Амлалтын салхи хагалж, “ангийнхан” нь цөөрсөн чуулган

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөлөө. Халааг нь авах УИХ-ыг байгуулах сонгуулийн тов, санал авах өдрийг тогтоож, тойргийг нь байгуулж, мандатыг нь хуваарилсан тул энэ удаагийн парламентын гишүүдэд ирэх хаврын чуулганаар хийх ажил ч, зав ч үгүй ээ. Хэдийгээр ээлжит сонгуулийн жил хэдийн гарч, эрх барьж байгаа нь давуу талаа ашиглан сонгогчдын саналыг татах гэж “эрвийх дэрвийхээрээ” ажиллаад эхэлчихсэн байдаг ч хууль тогтоох байгууллагынх нь хувьд хийснийг нь үнэлж, дүгнэх бага боловч боломжийг намрын отгон чуулган үлдээдэг.

19 ЖИЛИЙН ДАРААХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Намрын чуулганаар олон хууль, шийдвэр баталсан. Тэдгээрийн нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Энэ бол өнгөрсөн чуулган төдийгүй өнөөгийн парламентын хувьд зайлшгүй онцлох ёстой ажил. 28 жилийн өмнө баталсан, “ардчилсан” гэх тодотголтой Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн нэмэлт, өөрчлөлтийг Ардын намынхан сонгуулийн жил гарахаас сар хагасын өмнө баталсан. Үнэмлэхүй олонх бүхий эрх баригчдын өгсөн амлалтаас биелсэн хамгийн том нь энэ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ парламентын төдийгүй УИХ-ын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй” хэмээн онцолно лээ. Батлах нэг хэрэг. Бодож, санасны дагуу бусад хуульдаа шингээж, шидийг нь үзэх өөр хэрэг.

Эл нэмэлт, өөрчлөлт, түүнийг баталсан хүмүүс түүхэнд тодоор бичигдэж, тодорхой үүрэг гүйцэтгэх үү, эсвэл хараар үлдэж, муугаар хэлүүлж, шүүмжлүүлэх үү гэдгийг ирэх өдрүүд хэлнэ. Тухайлбал, ирэх чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоол батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл болон гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг жил жилийн хавар хэлэлцдэг баримт бичгээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх ёстой хууль, тогтоомжийн төслүүдийг тусгасан. Жишээ нь, Ерөнхийлөгч, УИХ, түүний хуралдааны дэг, Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, нийслэлийн болон хот, тосгоны эрх зүйн байдлыг бүхэлд нь шинэчлэх төслүүд бий. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, тэнд олонх болсон намын бүрдүүлэх Засгийн газрыг ажиллах бололцоогоор хангахын тулд халаагаа өгөх өнөөгийн түшээд хавар, сонгуулийн сурталчилгаагаа хийх алтан цагаас хумсалж таарах нь.

АХМАДУУДЫН САНАЛЫГ “ХУДАЛДАЖ АВАХ” АЛХАМ

Уг нь “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг. Гэвч энэ удаагийн УИХ хамгийн их улстөржиж, бодитой бодож, сэтгэж чадахаа байсан үедээ олон чухал хууль хэлэлцэх гэж байна. Өнгөрөгч чуулганы өнгөн дээр ч сонгуулийн “шоу”-гаа эхлүүлээд амжсан билээ, эрх баригчид. Тэдгээрийн том жишээ нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль. Тэтгэврээ барьцаалан авсан зээлээс нь зургаан сая хүртэлх дүнгээр төр төлж, зээл аваагүйд нь нэг сая төгрөгийн үнэт цаас олгох энэ шийдвэрийг 900 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Хэрэв тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл нэг сая төгрөгөөс бага бол тэрийг нь төрөөс төлөөд зогсохгүй зээлгүй ахмадуудад олгох үнэт цаасны мөнгөн дүнтэй тэнцүүлэн зөрүүг нь мөн олгохоор буй. Үндсэндээ ахмадуудад багадаа нэг, ихдээ зургаан сая төгрөг өгөх агуулгатай эл хуулийг яаж ч тайлбарласан сонгуулийн амлалтаас зайлахгүй.

Эх орныхоо эрдэнэс баялгийн өгөөжөөс ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилгоор ийм хууль баталсан гээд ч нэмэргүй. УИХ-ын дарга “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн анхны жишиг нь энэ хууль боллоо” хэмээн онцолсон нь ч өнөөгийн нөхцөлд үнэмшилгүй. Нэг их наяд шахам төгрөг тараах эл хуулийн “өгөөжийг” өнөөгийн эрх баригчид Ерөнхийлөгчтэй хувааж хүртэхээр тооцсон нь ч маргаангүй. Зургаан сая хүртэлх дүнгээр зээл тэглэх арга хэмжээг Ардын намынхан энэ жилийн сонгуулийн өмнө ашиглах бол зээлгүй ахмадуудад тараах сая төгрөгийн үнэт цаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг “хөзөр” байх нь дамжиггүй. Үнэт цаасыг ирэх оны тавдугаар сарын 21-нээс өмнө мөнгөжүүлэхээр буй бөгөөд ҮАБЗ-өөс улбаатай уг шийдвэрт түүнийг тэргүүлдэг Төрийн тэргүүн хориг тавьж, эсэргүүцээгүйн шалтгаан энэ. Ардын намынхан ингэж “галзуураад” өнгөрвөл нэг хэрэг. Араас нь АН-ынхан юу гэж амлах бол гэдэг нь ч сонирхол татаж байна. 2008 оны сонгуулийн кампанит ажлын үеэр АН-ынхны иргэн бүрт амласан нэг сая төгрөгийг давуулах гэсэндээ Ардын намынхан 1.5 сая төгрөг бэлнээр тараасан гашуун үнэнийг мартаагүй ээ, бид. Эрх баригчид ч “итгэлийн зээл” гэх мэт илт сонгууль үнэртсэн төслөө бариад ирэхийг үгүйсгэхгүй.

Мөн Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль баталж, олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цоорхой, хийдлийн дунд олон жил хохирсон ээжүүдийн магнайг эл хууль тэнийлгэхгүй гэж үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү эрх баригч намынхан үүгээр “шоудаж”, онгирох нь гарцаагүй. УИХ-ын сонгуулийн хууль, тогтолцоог ч өөрсдөдөө давуу байдал үүсгэхээр “зурсан” эрх баригчид удахгүй болох “уралдаанд” хэр хол давхих бол.

СЭТГЭЛ ДУНДУУР САНГИЙН САЙД

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах үүргийн нэлээдийг нь хууль тогтоогчид үүрэлцэх ёстой. Тиймээс ч Үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын зарим конвенцод нэгдсэн. Энэ чиглэлээр УИХ ихээхэн хүчин чармайлт тавьж ажилласнаа УИХ-ын дарга онцолж, “Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн мэдэгдэнэ лээ. Харин Сангийн сайд дурамжхан яваа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “ФАТФ-аас нийт зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь манайх хамгаалсан. Гурван чиглэлээр нэмж ажиллах шаардлагатай байна. Тодруулбал, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн шийдвэрлэлт удаан, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн худалдаанд хяналт, шалгалт байхгүй гэж үзсэн. УИХ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хоёр ч хуулийг дэмжээгүй. Татварын гэмт хэрэгт ногдуулах ял нь бага тохиолдолд мөнгө угаах магадлал нэмэгддэг. Тиймээс ялын хэмжээг нэмэгдүүлэх саналтай байсан юм. Их л төвөгтэй байдалд оруулж байна. Монгол Улс “саарал жагсаалт”-д удаан байх тусам монгол хүн, аж ахуйн нэгжүүдэд ашиггүй. Бүгдээрээ л хичээх ёстой” хэмээн хэвлэлийнхэнд учирласан.

Эцэст нь, ээлжит чуулганыг хаахын өмнөхөн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр энэ парламент 74 гишүүнтэй үлдлээ. 1996-2000 оны парламент Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Баттулга нарын бүрэн эрхийг “казиногийн” гэх хэрэгт холбогдуулан түдгэлзүүлж байснаас хойших “хагархай” УИХ энэ болов.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх