Хоёр эвслийн эсрэг хоёр том нам “зодоглох” нь

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

Хоёр эвслийн эсрэг хоёр том нам “зодоглох” нь

 

  • АН саналаа хуваахгүйн тулд Н.Алтанхуягийн шинэ намтай эвсэх магадлалтай
  • МАХН-ын удирдлагад ажиллаж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ж.Сүхбаатар тэргүүтэй улстөрчид эргээд намдаа нэгдсэн учраас тэндээс ирэх улс төрийн дайралт, санал хуваах шаанс бараг үгүй болсон гэсэн үг
  • МАХН-тай саналаа хуваадаг МАН-ын зовлон энэ удаад АН-д тохиож байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сарын 24-нөөс өмнө намууд СЕХ-нд дангаараа болон эвсэл болж оролцох эсэхээ илэрхийлж, бүртгүүлнэ. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд улс төрийн намууд сонгуульд эвсэх эсэх нь олон нийтийн сонирхлыг зүй ёсоор татаж байна. 

Эрх баригч МАН-ын хувьд өмнөх сонгуулийн амжилтаа давтах магадлал бараг байхгүй ч олонх болох горьдлого тээж байгаа. Ингэхийн тулд сонгогчдын саналаас нь хамгийн их "зулгаадаг” МАХН-тай эвсэж чадвал энэ хүсэл нь биелэх магадлал өндөр. Гэвч энэ хоёр нам эвсэхгүй байх магадлал түүнээс илүү бодитой юм. Өнгөрсөн сонгуулиар эвсэл байгуулж оролцох оролдлого хийж бүтэлгүйтсэнээс хойш хамтрах талаар огт уулзаагүй нь ч үүний илэрхийлэл. 2016 оны сонгуулийн өмнө яг өдийд МАН, МАХН-тай хамтрахаар эх орончдын өдрөө хамт тэмдэглэж, сүрийг үзүүлэн Сүх жанжны хөшөөнд цэцэг өргөсөн. Тухайн үед МАН 51, МАХН 25 мандатад нэр дэвшүүлэх, тэгш харьцаатай байгуулах хамтарсан удирдах зөвлөлийг Н.Энхбаяр толгойлох, Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудлыг сөөлжүүлэн томилох зэрэг нарийн тохиролцоонд хүрээд байв. МАН-ынхан Бага хурлаа завсарлуулан, МАХН-ынхныг дахин ятгаж байсныг улс төрийн хүрээнийхэн мартаагүй. Гэвч МАХН-ын даварсан санал тохироогоо толхилцоогоор сольчихсон юм. Түүнээс хойш МАН МАХН-ын тохироог зөвшөөрөөгүйд талархан дөрвөн жил залбирсан нь лавтай. Өнөө жил эл хоёр нам эвсэхгүй байх бас нэг шалтгаан буй. Энэ нь МАН дөрвөн жилийн өмнөх шиг МАХН-ыг "царайчлах” шаардлагагүй болсонтой холбоотой. МАХН-ын удирдлагад ажиллаж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ж.Сүхбаатар тэргүүтэй улстөрчид эргээд намдаа нэгдсэн учраас тэндээс ирэх улс төрийн дайралт, санал хуваах шаанс бараг үгүй болсон гэсэн үг. Тийм ч учраас МАН санал хуваахын шаналангүй сонгуулийн бэлтгэлдээ шамджээ. Мөн МАХН өөр намуудтай хамтарч ажиллахаар болсон нь угшил нэгтнүүд улс төрд энэ удаа "хөтлөлцөхгүйг” баталж байна. МАХН өнгөрсөн жилийн төгсгөлд гуравдагч хүчний орон зайг нөхөх зорилгоор улс төрийн 27 жижиг намтай "Эв нэгдлийн төлөө” чуулганыг хийсэн. Тэдгээр 28 нам нэгдсэн зорилгоо "2020 оны сонгуульд УИХ-д суудалтай намуудын эсрэг бусад намууд гэсэн сонголтыг бий болгох” гэж тодорхойлсон. Мөн түүндээ хүрэхийн тулд "Эв нэгдлийн төлөө” улс төрийн намуудын уриалга, тунхаг бичгийг ч гаргаад байсан юм. Энэ үйл явц үндсэндээ УИХ-д суудалгүй намууд сонгуульд хамтарч оролцох эхлэлийг тавьсан ч БНН, МҮАН, Үнэн ба зөв нам зэрэг 10 гаруй нам тохирооноосоо буцан, салж оджээ. Үлдсэн жижиг намууд МАХН-ыг "бараадаж” сонгуульд оролцох сураг дуулдаж байна. МАХН эл эвслийн тактикийг боловсруулж, "тугийг барих” нь тодорхой биз. Харин АН-ын хувьд санал хуваах хоёр ч "дайсантай” болжээ. Парламентын бүлгээс төрсөн ШИНЭ намтай зэрэгцээд АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг шинэ нам байгуулсан нь тэдэнд дарамт учруулж эхэллээ. Битүүний өмнөх өдөр Улсын дээд шүүх Ардчилал шинэчлэлийн намыг (АШН) улсын бүртгэлд бүртгүүлж, 36 дахь улс төрийн хүчнийг төрүүлсэн. Н.Алтанхуяг 2018 онд байгуулсан "Нэгдмэл монгол” хөдөлгөөнөө нам болгон өргөжүүлсэн нь АН-ыг хуваах эрсдэл дагуулж буй. Улс төрийн хүрээнийхэн энэ намыг АН-аас нэр дэвших эрхгүй болсон улстөрчдөд боломж олгох далд зорилго агуулж байгаа хэмээн таамаглаж буй юм. Өөрөөр хэлбэл, ЕТГ-ын дарга З.Энхболд, зөвлөх Г.Уянга зэрэг улстөрчдөд мандат олдохгүй бол АШН боломж олгоно гэж харж байгаа хэрэг. Цаашилбал УИХ-д суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх олох төлөвлөгөөтэй хэмээн тодорхойлж байна. Тэр төлөвлөгөөний гол эзэн мэдээж Н.Алтанхуягаас зөвлөгөө авч, нэг тал болон зогсож буй өнөөгийн ерөнхийлөгч. АН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг түүнд олгохгүй бол нөөц төлөвлөгөө заавал хэрэгтэй. Хэрэв АШН дангаараа сонгуульд оролцвол АН-ын хагарал гүнзгийрэх, сонгуулиас өмнө хүчийг нь сулруулах талтай. Тиймээс АН шинэ гэж гололгүй, жижиг гэж басалгүй Ардчилал шинэчлэлийн намтай эвсэх боломжийг эрэлхийлж магадгүй нь ээ. Хэрэв АШН-тай эвсэхгүй гэвэл олон тойрогт санал хуваагдаж, сонгуульд ялах боломж тэр хэрээр багасна. Харин Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын хувьд АН-ын өнөөгийн удирдлагатай нэгэнт "тангараг тасарсан” учраас эвсэх яриа гаргахгүй. Тэгээд ч ШИНЭ нам, БНН, МҮАН, Үнэн ба зөв нам зэрэг есөн намтай эвсэл байгуулахаар "тохируулгаа” тааруулж буй. Улмаар УИХ-ын сонгуулиар АН-ын саналыг хуваах, цаашлаад парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авах зорилго тавьж буй. Мөн ард түмний сонголт тэнцэх магадлал өндөр энэ нөхцөлд аль нэг намтай хамтарч засаг байгуулахыг эрмэлзэхийг ч үгүйсгэхгүй. 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр эвслийн эсрэг хоёр том нам "зодоглохоороо” онцлог болох нь. Мөн МАХН-тай саналаа хуваадаг МАН-ын зовлон энэ удаад АН-д тохиож байна. Гэвч "улс төрд мөнхийн эрх ашиг, үүрдийн дайсан үгүй” гэх үг үе үе биеллээ олдогийг сануулахад илүүдэхгүй. 

Засгийн газрын мэдээ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх