Шинэ оны эхний өдөр Америкийн дуучин, жүжигчин Донни Уолбэрг нэг ресторанд $78-ын үнэтэй зоог барьсныхаа дараа зөөгчид нь $ 2,020-ыг цайны мөнгө болгон өгсөн юм.
Тэрээр энэ үйлдлээ баримтжуулж, сошиал сүлжээнд хуваалцахдаа бусдыг мөн ингэхийг уриалж “чэллэнж” зарлаж байжээ. Уолбэргийн уриалгыг хүлээж авсан хүмүүс ихэнх нь $20-оор зөөгчдийг урамшуулж байв. Тэгвэл саяхан Бостон хотын оршин суугч тэрбумтан Эрни Бач энэхүү хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргажээ.
Тэрээр Массачусетсын Сэлисбури дахь Seaglass Restaurant нэртэй далайн эргийн ресторанд дөрвүүл хооллоод гарахдаа $5,000-аар зөөгчийг нь шагнасан байна.
Эрни Бачийн хоолны төлбөр $157 байсан гэнэ. Азтай зөөгч Женифер Навариа фэйсбүүк хуудсандаа энэ тухай мэдээлжээ. Түүнд байгаа төлбөрийн баримт дээр Эрни Бач “Донни, чиний ээлж!” гэж бичсэн байна. Зөөгч эмэгтэй эхлээд баримтыг хальт хараад $50-аар гар цайлгаж гэж бодсон гэнэ. Дараа нь лавлаж харсныхаа дараа $5,000 болохыг мэдээд магнайгаа хагартал баярлажээ.
Эрни Бач нь Бостоны ойролцоо хуучин, шинэ автомашины худалдаа явуулдаг 11 дилер эзэмшдэг бөгөөд хөрөнгийн хэмжээ нь $1.1 тэрбум юм байна. Одоо тэрбумтны уриалгаар Донни Уолбэрг $5,000-аас илүү хэмжээтэй цайны мөнгө гаргах ёстой болж байгаа юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider