Citigroup хөрөнгө оруулалтын банк албаны гал тогооноос хавчуургатай талх хулгайлсан хэрэгт хутгалдсан трейдерээ ажлаас нь халжээ.
Тус банкны трейдер Парас Шах нь Европ, Ойрхи Дорнод, Африк дахь өндөр орлоготой облигацийн худалдааны хэлтсийг тэргүүлдэг байжээ. Түүний цалин өнгөрсөн жил л гэхэд бонустайгаа нийлээд нэг сая гаруй фунт болж байв.
Гэтэл Шах өнгөрсөн сард ажлаасаа халагдсан гэж Financial Times-т мэдээлжээ. Ийм цалин сайтай ажлаасаа халагдсан шалтгаан нь 31 настай Шах Canary Wharf дахь компанийн толгой оффисын байгууллагын гал тогооноос сэндвич авчихаад мөнгөө төлөөгүйтэй холбоотой гэнэ. Ийм зүйл байнга тохиолддог байсан нь уу гэдэг нь тодорхойгүй байна.
Гэхдээ Гах бол шударга бус байдлаасаа болоод Сити-гээс халагдсан анхны хүн биш юм. 2014 онд BlackRock компанийн тэргүүн Пол Барроуз Лондон хүртэлх галт тэрэгний тасалбарынхаа үнийг байнга төлдөггүй нь тогтоогдсоноос болж санхүүгийн үйлчилгээний салбарт ажиллах эрхгүй болсон юм.
Британийн санхүүгийн зохицуулалт, хяналтын газраас Барроузыг бусдад үлгэр дууриал болох ёстой хүн байсан, шударга бус үйлдэл нь түүний байр сууринд байх хүний дээд стандартад нийцэхгүй гэж мэдэгджээ.
Парас Шах нь HSBC банкинд хэдэн жил ажиллаж байгаад 2017 онд Citigroup-т ажилд орсон юм. Түүнийг компаийн топ менежерүүдэд жил бүр олгодог урамшууллаас хэдхэн долоо хоногийн өмнө ажлаас нь халжээ.
Эх сурвалж: ВВС