Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын Холбооны /ЕХ/ нэг хэсэг байхаа больж, 47 жил үргэлжилсэн гишүүнчлэл нь баасан гарагт орон нутгийн цагаар яг 23 цаг 00 минутад албан ёсоор дуусгавар боллоо. Ийнхүү 2016 оны бүх нийтийн санал асуулгаар ЕХ-г орхихыг дэмжсэн Их Британийн иргэдийн хүсэл зориг биелэв.
Улс орны шинэ амьдралын эхлэлийг Brexit”-ийг дэмжигч мянга мянган хүн Лондон хотын төвд цугларч, Их Британийн далбааг мандуулан баяр хөөр, сүр дуулиантайгаар тэмдэглэжээ. Лондон, Брюсселийн салалт -ыг тэмдэглэсэн гол газар нь Парламентын талбай байв. Цугласан олон баярлан шуугьцгааж, Brexit-ийн өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн бичиг бүхий тэмдгийг бие биедээ тараан, төрийн далбааны хөх, улаан, цагаан өнгөөр гэрэлтүүлсэн, засгийн газрын барилгуудын дунд зугаалсан байна.
Гэхдээ газар сайгүй ийм баяр хөөртэй байсангүй. Шотландын нийслэл Эдинбург хотод Засгийн газрын байрыг энэ өдөр цэнхэр, шар өнгөөр гэрэлтүүлсэн байв. 2016 оны бүх нийтийн санал асуулгаар шотландчуудын 60 хувь нь Brexit”-ийг эсэргүүцсэн санал өгчээ.
ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарахаас нэг цагийн өмнө Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан үг хэлж, шинэ нөхцөл дэх улс орныхоо тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярьсан байна. Өнөөдөр хэлэх ёстой хамгийн чухал зүйл бол энэ бол төгсгөл биш харин эхлэл юм. Энэ бол гэрэл сүүмийж, жүжгийн шинэ үзэгдэл эхлэхээр хөшиг нээгдэж буй мөч юм. Магадгүй энэ бол үндэсний жинхэнэ шинэчлэлт, өөрчлөлтийн мөч юм” гэж Жонсон цохон тэмдэглэсэн байна.
ЕХ-ноос албан ёсоор гарсны дараа шилжилтийн үе эхэлнэ. Энэ үе 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Энэхүү 11 сарын хугацааг Brexit-ийн улмаас үүсэж болзошгүй хямралаас зайлсхийхийн тулд тусгайлан тохиролцсон байна. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны бүх нөхцөлийг зөвшилцөх бөгөөд юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг оролдоно.