Айсуй сонгуулийн чимээ: Дундговь

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгууль болоход гурван сар гаруй хугацаа үлдээд байна. Тиймээс Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог болох Дундговь аймгийг онцолж байна. Дундговь аймагт хүн амын тоо цөөн учраас голдуу хоёр мандаттай сонгууль явагдаж иржээ. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН, АН-ын зэрэгцүүлэн ялалт өгч байжээ. Дундговь аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.

1992 он: МАН /МАХН/

1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Дорнод аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн С.Батмөнх, 58.8 хувь буюу 22011 санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв. Мөн МАН-аас нэр дэвшсэн Н.Тогтох, Ж.Отгонбаяр  нар олонхийн санал авч байв.

1996 он: МАН, АН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Дундговь аймгийн сонгогчид энэ удаа МАН, АН-ыг сонголоо. Тухайлбал, 19 дүгээр  тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Тогтох ялалт байгуулсан бол 20 дугаар тойрогт АХ эвслээс нэр дэвшсэн Ж.Отгонбаяр ялж, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.

2000 он: МАН, АН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа ч Дундговьчууд дахин МАН, АН-д итгэл үзүүлэв. 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Тогтох, 20 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Ж.Наранцацралт нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Ш.Төрбат, М.Тунгалаг, Л.Баяраа нар өрсөлдсөн байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

2004 он: МАН, АН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Дундговь аймгийн сонгогчид энэ удаа МАН, АН хоёрт хоёуланд нь итгэл үзүүлсэн. Аймгийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Раш олонхийн санал авав. Харин 20 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Наранцацралт ялалт байгуулсан байдаг. Тэдэнтэй АН-аас Л.Алтанхуяг, Ж.Адъяа нар нэр дэвшиж өрсөлдсөн юм.

2008 он: МАН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид МАН-д илүү итгэл хүлээлгэв. МАН-аас Х.Наранхүү, Р.Раш нар олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэдэнтэй АН-аас Б.Дэлгэрмаа, О.Цэрэнсодном нар өрсөлдсөн байдаг. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Дундговь аймагт МАН-аас Б.Амарсанаа, АН-аас Б.Наранхүү нарын нэр дэвшиж, Б.Наранхүү олонхий санал авснаар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

2016 он: АН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулсан. Харин Дундговь аймгийн 16 дугаар тойрог энэ удаагийн сонгуулийн цэнхэртсэн. Тэд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Наранхүүд итгэл хүлээлгэсэн юм. Түүнтэй МАН-аас Б.Амарсанаа, МАХН-аас О.Ганбат өрсөлдсөн юм.

2020 он:

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана.

Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Мандатын тоог орон нутагт нэмж, нийслэлээс хасч баталсан бөгөөд одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. Дундговь аймгийн тойргийг Говьсүмбэртэй нэгтгэж, хоёр мандаттай байхаар тусгаад байна.

МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх. Түүний аавын нутаг гэх яриа бий. Харин Ардчилсан намаас мэдээж Б.Наранхүү өрсөлдөх болов. Түүнээс гадна Н.Соёмбо гэх залуу өрсөлдөж магадгүй гэсэн яриа байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх