Ёс зүйг хэмжүүр гэвэл энэ парламентаас дахин дэвших хүн олдохгүй нь

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ёс зүйг хэмжүүр гэвэл энэ парламентаас дахин дэвших хүн олдохгүй нь

 

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд энэ марофонд дээгүүр байр эзлэхээр гараа, бариагаа тооцоод, толгой өндийх завгүй байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх чихэнд чимэгтэй мэдээ хэлсэн нь ээлжит сонгуульд ёс зүйтэй, нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэх үг. Монголын улс төрийн ууган намын дарга хэлсэн, ярьсандаа байвал ирэх сонгуульд МАН сонгогчдоос ахиу оноо авах нь дамжиггүй. 
Тэрбээр "2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс нам мөнгө авахгүй. Энэ сонгуулиар нэр дэвших хүсэлтэй намын гишүүнийг 100, 200 сая төгрөг өг гэхгүй. Нэр дэвших хүмүүс зөвхөн хуулийн дагуу хандиваа цуглуулна. Нам ч ингэж ажиллана. Хэн нэгнээс хандив авч, дараа нь албан тушаал өгнө гэсэн яриаг Ардын нам гаргахгүй. 

Үүнийг эцэслэх болно. Энэ бол улс орны хувь заяатай шууд холбоотой асуудал. Манай нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Нэгдүгээрт, ёс суртахуун харна. Манай гишүүд ч үүнтэй санал нэгдэнэ гэж бодож байна. Парламент, Засгийн газарт ажиллах хүн ёс суртахуунтай байх ёстой. Хоёрт, мэдлэг боловсрол, гуравдугаарт, ажлын дадлага, туршлага харна” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн парламентад сууж буй МАН-ын 63 гишүүний 50 гаруй нь ЖДҮХС, концесс, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон. Зөвхөн ЖДҮХС-аас 134 аж ахуйн нэгжид зээл олгосны 122 нь төрийн өндөр албан тушаалтан болон Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд байсан гэх мэдээлэл бий. Үүнээс харахад Г.Занданшатарын "ангийнх” нь 63 хүнээс хэд нь намын даргаасаа нэр дэвших "виз”-ээ авах бол гэх асуулт гарч ирж байна. 

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 49 ГИШҮҮН ЮУ БОЛСОН БЭ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж 49 гишүүн зээл авсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Н.Цэрэнбат, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг, Б.Саранчимэг, Б.Жавхлан, Ш.Раднаасэд, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Ц.Цогзолмаа, С.Бямбацогт, О.Амарзаяа, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, О.Батнасан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин гээд урт дараалал хөвөрнө. 
Эдгээрээс Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос бичиг ирүүлсэн ч УИХ авч үлдсэн юм. Д.Дамба-Очир гишүүн гэхэд ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд "Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгуулсан байдаг. Гэхдээ зээл авах үедээ барьцаанд нь ямар нэгэн хөрөнгө тавиагүй. Тиймээс барьцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэсэн бичиг хийж өгсөн байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан хүүгийнхээ "Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн санхүүжилт хүсэж, шийдвэрлүүлсэн. Мөн зээл эхнэрийнх нь хувийн данс руу орж банканд хүүлэгдсэн явдал ч гарсан гэх. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан "Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан байна.Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. 
Тэд бүгдээрээ уг зээлийн шийдвэрийг гаргахад гол нөлөө үзүүлсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой хам хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа ч УИХ-ын гишүүний гэх халдашгүй бүрэн эрхэд нуугдаж, хэрэг нь замхарсан шинжтэй байна. 
Дээрх дөрвөн гишүүний хэрэг ийн дарагдсаны дараа Улсын ерөнхий прокуророос мөн уг зээлд нэр холбогдсон 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг оруулж ирнэ гэж байсан ч мөн л тэгсхийгээд намжсан. 

ХЭДС-Г Ч "ЦӨЛМӨВ”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагуудыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүн, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, НИТХ, дүүрэг, аймгийн Засаг дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниудад зээл өгсөн гэх хэргээр АТГ шалгаж буй. 
Уг сангаас нэр бүхий аж ахуйн нэгжүүд зээл авахад нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, А.Ундраа зэрэг 10 гаруй гишүүн тусалсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт АТГ-аас хэрэг үүсгэсэн ч мөн л төрийн түшээгийн эрх ямбаар халхавчилж, харзнасан байдалтай байгаа.

КАЗИНОГООР "ШАГАЙЖ” ТУРШЛАГА СУДАЛСАН ГИШҮҮДЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮҮ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарсантай холбогдуулан Австралид казино орж сонирхсон гэх тайлбар өгч буй. Засгийн газраас төрийн албан хаагчид мөрийтэй тогловол хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж байгаа. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж, албажуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын ахмад, туршлагатай гишүүдийн нэг Д.Лүндээжанцан нар казиногоор "шагайсан” нь ёс зүйгүй үйлдэлд орох уу, Ерөнхий сайд аа. Үүнээс гадна Д.Тогтохсүрэн даргыг авлига авсан хэмээн АТГ шалгаж буй гэх мэдээлэл гарсан. Хэдийгээр тэрбээр үүнийг үгүйсгэсэн ч нотлох баримтаа үзүүлээгүй байгаа билээ. 
МАН-ын дарга ирэх сонгуулиар хэлсэндээ хүрч, ёс зүйтэй, төрд олон жил ажилласан, боловсрол мэдлэгтэй хүмүүсээ УИХ-д "сойвол” намынхаа нэр хүндийг сэргээх, цаашлаад парламентад дахин олонх болох магадлалтай. Удахгүй ууган намын 100 жилийн ой тохионо. Энэ үед намаа ялагдуулчихаад суухгүйн тулд "Михайлд нэг бодол бий” гэдгийн адилаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  бодсон, санасан, хэрэгжүүлэх шийдэл байгаа нь дамжиггүй.

АН-ААС Ч ЁС ЗҮЙТЭЙ ГИШҮҮН ОЛДСОНГҮЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Ёс зүйтэй хүнийг УИХ-д дэвшүүлэх ёстой” гэсэн үзэл баримтлалыг бүх нам баримталбал өдгөөгийн парламент дахь АН-аас ч ирэх сонгуульд нэр дэвшүүлэх хүн олдохгүй нь. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дөнгөн данган бүлэг байгуулах тооны гишүүн АН-ыг УИХ-д төлөөлөхөд сонгогчид нь "Хүчтэй сөрөг хүчин байгаасай” гэж хүссэн ч тэд өнөөдрийг хүртэл лав чадсангүй. Дотоод хэл ам, хэрүүл маргаан төдийхнөөсөө салж чадахгүй байсаар тус намын дарга С.Эрдэнэ "...АН-ын гишүүн Ж.Батзанданг Үндэсний дүрмийн гуравдугаар бүлгийг 3.9.1.15-18-т   зааснаар  намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хасах, Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас нэр дэвшихийг дөрвөн жил хязгаарлах шийдвэр гарсан” хэмээсэн нь хоёр гишүүнээ бүр мөсөн алдахад хүргэсэн. Тодруулбал, Ж.Батзандан, Л.Болд нар нэгдэн өдгөө ШИНЭН байгуулаад буй. Д.Мурат гишүүний хувьд хүчингийн хэрэгт холбогдсон дуулиан шуугиан нь цагаадсан хэмээж буй ч АН-ын хувьд ойрын хэдэн жилдээ арилахгүй хар толбо  болох нь тодорхой. Үүнээс гадна тус намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь ЖДҮХС-гаас  төрсөн дүү Б.Одончимэгийнхээ "Сингапурхэльткейр сентр ХХК”-д 800 сая төгрөгийн зээл авч "өгсөн” байж болзошгүй асуудал гарч байлаа. Түүнээс гадна Б.Наранхүү гишүүн чуулганд суудаггүй, УИХ дахь үндсэн ажлаа хийдэггүйгээрээ алдартай. Түүнчлэн АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын өнгөрсөн сарын 20-нд Сидней хотод казинод тоглож буй видео бичлэг цацагдсан. Д.Эрдэнэбат уг асуудлыг үгүйсгэдэг ч тоглосныг нь зарим эх сурвалж онцолж буй. Мөн Б.Пүрэвдорж гишүүний хувьд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарыг дээрэлхэж, микрофоныг нь булаахаас гадна гишүүдийг үг хэлүүлэхгүй аягаараа ширээ нүддэг зэрэг ёс зүйн "асуудал” нь түүнийг ёс зүйтэй гишүүний тоонд яав ч оруулахгүй нь тодорхой. 
Энэ тохиолдолд АН-ын дарга С.Эрдэнийн хувьд ирэх сонгуульд нэр дэвших асуудал бүр ч ярилтгүй болно. Учир нь, түүнийг АТГ-аас Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, "Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, "Капитал” банкийг дампуурахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэт цөөнгүй асуудлаар шалгаж буй.  

Эцэст нь, ёс зүйг эрхэмлэвэл энэ парламентаас ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн бараг олдохгүй нь ээ. 

Үндэсний шуудан



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх