Төрийн ажлыг ресторанд ярьдаггүй юм, Ж.Батзандан гишүүн ээ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нэгэн цагт Сүхбаатарын талбайд жагсаал хийж, хоолойны чадлаар хашгирч явсан Ж.Батзандан гэдэг тэмцэгч гэнэтхэн л АН-ыг бараадсан. Цагдаа нарт дээрэлхүүлээд, эрх баригчдад бөөрөлхүүлээд ирэхээрээ АН-ын бөөрөнд ирж наалдсан. Гэвч энэ намд идээшиж чадаагүй нөхөр л дөө гэж нэг улстөрч түүнийг дүгнэсэн удаатай. Оноод хэлчихсэн ч байж магадгүй. Тэр үнэхээр идээшиж чадалгүй, нам байгуулаад гарав. 

АН-ын нэрээр хоёр ч удаа гишүүн болсон. Даргын сунгаанд оролцохдоо ялсан хүнийг нь дэмжиж ажиллана гэж тангаргын бичиг үйлдэж. С.Эрдэнийг ялахад хамгийн түрүүнд баяр хүргэж байсан хүн нь ч тэр. Гэтэл одоо тангарагаа ч мартаж, намаасаа гарч, өрх тусгаарлав. За энэ ч яахав, Ноён урваач, нохой шарваач гэдэг хойно. Тэр зөвхөн хэлсэн ярьснаасаа ухраад зогсохгүй байнга худлаа хэлж, хор найруулж явдаг хүн гэдэг нь сүүлийн үед задарсан хоёр бичлэгээс л харагдлаа. 

Өчигдөр эрхэм гишүүний нэг хүнтэй утсаар ярьж байгаа бичлэг цахим ертөнцийн чимэг байлаа. Рестораны VIP өрөөнд орчихсон. Газрын тосны газрын дарга ирнэ ээ. 4, 5 хятад хүн байна. Манайхан орно оо. 8, 9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа. За зочид хүрээд ирсэн шүү. Та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан аюулгүй та нар уулзалтаа хийгээд, 2:30-аас Газрын тосны газрын даргатай уулзахад юу ярих уу, дараа нь Д.Сумъяабазартай уулзахад юу ярих талаар саналаа хэлээрэй хө гэж ярьсан.  

Тэгвэл энэ бичлэгээ өчигдөр тайлбарлаж, мэдэгдэл хийсэн. УИХ-ын гишүүд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг юм. Цаашид ч уулзах болно. Энэ нь хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм. Бизнесийн төлөөллүүдийн төслийг холбогдох сайд, дарга нар танилцуулах үүрэгтэй. Харамсалтай миний цаг зав гараагүй учраас холбогдох дарга нартай нь одоо болтол уулзаж чадаагүй явна. Энэ бичлэгт гараад байгаа Д.Сумъяабазар сайдтай нэг ч бизнесийн асуудлаар миний бие уулзаагүй. Энэ бичлэгт гараад байгаа Хятадын компани гэж яриад байгаа юм. Холбогдох сайд дарга нарт нь хүргүүлэх тухай л ярьж байна. Энэ УИХ-ын гишүүний хийх ёстой ажил юм аа. 

С.Эрдэнээ Хятадад очоод, хятадуудтай уулзахаар тэр нь ноцгүй байдаг. Ж.Батзандан болохоор төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулзах эрхтэй байх аа. Гэхдээ Газрын тосны газрын дарга, Уул уухай, хүнд үйлдвэрийн сайдад танилцуулах ажлыг рестораны тусгай өрөөнд ярьдаг юм уу. Монгол Улсад хэрэгтэй төсөл, хөтөлбөр юм бол яагаад тэр Газрын тосны газарт нь очоод, албан ёсоор ярьж, танилцуулж болдоггүй юм. Бүхэл бүтэн газрын даргыг рестораны тусгай өрөөнд дуудаж яах гэж байгаа юм. Хоол идэж, архи уунгаа авлига, хээл хахууль өгөх гээгүй л юм бол. Энхбат, Амарсайхан аюулгүй та нар уулзалтаа хийгээд гэдэг өгүүлбэр өөрөө маш ихийг хэлж байгаа юм. Зүгээр л бизнсеийн уулзалт юм бол юуны аюул байгаа юм. Нуух юмтай болоод алдчих вий, аюулгүй байдлаа хангаарай гэсэн үг биш үү. Ингэж хардахаар л байна. 

УИХ-ын гишүүн хятад хүмүүстэй рестораны тусгай өрөөнд уулзаад, нэг газрын даргыг дуудуулаад, аюулгүй уулзаарай гэж ярьж байгаа нь хийх ёстой ажил нь биш ээ. Төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзах гэж байгаа төрийн ордондоо, яам, тамгын газартаа, эсвэл тэр хариуцсан газрын албан өрөөнд уулз. Рестораны хоолны ширээн ард төрийн ажлыг албан ёсоор ярина гэж байхгүй. 

Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэж ярьсныг хэн хүнгүй л санаж байгаа байх. Тэрээр Ж.Батзандантай найзууд бөгөөд 10 гаруй жил нөхөрлөж байгаа, Ж.Батзандан нь түүнийг улстөрд дэмжих хятад хүн олж өгөхийг гуйсан, өөрийн ахыг Хөх хотын Ерөнхий консулаар томилуулсан, ингэхдээ ах Ж.Баатарчулууны эхнэр н.Оюунгэрэлийг ч ажилд авахыг хүссэн хэмээн ярьсан. Үүний дараа Ж.Батзандан гишүүн Би Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй, би тэр хүнтэй найзууд биш хэмээн тэр дор нь мэдэгдэж байлаа. Гэвч худлаа болох нь тэр дороо л мэдэгдсэн. 

Түүний Д.Мөнх-Эрдэнэ рүү “viber”-аар явуулсан дуут мессежүүд задарч, бөгсийг нь улайлгасан. “Өвөрмонголын эмч залуугийн нэрийг нь хэлдээ, би мартчихаж, намайг үзүүлдэг, дагуулж явдаг нөгөө… Найз нь вичатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм. За тэгээд найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. За манай ахын ажил дажгүй биз, манай бэр эгч очсон уу, чи бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой өвгөөн” гэж ярьж байгаа бичлэг нь түмэнд хүрч, ёстой л нэг орох газаргүй болгосон байх. Гэвч энэ хүнд ичих нүүр гэж алга. Дахиад нэг эвгүй бичлэг задрахад хэн задалсан талаар нь ярьж, тэр зүг рүү хүмүүсийн анхаарлыг татах гэж оролдож байна. Бичлэгт юу ярьж байна вэ гэдэг нь илүү чухал болохоос....

Н.Пунцагболд

Эх сурвалж: zaluucom.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх