Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн борцгор хотон л нутагладаг байна.
Борцгор хотонг дэлхий дээрх хамгийн том усны шувуу ч гэж ярих нь бий. Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг аж. Хотон шувуу манай орны Ховд, Увс зэрэг баруун аймгийн цэнгэг уст Хар Ус, Айраг зэрэг нууруудаар үүрлэж өндөглөдөг бөгөөд өвөлдөө Хятадын зүүн өмнөд хэсэг, Хонконгийг зорьдог юм байна. Хотон шувуу богино, хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлнэ. Хөл нь 4 хуруутай ба сарьсан хальсаар холбогдсон байдаг. Өргөн богино сүүл нь 20-24ш өдтэй.
Хотон шувуу хамгийн том усны шувуу гэдгээс гадна сүргээрээ ан хийдэг сонин зан төрхтэй цөөн шувууны нэг юм. Дэлхий дээр нийт 4000-5000 хос хотон шувуу байдаг гэх боловч манай оронд хоёр жилийн өмнө Хар ус нуурын орчимд ердөө 20 гаруйхан тоологджээ.
Шувуу судлаачдын хэлж буйгаар 1970-аад онд Их нууруудын хотгорын томоохон нууруудад хэдэн зуугаараа тоологдож байсан хотон шувуу өнөөдөр бараг устах хэмжээнд хүрсэн нь олон хүчин зүйлээс болсон аж. Тухайлбал, борцгор хотонгийн гол тэжээл нь загас. Тиймээс хотон нутагладаг, өндгөө гаргадаг нуурын загас ховордож үгүй болсон нь уг шувуу цөөрөх шалтгаан болсон аж. Гэхдээ хулгайн ан болон уг нутаг усанд айл өрх ихээр нутаглах болсон нь хотонг үргээх, хорогдох хамгийн том шалтгаан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтанд бүртгэгдсэн байдаг.
ХОТОН ШУВУУНЫ ХОШУУН ХУСУУРТАЙ УЯАЧИД 100 ГАРУЙ БИЙ
Хотон шувууны хошуу их урт тул хурдан морины уяачид хусуур хийж эдэлж хэрэглэх нь элбэг. 1980-аад оны сүүлээр олноор нь буудаж хусуур хийх болсон гэдэг. Мөн хотонгийн хошууны доор байх загасны уутаар морины дэл сүүлний боолт хийж, доод эрүүний ясаар дэлний хавчаар хийдэг аж. Зэрлэг амьтан хамгаалах төвийн тайланд дурдсанаар хэдхэн жилийн өмнө Увс аймгийн баяр наадмын үеэр хотон шувууны хошуугаар хийсэн хусууртай 100 гаруй уяач тоологдсон байдаг.Тэгэхээр одоо энэ тоо эрс нэмэгдсэн байх нь тодорхой.
Ямартай ч баруун аймгийн уяачдын дунд дээрх моод дэлгэрснээр хотон шувууны тоо толгой цөөрөх болсон юм байна. Тиймээс нэн ховор амьтны тоонд бүртгэгддэг хотон шувууны тоо толгойг аврахын тулд энэ төрлийн хусуураар гангардаг уяачдын тоог эхлээд гаргах хэрэгтэй гэдгийг зэрлэг ан амьтан судлаачид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэлж байна. Түүнчлэн тэдгээр уяачдыг торгох эсвэл байнгын бүртгэлжүүлж татвар авдаг болох нь хотон шувууны хууль бус антай тэмцэх нэг хэлбэр юм.
Эх сурвалж: Undesten.mn
http://undesten.mn/111207.html?fbclid=IwAR3VU4dR6M_vF9lYl2VkeEADPYRNqjyUVS1sSQ0lIvxLihYokPsPZQiczYE