Б.Жаргалсайхан: АН, МАН-ын авлига сонгуульд нэр дэвших дэнчингийн мөнгөнөөс л эхэлдэг

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч БНХАУ-д айлчиллаа. 30000 хонь бэлэглэхээ мэдэгдээд ирлээ. Та энэ айлчлалыг сайшааж байна уу?

-За яахав дээ, байж болно. 30 мянган хонь өгөө л биз. Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэж үг байдаг. Гэхдээ тэглээ гээд ойрын гурав, дөрвөн сар хятад, солонгос иргэдийг Монгол руу оруулахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол европ хүртэл аялан тоглолт хийчихсэн вирус манайд орж ирэхэд юухан байхав дээ. Экспортоо бол зогсоох хэрэггүй. Тэрэндээ хяналт тавьж, ариун цэвэр, халдвар хамгаалалтаа сайн сахиад явах нь зүйтэй. Солонгост байгаа 50 мянган монголчууд энд ирээд яахав дээ. Ажил байхгүй байхад ирэхгүй байх гэж бодож байна. Тэндээ байж байгаад өвчилсөн тохиолдолд эмчлүүлсэн дээр байх. БНСУ хөгжилтэй орны тоонд ордог, мөнгө хөрөнгө сайтай учраас манай иргэд тэр улсынхаа ЭМЯ-наас гаргаж байгаа шаардлагуудыг хатуу сайн баримтлаад байхад нэг, хоёр сарын дотор энэ өвчнөө хазаарлаад авчих байх.

-Засгийн газар, ЭМЯ хэр сайн ажиллаж байна вэ?

-Сайн ажиллаад байх ч юу байхав. Хэдэн карантин тогтоолоо. Ийм үед сайн, муу ажиллаж байна гэж үсрээд яахав. Дайн болж байхад сайн байлдлаа, муу байлдлаа гэж ярихгүй биз дээ. Тэрэнтэй адил. Азаар манай иргэд гадныхантай контактлаагүйн ачаар халдвар гараагүй байх шиг байна.

-Коронавирусын тархалт дэлхийн олон оронд тархаж байна. Иргэд урьдчилан сэргийлж чадаж байна уу?

-Коронавирус БНХАУ-аас гадна Япон, Солонгос, Итали, Иран гэсэн улсуудад хурдацтай тархаж байна. Манайд одоохондоо илэрц байхгүй ч гэсэн монгол хүнд тусдаггүй, тусахгүй юм шиг байна гэсэн таамаглалаар хандаж болохгүй байх. Вирус контактаар дамждаг. Ялангуяа бусад оронд гарсан вирусыг харахад, БНХАУ-тай ойрхон, хятадад их зорчсон улс оронд илүү нэмэгдэж байна.

Бид вирусээс болгоомжлох нь зүй ёсных. Хүмүүс хорио цээрээ багасгахгүй бол амьдрал, ажил зогсох гэж байна гэж ярьж байна. Ерөнхийдөө манай иргэд ихэнх нь ажилгүй байгаа шүү дээ. Аар саархан үйлчилгээ, такси ч гэдэг юм уу эрхэлж байна. Тийм учраас хэтэрхий дэмий тэнэдэгээ багасгасан зөв байх аа. Одоо жаахан ажил амьдралдаа хариуцлагатай хандах цаг болсон. Халтуур хийж мөнгө олно гэхээсээ илүү гэртээ байсан зөв биз дээ. Тэгж мөнгө олох нь их хохиролтой юм байна. Мөнгөөрөө машин авна. Бензин тос хийнэ. Бас вирус тараах ажилтай болж байна.

-УИХ БӨХИЙН ДЭВЖЭЭ, ШОУНЫ ТАЙЗ БИШ-

-Үндэсний аудитын газраас сонгуулийн дээд зардлыг тогтоосон байна. Тодруулбал, нэг нэр дэвшигчийн зарцуулах дээд хэмжээ 775 сая төгрөг байх гэнэ. Энэ хэр их мөнгө вэ?

-Монгол Улсад мөнгө яаж хэмнэх тухай ойлголт алга. Нэг л баян, эрх хүүхдүүдтэй айл шиг мөнгөө цацаад байдаг. Гэтэл цаашдын ирээдүй асар их өр,  зээлийн дарамт хүлээгээд байна. Тиймээс бүх төрийн, төсвийн байгууллагуудын зардлыг эрс бууруулах тухай яаралтай арга хэмжээ авсан зөв болов уу гэж бодож байна. Тэгвэл энэ хүндрэлээс гарах боломж бүрдэх байх. 700 сая төгрөгөөр сонгууль хийнэ гэж үлгэр яриад яахав дээ. Тийм сонгуулийн зардал гэж байхгүй шүү дээ. Нэг хүн нэг л хуудас тараахад болно.

Бүхэл бүтэн сэтгүүл, боть ном хэвлэж, түүнийгээ тарааж, сонгуульд ялна гэж бодоод байгаа бол гарахгүй байх аа. Иргэд онлайн, фэйсбүүкэд дийлэнх нь холбогдчихсон. Фэйсбүүк бол хамгийн үнэгүй, зардалгүй мэдээллийн хэрэгсэл болчихоод байна. Тиймээс СЕХ, УИХ яаралтай сонгуулийн зардлыг эргэж харах нь зүйтэй. Тэгэхгүй бол дахиад л хүний сонгууль, шударга иргэдийн сонгууль биш мөнгөний сонгууль болж хувирах гэж байна. Мөнгө сонгох уу, шударга хүн сонгох уу гэхэд амьдрал нь хэцүү байгаа иргэд мөнгөө сонгох болчихоод байна.

-Танай нам сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн сонгох вэ?

-Хамгийн түрүүнд хувийн ёс суртахуун, хариуцлага, шударга ёсыг эрхэмлэдэг, мэргэжил боловсролтой байх ёстой. Өнөөдөр боловсролгүй байж сэтгэлийн хөөрлөөр УИХ-д орж ажиллаад амжилтад хүрэхгүй. Ямар 21 оны хувьсгал хийх гэж байгаа биш дээ. Хөгжил дэвшил, шинжлэх ухаан, техник технологи, мэдээллийн эрин зуунд шилжчихээд байгаа. УИХ бөхийн дэвжээ биш. УИХ шоуны тайз биш. УИХ бол сэхээтнүүдийн оюуныхаа чадамжийг уралдуулж, улс орны хөгжлийг тодорхойлдог байгууллага байх ёстой. Манай УИХ хошин шогийн театр шиг болсон шүү дээ үнэнийг хэлэхэд.

-Сонгуульд нэр дэвших хүн дэнчин төлөх гэдгийг та юу гэж харж байна?

-Манай АН, МАН-ын нөхдүүдийн авлига нь тэндээс л эхэлдэг шүү дээ. Дарга нар нь сонгуульд нэр дэвшигчдээсээ баахан мөнгө авч хувааж авдаг. Талыг нь өөрсдөө хэрэглэчихдэг. Намдаа хандив нэрийн дор маш их авлига өгдөг. Гарч ирчихээд хандив авсан хүмүүсээ эргээд төрийн мөнгөөр тэтгэн дэмжих ажил хийдэг. Тийм л байсан. Энэ сонгуулиар иргэд мөнгийг биш илүү хүнээ, намаа харах байх даа. Долоо, найман сонгуулиар хууртагдлаа. Хаширвал хашрахаар болсон. Манай залуучууд энэ удаагийн сонгуульд их идэвхитэй оролцох байх гэж би харж байгаа.

Б.Бурмаа

Эх сурвалж: zaluucom.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх