Гишүүд ээ, 60 тэрбумаар тоологдох хадгаламжныхаа хүүнээс хоёр сар татгалзчих

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүдийн хадгаламж байгаа нийт мөнгө хэдэн тэрбум төгрөг байгааг нэг бүрчлэн нэмвэл чамгүй тоо гарна. 2017 онд 76 гишүүний хадгаламж нийтдээ 66.3 тэрбумд хүрч байсан. 2018 онд үүнээс нэг их буураагүй нь ойлгомжтой. Хадгаламжийнхаа хэмжээгээр тэргүүлсэн 7 гишүүний мөнгө гэхэд л 50.2 тэрбум төгрөг байгаа юм. 2017 онд 19.6 тэрбумын хадгаламжаар тэргүүлж байсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2018 онд 22 тэрбумын хадгаламжтай болж, нэмэгдсэн. Удаах байрт Б.Наранхүү гэсэн 12.5 тэрбумын хадгаламжаараа жагссан. Цаашлаад Ц.Мөнх-Оргил 5.6, Ж.Энхбаяр 4.9, Б.Дэлгэрсайхан 1.5, Сү.Батболд 1.5, Н.Учрал 1.3 тэрбумын хадгаламжаараа жагсч байна. 2019 онд гишүүдийн хадгаламжинд байгаа мөнгө нэмэгдэж, хасагдсан эсэхийг удахгүй гарах ХОМ-гээс харж болно. Ямар ч байсан өмнөх оны дүн ийм байгаа. 

Дахиад нэг зүйл сануулахад, гишүүдийг заавал хадгаламжныхаа хүүнээс татгалз гэж шаардаж байгаа юм биш шүү.  Нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, хоёр сар татгалзчихвал яасан юм бэ л гэж уриалж байгаа хэрэг. Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг түгшээж байна. Манай улс энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд төр засгаас шийдвэртэй алхмуудыг хийлээ. Олон нийт цуглах боломжтой бүхнийг л хориглож, хаалаа. Зарим хүмүүс өвчин орж ирээгүй байхад сүржигнэлээ. Хаах ёсгүй байсан, эдийн засгаа хорлолоо гэж чарлаж байна. Үнэндээ манай улсад тодорхой хэмжээний эрсдэл үүрээд энэ өвчнөөс сэргийлэх нь өвчилсний дараа гарах үр дүнгээс хамаагүй хохиролтой.  

Сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, кино театрууд, үйлчилгээний бүхий л газруудыг 1-2 сараар хаахад эдийн засаг яаж агших билээ. Нүүрс экспортлохоо ганцхан сар хориглоход л улсын эдийн засагт ямар хэмжээний дарамт ирж, хэчнээн тэрбум төгрөг алдаж байгааг эрхэм гишүүд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Улсын эдийн засгаас гадна, хүмүүсийн аж амьдрал ч хэцүүдэх маягтай боллоо. Хол хорио тогтоочихоор худалдан авалт ч эрс багасна. Ингээд л иргэд нь ажиллаж чадахгүй, үйлдвэрлэл эрхлэгчид, наймаачид нь орлогогүй 1-2 сар болоход хүрчихлээ. Тэр дундаа хувийн цэцэрлэг, сургуулийн багш нар цалингүй л гэртээ суугаа. Зөвхөн цэцэрлэг, сургууль ч биш бусад бүх байгууллагынхан ялгаагүй. 

Тэр хүмүүсийн дунд зээлтэй нь хэд байгааг таашгүй нь. Монголчуудын ихэнх нь л ямар нэг шалтгаанаар зээл авдаг хойно цөөнгүй нь л зээлдэг биз.  Тэгвэл иргэдээ бодсон шийдвэрийг банкууд гаргаж, ямар нэг шийдэл хайх хэрэгтэй байх. Төв банк ч гэсэн зүгээр хаячихаагүй, нөхцөл байдлыг харж, бодлого боловсруулж байгаа нь мэдээж. Нэткапитал санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Д.Сүндий Үндсэн зээлээ хойшлуулж, зөвхөн хүүгийн төлбөрөө авахаар төлөвлөж байна хэмээн ярьсан. Энэ мэт арга хэмжээг банкууд ч авах боломж байдаг л байх. Гуравдугаар сар энэ чигээрээ хаалттай үргэлжлэх нь ч тодорхой боллоо. Цаашлаад дөрөвдүгээр сард ч юу болохыг хэн мэдлээ. Хятад өвчлөлийн голомт болсон Хубэй мужид зээлийн хүүг авахгүй байх шийдвэрийг гаргачихлаа. Манайх Хубэй мужтай зүйрлэшгүй. Гэхдээ л иргэд хэцүүдэх гээд байна. Банкуудыг шууд зээлийн хүүгээ 1-2 сараар авахгүй бай гэх боломж байхгүй.  

Харин эрхэм гишүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, 60 тэрбумын төгрөгийн хадгаламжийнхаа хүүг 2 сар авахгүй байхад үнэхээр хүндрэлтэй байдалд орсон цөөнгүй иргэний нэг сарын хүүг тэглэх боломжтой. ЖДҮХС-гийн мөнгийг аваад идчихсэн гишүүд бүр оройлж оролцох ёстой юм. Цаашлаад төрийн бүх байгууллагын, бүр иргэд ч бусдынхаа төлөө 1-2 сарын хадгаламжныхаа хүүг авахгүй байхад бид бусаддаа тусалж чадна. Түүнээс биш төр шийд, банкууд шийдвэртэй алхам хий гээд бүтэхгүй. Үйлдвэрлэл эрхлэгчид, хувь хүмүүс хэчнээн уйлаад, төрд хандаад ч боломж бага. Харин иргэд иргэдийнхээ төлөө хадгалж байгаа их, бага мөнгөнийхөө хүүнээс татгалзаж чадвал асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломж байна.  

Н.Пунцагболд

Эх сурвалж: zaluucom.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх