Засгийн газрын “Нууц тогтоол”-ыг ил болгоё

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Засгийн газрын “Нууц тогтоол”-ууд нууцын зэрэглэлтэй учраас түүн доторх шонхорын тоо, үе үеийн сайдын гаргаж байсан шийдвэрийг олж үзэх амаргүй юм. Иймд Араб руу гаргасан шонхорын тоо, салбарын сайдын нэр зөрүүтэй байх зэргээр толгой эргүүлсэн баримтууд гарч ирсээр. Н.Батцэрэгийн хувьд БОНХ-ийн сайдын албыг найман сар хашаад ажлаа өгчээ. Түүний хувьд Д.Оюунхоролоос ажил хүлээж авч, мөн түүнд хүлээлгэж өгсөн. Энэ хооронд  шонхор гаргах баримт бичигт гарын үсэг зурсан материал алга. Иймд “Нууц тогтоол”-ыг Д.Оюунхорол сайд анх гаргуулснаас эхлэн түүний үед гадагш гаргах шонхорын тоо эрс өсч өндрөө авчээ гэж үзэхээр байна.
ЯДАЖ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙГ НЬ ТӨЛЧИХӨӨД БЭЛЭГЛЭЭЧ
Ер нь бол 2015 оноос хойш Засгийн газрын “Нууц тогтоол” гэгчээр шонхорын тоо, төлбөр хураамжийг нууцалж, соёлын зориулалтаар гаргасан, бэлэглэсэн гэсхийгээд өнгөрүүлдэг жишиг тогтсон. Гэтэл соёлын зориулалт гэдэг нь аливаа амьтныг зурах, гэрэл зургийг авч хальсанд буулгах, дуу авианых нь бичлэгийг хийж сонсгох, телевизийн дэлгэц, кино, жүжигт ашиглах, их, дээд, дунд сургуульд хичээлийн үзүүлэн болгох, чихмэл хийж, эсвэл амьдаар нь музей, зоо паркт үзүүлэн болгож ашиглахыг хэлдэг юм байна. Соёлын ийм зориулалтаар ашиглахад аль ч улсад олон тооны шонхор хэрэггүй. Нэг улсад 2-3, үсрээд 10-ыг гаргаж болох талтай. Гэтэл БОАЖЯ таван жил дараалан “Нууц тогтоол” гаргуулчихаад, соёлын зориулалтаар, эсвэл бэлэг гээд жил бүр хэдэн зуугаар  нь дэлхийд нэн ховордсон, улсынхаа үндэсний бахархал болох үнэт шувуугаа гадаадад гаргадаг байж боломгүй. Эндээс БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, Г.Нямдаваа нар шонхор шувууг жил бүр Арабын орнуудаас төр, засгийн айлчлалаар ирж буй өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд бэлэглэж байгаа хэмээж, өөрсдийн хууль бус үйлдлийг булзааруулж иржээ гэсэн хардлага төрөхөөр байна.
Н.Цэрэнбат сайдын хэвлэлд ярьснаас ч гэсэн “Төрийн гурван өндөрлөгөөс гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд идлэг шонхор шувууг бэлэглэх эрхтэй байдаг” гэжээ. Төрийн гурван өндөрлөг бэлэг гэдэг нэрээр өгч болох ч хууль тогтоомжид зааснаар төлбөр, хураамжийг нь төлчихөөд бэлэглэхийг байг гэх газаргүй. Тухайлбал, Ерөнхийлөгч Арабын нэг хунтайжид шонхор бэлэглэлээ гэхэд БНАТТХ-ийн 12.1.6–д заасан “Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр”, Амьтны тухай хуулийн 32.1-д заасан “Иргэн хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах барихад төлбөр, хураамж төлнө” гэсэн заалтын дагуу хувиасаа юм уу, алба /тамгын газар/ -наасаа төлбөр, хураамжийг нь төлчихөөд бэлэглэж болох юм. Энэ нөхцөлд хууль зөрчсөн үйлдэл болохгүй.
Төлбөр хураамж ямар байдалтай явж ирснийг судалж үзэхэд манай улс идлэг шонхор шувууг гадаадад гаргаж эхэлсэн 1993 оноос 2015 оныг хүртэл жил бүр гардаг Засгийн газрын тогтоолд ямар нэгэн зориулалт заахгүйгээр зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг нь л авч шонхороо гадаадад гаргасаар иржээ. Эндээс харахад манай улс шонхор шувуугаа, ашиг олох юм уу, арилжааны зориулалтаар хэзээ ч гадаадад гаргаж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэв ашиг олох юм уу арилжааны зориулалтаар гаргаж байсан бол үнэ /төлбөр, хураамж/ нь зах зээлийн жишгээр  өөрчлөгдөх байсан нь ойлгомжтой. Тэгвэл төлбөр, хураамж нь 2009 оноос хойшхи 10 жилд огт  өөрчлөгдөөгүй аж.
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор Идлэг шонхорыг арилжааны зориулалтаар гадаадад гаргахыг таван жилээр хориглосон хугацаа / 2018.1.12 –нд/  дууссанаас хойш 1.5 жилийн дараа буюу 2019 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаар дээр дурдсан “Идлэг шонхор шувууг гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолын хугацааг дахин таван жилээр сунгаж ашиг олох зорилгоор шонхор шувууг гадаадад гаргахыг хориглолоо гэж хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдээлж эхэлсэн байна. Үүнийг нь олон нийт хүлээж авахдаа “Засгийн газар, БОАЖЯ хоёр маань овоо доо, дэлхийд нэн ховордсон Монгол орны Үндэсний бахархал болсон шонхор шувуугаа арабуудаар бариулж гадаадад гаргахыг дахиад таван жилийн хугацаагаар хориглочихлоо” гэж ойлгосон юм. Гэтэл үнэн хэрэгтээ яам, Засгийн газар хоёр маань Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийг зөрчин дахиад л Засгийн газрын “Нууц тогтоол” гэгчийг гаргуулж соёлын болон бэлгийн зориулалт гэдэг нэрээр үндэсний бахархал болсон, дэлхийд нэн ховордсон идлэг шонхор шувуугаа хэдэн зуугаар нь бариулж гадаадад гаргасаар байгаа нь харамсалтай.
Зүй нь бол аливаа тогтоол, шийдвэрийн хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд түрүүчийнх нь тогтоол, шийдвэрийн хугацааг дуусахаас өмнө буюу дууссан даруйд нь хугацааг сунгадаг журамтай баймаар. Гэтэл хугацаа нь дуусаад 1.5 жил өнгөрч түрүүчийнх нь тогтоол сураг алдарсанаас хойш буюу 1.5 жилийн дараа хугацааг нь сунгаж байгаа нь төдийлөн зохимжтой шийдэл биш гэж үзэх үндэслэлтэй юм.
ОГОТНО УСТГАХАД 1.8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЧИХӨӨД ТҮҮГЭЭР ХООЛЛОДОГ ШОНХОРЫГ ХЭДЭН ЗУУГААР НЬ БУСДАД БЭЛЭГЛЭДЭГ
Өнгөрсөн оноос бэлчээрийн дайсан үлийн цагаан огтонын тоо толгой урд жилүүдийнхээсээ эрс нэмэгдэж малын бэлчээр доройтож муудсаныг малчид ч, судлаачид ч хэлэх болсон. Үүнийг Засгийн газар зөвшөөрч 1.8 тэрбум төгрөгийг үлийн цагаан оготныг устгахад зориулан төсөвт суулгаад байгаа. Тэгсэн атлаа үлийн цагаан огтоноор голчлон хооллодог идлэг шонхор шувуугаа хэдэн зуугаар нь гадаадад гаргаад байгаа нь төрийн бодлогод хэр нийцэж байна вэ гэдгийг асуумаар.
Дашрамд дурдахад БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, Г.Нямдаваа нарын яриад байгаа шонхор авахаар ирсэн “өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгчид” гэгч араб ноёдын хууль бус үйлдлийн талаар бичээгүй хэвлэл, сэтгүүлч бараг л үгүй. Тэрхүү ноёдын зарим “Бурхангүй газар бумба галзуурна” гэгчийн үлгэрээр олон том жийп хөлөглөн монгол орны нутгаар хөндлөн гулд давхиж, хэдэн сараар хэсэн тэнүүчилж “Улаан ном”-д орсон ховор болон бусад ан амьтдыг ямар ч зөвшөөрөл, төлбөр, хураамжгүйгээр агнаж байгаа талаарх баримтууд ч гарч ирсээр байгаа. Тухайлбал,  шонхор барихаар жил бүр Монголд ирдэг нэгэн араб эрийн  өөрийн инстаграм /цахим  хуудас/ -д тавьсан гэрэл зургийг баримт болгон шалгуулахаар нэр бүхий иргэд  2017, 2018 онд БОАЖЯ  болон ТЕГ-т хүсэлт гаргасан байдаг ч шалгаж, шийдвэрлэж өгөөгүй гэх сураг дуулдсан. Тэрхүү ангийн хулгайч нар аргаль угалз зургаа, хэдэн зуун ногтруу, жороо тоодог нэг, цагаан зээр гурвыг агнасан гэрэл  зураг, тухайн үед унаж явсан жийп машины улсын дугаар /0792 УНҮ/ гэрэл зурагт тодорхой гарсан байгаа юм. Өнгөрсөн намар л гэхэд Эмират улсын ханхүү шейх Хамдан Бин Мухаммад Бин Рашид Эл Мактум нарын шонхорчид Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дахь Улсын тусгай хамгаалалттай газар  Батхаан уулнаас буга агнасан баримт мэдээлэл хэвлэлээр гарч байв.Эдгээрээс зөвхөн зургаан аргаль угалз агнасны нөхөн төлбөр нь л гэхэд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу тооцож үзэхэд 200 шахам сая төгрөг болно. Ангийн хулгайч эдгээр арабууд Галт зэвсгийн тухай хуулийг зөрчин өөрсдийн тусгай рейсийн буюу хувийн онгоцоор төрөл бүрийн буу оруулж ирэн ашиглаж байгаагийн учрыг ч бас шалгаж тогтоох шаардлагатай баймаар. Дээр нэр дурдсан ан амьтдыг агнахдаа Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчөөд зогсохгүй агнахыг хуулиар хориглосон үед нь агнасан байгаа нь ч гэсэн анхаарал татахгүй байна гэж үү.
Эдгээр ан амьтдыг агнах зөвшөөрлийг салбарын яам өгөөгүй байж болох юм. Гэвч хулгайгаар ан агнах боломжийг нь олгосон гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар ганц жишээ дурдахад БОАЖЯамны газрын дарга асан Д.Даваасамба, салбарын сайд Д.Оюунхоролын даалгавраар 2016 оны наймдугаар сарын 15-ны 06/136 тоот албан бичгээр Кувейт, Пакистан, Сири улсын төлөөлөл бүхий араб иргэдэд наймугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл бүтэн гурван сарын хугацаанд 10 аймгийн нутгаас 13 толгой шонхор барих тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тэднийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Могойн гол гэдэг газарт отоглон шонхор барьж байхад нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн талаар тухайн үед хэвлэлүүд  мэдээлж байв. Бодит байдалд 13 шонхорыг нэг л сумын нутгаас 10 хүрэхтэй үгүйтэй хоногийн дотор барих бүрэн боломжтой гэж шувуу судлаачид, шонхор барих ажилд туслах ажилчин, жолоочоор явж байсан монгол иргэд хэлдэг. Гэтэл 13 шонхорыг 90 хоногийн хугацаанд 10 аймгийн нутгаас бариулах тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол орны нутаг дэвсгэр, тэр дотроо 10 аймгийн нутгаар бүтэн гурван сарын турш хэсэн тэнүүчилж юу дуртайгаа хийх боломжийг нь тэдэнд олгосон хэрэг юм.
“2016 онд бариулах шонхорын тоог тогтоох Засгийн газрын тогтоол гараагүй байхад танай яам яагаад 13 шонхор бариулах зөвшөөрөл олгов” гэсэн асуултад  Д.Оюунхорол сайд тухайн үед “2015 онд бидний бэлэглэсэн шонхорыг Кувейтууд барьж амжаагүй учраас энэ жил нөхөн олгож байгаа юм. Наад арабууд чинь мөнгийг нь ноднин жил төлчихсөн юм шүү” гэсэн хариултыг өгч байсан удаатай. Тухайн жилдээ барьж чадаагүй үлдсэн шувууг дараа жил нь бариулж болно гэсэн заалт Амьтны тухай хууль тогтоомжид байдаггүй. Энэ нь Засгийн газрын тогтоолын хугацааг зөрчсөн үйл ажиллагаа болох нь хэнд ч ойлгомжтой.
Өнгөрсөн онд 395 толгой шонхорыг арабуудаар бариулж гадаадад гаргах Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ны өдрийн “Нууц тогтоол” болон БОАЖ-ын сайдын мөн оны долдугаар сарын 18-ны өдрийн “нууц тушаал”, БОАЖЯ-наас Катар улсын шейх Ахмед Абдулазиз Саал Танинтай байгуулсан гэрээний дагуу БОАЖЯ-ны /2019.8.2 -ны/ 06/5385 тоот албан бичгээр Катар улсын шейх Ахмед Абдулазиз Саал Танийнд наймдугаар сарын 2-ноос  арваннэгдүгээр сарын-1 хүртэл гурван сарын хугацаанд нийт 12 аймгийн нутгаас 20 толгой идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон байна. Энэ 12 аймгийн нутаг дэвсгэр нь нийт 1037271 /нэг сая/ кв.км болох бөгөөд энэ нь Катар улсын нутаг дэвсгэр /11437 кв.км/-ээс даруй 100 дахин том юм. Бодит байдалд бол 20 шонхорыг нэг аймгийн 2-3 сумын нутгаас ганц хоёр хоногт барьчих бүрэн боломжтой. Гэтэл БОАЖЯ-ны газрын дарга 20-хон шонхор барих зөвшөөрлийг 12 аймгийн нутгаас бүтэн гурван  сарын хугацаагаар олгосон нь БОАЖ-ын сайд, дарга нар арабын баячдуудад хэрхэн яаж, ая тал засдгийн нэг тод жишээ бөгөөд ихээхэн хардлага төрүүлж байгаа юм. Үүнээс шонхорын арабуудыг ингэж давраадаг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй гэдэг нь харагдана.
БОАЖ-ЫН САЙД НЬ ЕРӨНХИЙ САЙДТАЙГАА ХУЙВАЛДДАГ УУ, ЭСВЭЛ…
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 12.6, Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дагуу гадаадад гаргах шонхорын тоог баталж байсан Засгийн газрын “нууц” гэх тогтоолуудтай холбоотой бас нэг баримтыг дурдая. Мэргэжлийн анчдын холбооноос ”Нууц тогтоол”-уудыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлаар 2018 оны гуравдугаар сард  А/13 тоот, 2018 оны зургадугаар сард  А/28 тоот бичгүүдээр Тагнуулын ерөнхий газарт хандаж байжээ. Үүгээр зогсохгүй УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2018 онд А/29 тоот албан бичгээр, 2019 оны тавдугаар сард А/08 тоотоор УИХ-ын БОХХБАХ-ны дарга Х.Болорчулуунд, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд А/04 тоот албан бичгээр тус тус хандаж байсан байх юм. Өнөөг хүртэл уг асуудал шийдвэрлэгдсэнгүй. Гэсэн атал  өнгөрсөн онд бариулж гадаадад гаргах шонхорын талаар дахиад л Засгийн газрын “Нууц тогтоол” болон БОАЖ-ын сайдын “Нууц тушаал”-ыг тус тус гаргажээ.
Мэргэжлийн анчдын холбооноос Байнгын хороо, Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн албан тоот аль хүрч, ямар шийдвэр гарсныг хөөж үзэв. Ямартай ч   “Үүнийг шийдвэрлэж хариу өг” хэмээсэн ЗГХЭГ-ын орлогч дарга У.Бямбасүрэнгийн гарын үсэг бүхий ХЭГ/1320 тоотоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат руу шилжүүлжээ. Ингээд өнөөдрийг хүртэл  Засгийн газраас ч, БОАЖЯ-аас ч ямар нэгэн хариу өгөөгүй аж. Түүнчлэн тус ТББ-аас Тагнуулын байгууллага, ЦЕГ-т хандсан хүсэлтүүд ч элсэнд шингэсэн ус шиг замхарч, “Нууц тогтоол”-ууд  нууцын зэрэглэлээс гаргаагүй хэвээр үлджээ.
Амьтны тухай хуульд зааснаар шонхор барих хугацаа зургадугаар сарын 20-ноос эхэлдэг. Энэ хугацаа ойртож байгаатай холбогдуулан шонхорын талаар 2015-2018 онд гарч байсан Засгийн газрын нууц тогтоолуудыг нууцын зэрэглэлээс гаргахын зэрэгцээ 2019 онд бариулж гадаадад гаргах шонхорын тоог БОХТХуулийн 5 дугаар зүйлийн 2-ын 4–т зааснаар Ил тод батлах асуудлыг 2019 оны 5 дугаар сарын 1–нд “Төрийн албаны сахилга бат, дэг журам хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс Төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” гэж амлаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан боловч Мэргэжлийн анчдын холбооноос тавьсан асуудлыг хууль, тогтоомжийн дагуу судалж хариуг түүгээрээ хүргүүлнэ үү гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюунэрдэнийн 2019.5.14–ны ХЭГ/1359 тоот албан бичгийг дахиад л БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад шилжүүлсэн байна. Уг нь Засгийн газрын аливаа тогтоолд нэгдүгээр гарын үсгийг Ерөнхий сайд өөрөө зурдгийн хувьд уг асуудлыг Ерөнхий сайд маань өөрөө шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой байсаар атал өөрөөсөө зайлуулж БОАЖ-ын сайд руу шилжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол оо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээр дурдсан хоёр албан тоотод БОАЖ-ын сайд одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд Монголын мэргэжлийн анчдын холбооноос 2019 оны 5,7 дугаар сард хоёр удаа Н.Цэрэнбат сайдад хандаж хариу өгөхийг албан тоотоор хүссэн боловч мөн л таг чиг суусаар байгаа аж.
БОХТ хуулийн Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг зарчим гэсэн V зүйлийн Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр үйл ажиллагаа ил тод байх”  гэжээ. Монголын төр хуулиа баримталбал 2015-2019 оны үе үеийн БОАЖ-ын  сайд нарын Засгийн газраар гаргуулсан шонхорын нууц тогтоол гэдгийг олж нягтлах, нууцын зэрэглэлээс гаргах, цаашид ийм нууц тогтоол дахин гаргуулахгүй байх ёстой биш гэж үү. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн ямар ч нууцад хамаарахгүй.
Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Байгаль орчны иргэний нийгмийн бусад байгууллагуудаас ч удаа дараа ийм шаардлагуудыг тавьж байжээ. Тэдний зүгээс шонхор бариулах, гадаадад гаргах асуудлыг эсэргүүцсэн, хориглох гэсэн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн тогтоол шийдвэрийг нь БОХТХуульд нийцүүлэн ил тод гаргаж байх, төсөвт орох ёстой төлбөр, хураамжийг нь бүрэн төвлөрүүлж байх, улсад учирсан хохирлыг нь гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх хууль ёсны шаардлагыг   тавьсан байна.
Гэтэл БОХТХуулийн байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байна гэсэн заалтыг БОАЖ-ын сайд, Ерөнхий сайд хоёр нь хуйвалдан зөрчиж арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог нууцлах болсны цаад далд учир нь жил бүр араб ноёдуудад бэлэглэж байгаа шонхорын тоо, зориулалт, улмаар төлбөр, хураамжийг нь хуульд зааснаар нь бүрэн төлүүлэхгүй байгаагаа, улсад учруулж буй хохирлоо нийтэд мэдэгдэхгүй байх зэрэг ашиг сонирхолтой нь холбоотой гэж үзэхэд хүргэж байна. 2015-2019 онд гадаадад гаргасан шонхор шувууны тоог хууль зөрчиж нууцлаад зогсохгүй төсөвт орвол зохих төлбөр, хураамжийг нь маш их хэмжээгээр дутуу төлүүлж эсвэл бэлэг нэрээр ямар ч төлбөр, хураамжгүйгээр гаргаж улсыг хэдэн арван тэрбум төгрөгөөр хохироосоор ирснийг бид дараагийн дугаарт мэдээлэх болно.
 
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх