ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад явж эмчлүүлэх нь гадаадад данстай байгаатай адил хэрэг” гэж мэдэгдсэн байна.
Үүгээрээ тэрбээр Дум дахь коммунист намынхны санаачилсан хуулийн төслийг дэмжсэн хэрэг. Коммунист намын зүгээс 2004 оны тавдугаар сарын 25-нд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барихдаа “Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадад эмчлүүлэх шаардлага гарвал төрийн албанаасаа татгалзана” гэсэн заалт оруулжээ.
Үүнийг Төрийн Дум нь эсэргүүцсэн ч Ерөнхийлөгч В.Путин дэмжиж “Хүнийг гадаадад эмчлүүлэхийг хорих нь ёс зүйгүй, хүний эрхэд халдсан байж болох ч ийм цаг үед Орос орондоо итгэх хэрэгтэй” гэжээ. Путин зүгээр ч нэг мэдэгдэл хийгээд зогсоогүй, Ерөнхий сайдын орлогч, мөн Сангийн сайд нараа дуудаж “Манай төрийн албан хаагчдын данс хаана байна, дансан дахь хөрөнгийг нь гадаадад эмчлүүлсэн зардалтай нь харьцуулж болох уу” гэсэн хүсэлт ч юм уу, шахалт ч юм уу зүйлийг тэдэнд тулгасан байдаг.
Орост яагаад энэ асуудал хурцаар тавигдах болов. Учир нь ОХУ-аас гадаадад очиж эмчлүүлдэг төрийн албан хаагчдын зардал тэрбум, тэрбум ам.доллараар яригдах болжээ.
Нэгэн сайд эмэгтэйн гэр бүлээрээ гадаадад эмчлүүлсэн зардал 500 сая ам.долларт хүрч шуугиан тарьсан байна. Гэвч тэр эмэгтэй сайд нь Оростоо зуун хувь оношоо тогтоолгож, бүрэн эдгэрэх хэмжээнд эмчлэгдэх боломжтойг Оросын эмч нар баталсан байна. Эмэгтэй АНУ-д эмчлүүлэх болтол виз олгоогүйгээс маргаан үүсгэж энэ бүх асуудал сэдэрч, дуулиан дэгдээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд онцгой анхаарч, цогцоор нь, ул суурьтай хандаж байгааг улс төр шинжээчид бичиж байгаа юм.
Тэрбээр эхлээд Сангийн сайдаасаа эхлээд хөрөнгө санхүүтэй холбоотой бүх албан тушаалтнуудтай уулзаж, судалгаа тооцоотой нь танилцсаны дараа Эрүүл мэндийн салбарынхаа бүх сайд дарга нар, бодлого боловсруулагчид, нарийн мэргэжлийн хүмүүс, эмч докторууд… бүгдтэй нь уулзжээ. Тэгсний дараа “Оросууд эрүүл мэндийн салбарт бүгдийг чадах юм байна, ганцхан төрөөс бүрэн дэмжих хэрэгтэй.
Үүний эхний алхам нь гадагшаа эмчилгээнд урсч буй их хэмжээний мөнгийг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулъя. Орос орондоо итгэ” хэмээн мэдэгджээ. Тус улсын төрийн өндөр албаны хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхний гадаадад эмчлүүлэхэд гаргасан зардлаар Орост орчин үеийн техник, технологи бүхий хичнээн лаборатори, оношлогооний төв, эмнэлэг барьж байгуулж, хэдэн мянган эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж болох төсөв тооцоог гаргасныг Оросын сайтуудаас та одоо ч олж уншиж болно.