ЦАР ТАХАЛ ба монголчуудын боловсрол

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нэгдүгээр сар “сүүлээ” хатуу шарвалаа. Дэлхийн 20 гаруй улс коронавирусийн шинэ төрлийн үүсгэгчийн дайралтад өртөж, олон мянган хүн халдвар аван, хэдэн зуун иргэнээ алдав. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн жилийн сүүлчээр дээрх шинэ вирусийн халдвар илэрч, дэлхийд зарласан нь энэ оны нэгдүгээр сарын 5. Дархлаа султай, өндөр настнуудыг голдуу өвчлүүлж буй уг халдвар уушгины хатгалгаа, бөөрний дутагдлаар хүндэрч, аминд халдаж эхэлсэн тул ДЭМБ-аас онц байдал зарлаж, улс орнуудыг өөрсдийн хэр чадлаараа сэргийлэхийг зөвлөсөн. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээс хойш яг нэг сарын дотор “коронагоор” 10 000 орчим хүн халдварласан нь SARS, MERS зэрэг цар тахлаас ч өргөн хүрээг хамрах эрсдэл үүсгэсэн юм.

Мал, амьтнаас хүнд халдварлаж, үй олноор нь өвчлүүлэн, олон хүний аминд хүрсэн зургаан төрлийн вирус дэлхийд бүртгэгдэж байсан бөгөөд энэ удаагийнхыг коронавирусийн шинэ омог гэж үзэж буй. Урьд хожид илрээгүй, вакцин, эм байхгүй тул дэлхийн нийтийг ийнхүү барьц алдуулсан. Өргөн хүрээг хамарна гэсэн эрдэмтдийн таамаг ч биелж, өдгөө 17 мянга гаруй хүн өвдсөн нь тогтоогдоод байна. Шинэ вирус илэрснээс хойших хугацааг тооцвол, өдөрт дунджаар 500 орчим хүн өвчилсөн гэхээр аймшигтай тоо. Энэ сарын дунд үе гэхэд өвчний дэгдэлт оргилдоо хүрч, сар орчмын дараачаас буурах төлөвтэйг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдсэн. Тиймээс улс орнууд одооноос коронавирусийн эсрэг “эрч” нь чангарч, урьдчилан сэргийлэх дэглэмийг улам өндөр түвшинд сахиж эхэллээ.

Харин бид яав. Эрүүл мэндийн салбарынхнаас бусад олон нийтийн үзэл, хандлага илт буурч, аюулгүй байдлаа хангах, айж эмээх нь бараг арилж. Шуудхан хэлбэл, өнгөрсөн долоо хоногт коронавирусээр хүчтэй “амьсгалж амьсгалж” өдгөө бахардсан бололтой дог. Мэдээлэлд мэдрэг, хэт итгэмтгий хүмүүсийг ч хэлэх үү, нийгмийн сүлжээнд нэг сэдвээр 2-3 өдөр шуугиад уйддаг, мартдаг монголчуудын төрөлх араншин ч энэ удаа хүчтэй тодорлоо. Коронавирус эрчимтэй дэгдэж буй ч хуурамч мэдээллүүд түүнээс хурдан тархаж байгааг ДЭМБ-аас мэдээлж, ерөнхий захирал Тедрос Гебрейсус “Дэлхий нийтээр аюулт өвчинтэй айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар, гадуурхалт биш эв нэгдлээр тэмцэж, давж гарна” хэмээн уриалж буй.

Яг үнэндээ монголчуудын олонхынх нь сэтгэл зүй, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун энэ мэт асуудалд нухацтай, өөрийн гэсэн байр суурьтай, судалгаа, нотолгоотой хандах хэмжээнд хүрэхээргүй доройтсон. Нийгмийн сүлжээ эрчээ авч буй өнөө үед аль нь үнэн, ямар нь хуурамч мэдээлэл болохыг ялгахад цаашид улам л бэрх болно. Тэгэх бүрт нийтээрээ ингэж нийгмийн сүлжээнд толгойгоо мэдүүлэн, шуурцгаасаар байх уу, та минь ээ.

Өнгөрсөн долоо хоногт зөвхөн коронавирусийн талаарх албаныхны мэдээлэл, шууд бичлэгүүдэд хандаж буй олон нийтийн сэтгэгдэлд анализ хийж үзлээ. Монголчуудын ёс суртахуун, боловсролын түвшин арай ч дээ гэмээр шалдаа буусныг хараад гайхсанаа нуугаад яах вэ. “Уханьд сурдаг оюутнуудыг тэнд нь хатаа” л гэнэ. “Хилаа хаагаач ээ, малнууд аа, улс төрд гарсан луйварчид аа” гэх сэтгэгдэл хэдэн зуу, мянгаараа. “Хөөе, Сарангэрэл сайд аа, чам шиг сэтгүүлч мэргэжилтэй хүн ЭМЯ-ыг удирддаггүй юм. Чиний хийх ажил биш” гэх. Эдгээр сэтгэгдэл харин ч хамгийн “давгүй” нь гээд бод. Хүний аманд багтахааргүй хараал өч төчнөөнийг урсгаж, нийгмээ, төрөө үзэн ядагсад, хэн рүү ч хамаагүй дайрагсад үнэхээр олширч.

Хөршийнд нь гал гарвал өөрийнх нь гэр бас шатах эрсдэлтэйг ойлгох чадваргүй иргэдээр нийгэм дүүрчээ. “Муусайн хятадууд хохино. Үйлээ үзэж байгаа нь энэ” гэж тавлах. Бизнес эрхлэгч гэх хүмүүс нь зуд болохоор нохой зоолдгийн үлгэрээр хүнд хэцүү үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй нэмж, олон нийтийн дунд янз бүрийн цуурхал тараан, зохиомол хомсдол үүсгэсэн. “Ухаангүй” иргэд нь төрийн байгууллагынхны албан ёсны мэдээллийг ч тоохгүй, “Хүнсний захуудыг хаахгүй” гэсээр байхад шуугиан дэгдээж, гурил, будаагаа нөөцлөөтөхөв. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалт, халдваргүйжүүлэх бодис, зарим эм, хоол, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж болно. Гэхдээ нийтээрээ ингэж туйлширч, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдтөл, лангуу хоосортол дайрна гэж олонх нь санаа ч үгүй биз. “Улаанбаатар гурил” ХХК-нийнхан арга ядахдаа мэдэгдэл хүртэл гаргаж “Бид түүхий эдийн хангалттай нөөцтэй, үнээ нэмэхгүй” гэсээр байхад л дамын наймаачдын “олз” болцгоосон.

Үр дүнд нь улс даяар амны хаалт олдохоо байж, эмнэлгүүдийн нөөц хүртэл хомсдон, зарим тохиолдолд яаралтай хагалгаагаа ч хийж чадахгүй нөхцөл үүссэнийг эмч нар хэлж байна. Мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ч дүүрч. Хамгийн аймаар нь “Коронавирус Монголд ороод ирсэн” гэж нэг хэсэг нь шуугиад, нөгөө талд “ЭМЯ-ныхан өвчин илэрснийг нуугаад, өөрийн хүүхдүүдээ хөдөө явуулж байна” гэх утгатай бичлэг тараан, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Хүүхэд, хөгшдийг айлгаж, олон нийтийг айдаст автуулсан хэсэг бүлэг хүний эрх ашиг өчүүхэн. Дээр дурдсанчлан гурил, будаагаа борлуулах гэсэн хэдэн худалдагч, 80-100 төгрөгийн амны хаалтыг 500-1000 төгрөгөөр дамлах гэсэн сувдаг сэтгэлтнүүдийн башир арга гэдгийг харамсалтай нь ухамсарлах хүн цөөн байдаг.

Бидний “хошин шог” ингээд дуусахгүй. Хэдхэн хоногийн өмнө Японы нэгэн дэлгүүрт монголчууд хүнс, бараа “нүүлгэж” байх юм гэнэ. Хоол, хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас зэргийг боодол боодлоор нь дамнаж, тэгнээд худалдагчийн дэргэд очиход тэрүүгээр дугаарласан япончууд ихэд гайхсаныг нэгэн танил маань хэлсэн. Учрыг тодруулахад, гамшиг, эрсдэл даван туулж сурсан хүмүүс ганцаараа их хэмжээний хүнс, бараа нөөцөлдөггүй. Ариун цэврийн цаас гэхэд 2-3 ширхгийг л аваад, үлдсэнийг нь бусдадаа, дараагийн хүндээ үлдээдэг аж. Харин манайханд ийм ойлголт, мэдлэг, хандлага байхгүй. Амны хаалтыг 10-20 хайрцгаар нь гэртээ хураачихсан хүмүүстэй бишгүй таарсан. Эсрэгээрээ “галын шугам” дээр ажиллаж буй олон нийттэй харилцдаг ажилтнууд болон эмч, мэргэжилтнүүд амны хаалтгүй л байна.

Тэгэхэд коронавирусийн голомт болох Уханьд үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт 10 гаруй хайрцаг амны хаалт өгчихөөд, зугтаж буй хятад иргэний бичлэг дэлхийн нийтийг шимшрүүлсэн. Одоо өгүүлэх манайхны жишээ бүр ч гайхмаар. Хонконг-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд саяхан нэлээд үймээн дэгдсэнийг Munkhsaikhan MC гэх залуу өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр “Онгоц газардмагц эмнэлгийн 4-5 ажилтан орж ирэн, суудлаасаа босохгүй байхыг сануулаад зорчигчдын эрүүл мэндийг шалгав. Гэтэл арын суудлаас нэгэн хүн баахан хараал урсгаж гарлаа. “Та нарыг хүлээх зав алга, бууя. Халууцчихлаа, гарч агаарламаар байна. Тийм овоо юм бол үнэгүй маск тараа” хэмээн орилсон. Сайн харвал, Хонконгийн онгоцны буудалд ганц, хоёрхон англи үг ойлгохгүй, үйлчлэгч бүсгүйд бөхөлзөөд зогсож байсан хүн мөн шүү. Ойр хавьд нь сууж байсан гадаад хүмүүс гайхаад л. Тэгтэл нэг дарга байрын ах загнасаар байгаад хамгийн урд ирээд суучихав. Эл үймээн нэлээд ширүүсэж, бүх хүн цүнх, тээшээ аваад бослоо. Ажлаа хийж буй онгоцны үйлчлэгчид, эмнэлгийн мэргэжилтнүүд элдвээрээ хэлүүлнэ. Нөгөө ахад шаардлага тавьсныг “Ална” л гэнэ. Онгоцонд халдвартай хүн байвал бүгдээрээ асуудалд орохыг ч ойлгохгүй. Хариад үр хүүхдээ өвчлүүлнэ гэдгээ ч мэдэхгүй, хүлээцгүй, иргэнийхээ үүргийг биелүүлдэггүй хүмүүс энэ мэт олон байна” хэмээн халаглажээ.

Коронавирусээс болж Уханьд хоригдсон хүмүүс нэг нэгэндээ гурил, будаа, хүнснээсээ илүүчлэн, утсанд уяад цонхоороо дамжуулж байхад харин бид өргөн хэрэглээний хүнс, бараагаа хомсдуулан, амны хаалтаа 10 дахин өндөр үнээр дамлаад, төр, засаг, нийгмээ адлаад хэвтэж байгаа нь ядуу, арчаагүй байгаагийнх нь нэг шалтгаан ч юм бил үү. Коронавирус яах вэ, удахгүй жамаараа намжина. Харин бид эл хэвээрээ удвал сүйрэх нь. Биеийнхээ гэхээсээ сэтгэл, хүмүүжил, ёс суртахууны дархлаагаа сайжруулахгүй бол сэхээтэн тодотголтой “харанхуй үе” ирээдүйг бүрхэх нь. Өөрөөр хэлбэл, коронавирус монголчуудын боловсролын нэг түвшин, төрхийг “илчиллээ”.

 

О.Бат-Ундрах

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх