нуух явдлыг өөгшүүлэх, хэдэн жилийн дараа Өршөөлийн хууль батлагдана гэх хүлээлт бий болгодог нь ил болсон зүйл.

 

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх