Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх хаврын тэмцээнийг хаалттай хаалганы цаана зохион байгуулахаар болсноо Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөл өчигдөр зарлажээ.
Өөрөөр хэлбэл сүмо бөхчүүд анх удаа фэнүүдгүйгээр хоосон танхимд барилдах болж байна. Сүмогийн Холбоо тэмцээнийг цуцлах, эсвэл хаалттай явуулах хоёр хувилбарыг хэлэлцсэн ажээ. Сүмогийн түүхэнд жилд зургаан удаа болдог гол тэмцээн хаалттай явагдаж байсан тохиолдол байдаггүй.
Харин хоёр удаа цуцлагдаж байсан түүхтэй. 2011 оны гуравдугаар сард бөхчүүд хоорондоо “найраа хийдэг” гэсэн дуулиан дэгдэх үед нэг удаа тэмцээн цуцлагдаж байжээ. Нөгөө нэг тохиолдол нь 1946 оны зун дэлхийн хоёрдугаар дайнд сүйрсэн Рёгоку Кокугикан ордныг сэргээн босгох шалтгаанаар цуцлагдаж байсан гэдэг.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Kyodo News