С.Ламбаа: Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор монголчууд маск зүүж, гараа угааж сурч байна

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-Эмзэг бүлгийнхэн, ахмад настнуудын дархлааг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнээр хангах ажлыг хийх хэрэгтэй-

УИX-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөл хориог дахин нэг сараар сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд болж буй үйл явдлыг хараад дүгнээд сууж байгаа байх?

-2009-2010 онд дэлхийг донсолгосон H1N1 вирусийн халдвараас ард түмнээ урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх ажилд салбарын хамт олонтойгоо өдөр шөнөгүй зүтгэж “зовлон үзсэн” хүний хувьд коронавирусийн тухай анх яригдаж байх үеэс санаа зовж фэйсбүүк, твиттер хуудсандаа анхааруулж байсан.

Хятадын Ухань хотод энэ вирус дэгдсэний дараа халдвараас сэргийлэх ажилд Эрүүл мэндийн яамны хамт олон маань ханцуй шамлан орсон. Маш сайн ажиллаж байна. Эхэн үедээ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил эрүүл мэндийн салбарынханд хамаатай мэт хандлага ажиглагдаж байсан учраас би Улсын онцгой комисс яагаад таг чиг байна аа гэж твиттер хуудсандаа бичсэн.

Маш олон хүн дэмжсэн. Маргааш нь Улсын онцгой комисс хуралдаж Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож сургууль, цэцэрлэгүүдийг хааж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Вирусийн халдвар нэг ороод ирвэл хэцүү шүү дээ. Тийм учраас хөл хорио тогтоох нь маш зөв алхам. Сунгаж байгаа нь ч зөв гэж бодож байна.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч сувилагчид маш их ачаалалтай байх шиг байна аа?

-Манай халдвартын эмч, сувилагчид чинь мэргэжилдээ үнэнч, байнгын хүнд нөхцөлтэй тулсаар байгаад сурчихсан, гаршчихсан үнэхээр бахархмаар хамт олон юм шүү дээ. H1N1 вирусийн халдварын үед бэлэн байдлын 50 орыг нээж, яаралтай тусламжийн тасгуудыг тоног төхөөрөмжөөр нэлээд сайн хангасан. Түүний хүчээр хэдэн жил болж байна.

Одоо хуучирч, элэгдсэн байх. Одоо Засгийн газрын нөөц хөрөнгөөр нэг сайн хангах хэрэгтэй.

Ялангуяа амьсгалын замын аппаратаар ХӨСҮТ төдийгүй төрөлжсөн төв эмнэлгүүд болон аймаг, дүүргийн эмнэлгүүдийг хангах хэрэгтэй. Нөгөө талаар халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эмч сувилагчдыг тусгай зориулалтын хувцсаар маш сайн хангах хэрэгтэй.

Нэг зүйлийг хэлэхэд бид H1N1 вирусийн халдварын үед “Биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори”-той болох зорилт тавьж зураг төслийг хийж 2012 онд ХӨСҮТ-ийн хашаанд барилгын ажлыг эхлүүлснээс хойш олон жил болж байна.

Байнга л шинэ вирусийн дэгдэлт гарч байгаа өнөө үед энэ лабораторийг яаралтай ашиглалтад оруулах нь Монгол төрийн амин чухал зорилт болж байна. Бид чинь малдаа зориулаад ийм түвшний лабораторийг байгуулчихсан мөртлөө хүндээ зориулсан нь одоо болтол байхгүй байна гэхээр харамсмаар байгаа биз.

-Урд хөршийн нэгэн академич ард иргэддээ хандан “Монголоос суралц” гэж жишээ татжээ. Тэрбээр монголчуудын дархлаа сайн байгаа нь цэвэр чанартай хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой гэжээ. Монголчуудын дархлаа ерөнхийдөө сайн байдаг гэж үзэж болох уу?

-Монголчуудын давуу тал энэ шүү дээ. Бас цаг агаарын нөхцөл ч нөлөөлж байна. Сая цас ороход хүртэл баярлаж л суулаа шүү дээ. Вирусийн халдвараас хамгаалах нь хүний биеийн дархлаатай шууд холбоотой. Дархлаа сул байх нь халдвар авах үндэс болдог. Тиймээс л өндөр настай хүмүүс энэ халдварт өртөх магадлал өндөр байна гэж зарлаад, сэрэмжлүүлээд байна.

Нөгөө талаар чанартай хоол хүнс хэрэглэх нь иргэдийн амьдралын боломж нөхцөлтэй маш их холбоотой. Тиймээс эмзэг бүлгийн болоод ахмад настнуудын дархлааг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнээр хангах ажлыг хийх хэрэгтэй гэж бодож байна.

-Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд дэмжиж хэрэгжүүлнэ гэдэг нэг ёсондоо төрөө түшилцэж буйн нэг хэлбэр гэж үзэх нь бий. Энэ үед монголчууд төрийнхөө шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг дуулгавартай хүлээж авч байгаа нь харагдаж байна?

-Коронавирустэй холбоотойгоор төрийн зүгээс шат дараатай арга хэмжээ авч байна. Төрийн тэргүүн зарлиг гаргаж бүх шатны төрийн байгууллагуудад маш ойлгомжтой чиглэл, даалгавар өглөө. Яагаад гэвэл төрийн байгууллагууд бүх шатандаа хариуцлагатай байж гэмээнэ улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийднэ. Үүний дагуу аймаг нийслэл, дүүргүүд идэвхтэй ажиллаж байх шиг байна.

Гэхдээ халдвараас сэргийлэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш. Тийм ч учраас төрийн тэргүүн ард иргэддээ хандаж уриалга гаргалаа. Эрүүл мэндийн сайдын уриалга ч гарлаа. Энэ бүхнийг төрийн шийдвэр гэж үзэж иргэд хэрэгжүүлэх үүрэгтэй. Төр түшилцэх гэхээсээ илүү иргэн бүрийн хүлээх үүрэг нь гэж ойлгох хэрэгтэй.

Би хувьдаа төрийн байгууллагуудын хувьд ч иргэдийн хувьд ч энэ шийдвэрүүдийг ухамсартайгаар хэрэгжүүлж, биелүүлж байна гэж харж байна. “Монголын хууль гурав хоног” гэдэгчлэн энэ асуудалд анхаарлаа сулруулж огт болохгүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.

-Бүх нийтийн эрүүл мэндийг сүүлийн үед их ярих болсон. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор бүх нийтийн ариун цэвэр, хувь хүний ариун цэврийн асуудал хөндөгдөж байна. Уг нь монголчууд их цэвэрч ард түмэн байсан шүү дээ?

-Үнэндээ Эрүүл мэндийн салбарын нэг том алдаа гэвэл нийтийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж хүнийг эмчлэхэд хэт анхаарсан тал бий. 2010 онд Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж батлахдаа нийгмийн (нийтийн) эрүүл мэндийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж хуульчилсан.

Иргэдийн анхаарлыг хандуулахын тулд АНУ-ын буцалтгүй тусламжаас Эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан 39.2 сая ам.долларын хөрөнгөөр “Халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлсэн. Ямартаа л Монголд бидний хэлж заншсанаар бохирын өвчин гэж нэрлэгддэг “шар өвчин буюу А вируст гепатитын өвчлөл газар авч байх вэ дээ.

-Одоо харин багасчихсан юм биш үү?

-2007-2011 онд улсын хэмжээнд А вируст гепатитын өвчлөл 10 мянган хүн амд 22.1-49 бүртгэгдэж, зарим аймаг, суманд дэгдэлт хэлбэрээр гарч, өвчлөгсдийн 80-86.1 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж, сургууль цэцэрлэгүүд хүртэл хаагдаж байсныг санаж байгаа байх.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2011 оны 357 тоот тушаалаар “Заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “А вируст гепатитын эсрэг вакциныг хэрэглэх заавар”-ыг баталж улмаар Английн “Гласко Смит Клайн” компанийн дэлхийд алдартай А гепатитын HAVR-IX 720 вакциныг худалдан авч, Улаанбаатар хот, 12 аймгийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар шийдвэрлэж энэ ажлыг ХӨСҮТ-ийн хамт олон амжилттай хэрэгжүүлсэн юм.

Вакцинжуулалтын үр дүн богино хугацааны дотор гарсан учраас А вируст гепатитын эсрэг вакциныг үндэсний товлолд оруулж, 2012 оноос нэг ба хоёр настай хүүхдийг дархлаажуулалтад тогтмол хамруулсан.

Үүний үр дүнд бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт вируст гепатитын өвчлөлийн дотор 90 хүртэлх хувийг эзэлж байсан А вируст гепатитын өвчлөл сүүлийн таван жилийн дунджаар 10,000 хүн ам тутамд 25.0 тохиолдол бүртгэгдэж, 2016 онд гэхэд 0.1 болж буурсан.

Элэгний хавдар өндөртэй орны хувьд А вируст гепатитын өвчлөлийг зогсооно гэдэг том амжилт юм шүү.

-Хятад улсын хувьд Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэснээр коронавирусийн дэгдэлтийг түргэтгэчихсэн нь алдаа болсон. Харин манай улсын хувьд Цагаан cap бүтэн сараар зөрж байгаа нь бидэнд хөршөөсөө сургамж авах нөхцөлийг бүрдүүллээ?

-Харин тийм ээ. Монголчуудын буян заяа нь түшсэн юм байлгүй дээ. “Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна” гэдэг биз дээ. Нэг удаа Цагаан сараа өнжөөд дараа нь хорио цээр тавигдахаар айж эмээх юмгүй уулзаж учирч болно шүү дээ. Бид чинь уулзаж учраагүй хүнтэйгээ хавар зун уулзаад гар зөрүүлж золгодог л биз дээ.

-Таны анзаарч байгаагаар вирусийн дэгдэлт хэдийгээр намжих бол гэж харж байна вэ. Эдгэсэн хүний тоо нь нас барсан хүний тооноос давчихсан гэдэг нь найдвар бий гэсэн үг биз?

-Тэнгэр хангай дулаарч, хаврын урь орох дөхөж байна. Энэ нь манайд эрсдэл үүсгэж болзошгүй. Эм, вакцин нь бэлэн болоогүй байна. Шинэ эм, вакцин үйлдвэрлэх гээд эмийн том компаниуд ажиллаж л байна. Гэхдээ энэ эм вакциныг эмчилгээнд оруулахын тулд тодорхой хугацаанд туршина, ДЭМБ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд үйлдвэрлэнэ, хуваарилна гээд олон шат дамжлага дамжина.

Зориулалтын эм, вакцин байхгүй ч халдвар авсан хүнийг зүгээр хараад үхүүлээд байж болохгүй шүү дээ. Эдгэрсэн хүний тоог зарлаад байхыг бодоход эмч нар янз бүрийн эм тариа туршиж үр дүнд хүрч байгаа юм болов уу гэж бодож, бас найдлага төрж байна.

-Таны хувьд цахим золголтыг хэр хүлээж авсан бэ. Цагаан сараар цахим золголт хийх үү?

-Зөв л гэж үзэж байна. Утсаар ярьчихсан ч болно шүү дээ. Би Цагаан cap хийхгүй гэдгээ аль эрт ах дүү нартаа хэлчихсэн болохоор санаа зовох юмгүй сууж байна.

-Хүн өдөр тутамдаа ямар зүйлсийг мөрдлөг болговол эрүүл байх вэ. Ариун цэвэрч байна гэдэг нь гараа зөв угаахаас эхэлнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай эмч нар коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор монголчууд маск хэрэглэж, гараа угааж сурч байна гэж ярьж байна лээ. Үнэхээр сурч байна. Ер нь томуу, томуу төст өвчин дэгдсэн, утаа униартай үед маск тогтмол зүүсэн хүн ханиад хүрдэггүй шүү дээ.

Нөгөө талаас өвчтэй хүн бусдад халдвар тараахгүйн тулд заавал маск зүүх хэрэгтэй. Энэ бол бусдыг хүндэтгэж байгаа хэрэг.

-Нус, шүлсээ ил задгай, гудамж талбайд хаяж байгаа хүмүүсийг хараад байхад ихэнх нь тамхи татдаг хүмүүс байдаг. Тэднийг торголоо гээд тэр байдлыг нь болиулж чадахгүй. Үүнийг хэрхэн шийдэх ёстой юм бол оо?

-Би хувьдаа бидний орчин тойрон ямар ч хог шороогүй, цэвэр цэмцгэр байхад л энэ асуудал аяндаа шийдэгдэнэ гэж боддог.

Гял цал болсон цэвэр цэмцгэр гудамжаар алхаж яваа хүн нусаа нийж, шүлсээ хаях боломж байхгүй шүү дээ. Нөгөө талаас гудамжинд явж байхдаа аль болохоор тамхи татахгүй байхыг тамхи татдаг хүмүүс хичээх хэрэгтэй. Зарим оронд гудамжинд тамхи татахыг хориглочихсон байдаг шүү дээ. Энэ бол бас л асуудлыг шийдэх гарц.

 

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх