Поохуу зарлах тоглоомын дүрэм буюу сонгуулийн өнгө

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Поохуу зарлах тоглоомын дүрэм буюу сонгуулийн өнгө

 

Ц.ЖАРГАЛСҮРЭН

Эрх баригчид сонгууль дөхөхөөр "тоглоомын дүрэм”-ээ өөрчилдөг. Одоо ч тэгж л байна. Сонгуулиудыг урьд нь нэг хуулиар хийчихдэг байснаа өөрчилж тус тусад нь хуультай болгож байгаа. Энэ нь төр, засгийн эрхийг барьж байгаа МАН-ынхны сонгуулийг өмчлөх” гэсэн санаа байх. Тэд алив хууль гаргах, өөрчлөхдөө зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлж чаддаг. Нэг хуулийг нөгөөгөөр нь "цохиж унагах” юмыг ч хийнэ.

Тэгээд УИХ дахь олонхиороо түрээ барьж байгаад батлачихдаг. Хууль юм хэлэлцэх үед хөндлөнгийн ямар ч хэрэгтэй сайн санаа байгаад ч нэмэргүй. Сөрөг хүчнийхний бодол санааг огт падлийгүй гэж үздэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч бас л тэгж хандсан. Уг хуульд алдаатай заалт цөөнгүй гээд хэсэг хуульчид Цэцэд хандсан. Гэвч ямар шийд гаргахыг төсөөлшгүй. Цэц ч гэж Цэц. УИХ дахь олонх буюу МАН-ынхны талд л зогсдог юм чинь. Дараа нь тэтгэврийн зээл тэглэх тухай хуулийг ганц, хоёрхон өдөр хэлэлцсэн болоод гаргачихсан. Үүнийгээ ахмадуудын дийлэнх манай талд саналаа өгнө гэж бодсон хэрэг байв. Шинэ он гараад бас тэтгэвэр, тэтгэмжийн нэг ч төрлийг орхилгүй шахам бүгдийг нэмэгдүүлчихсэн. Энэ бас сонгуулийн пи-ар гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл МАН-ынхны санаа тийм адтай.

Сонгуулийн хуульдаа аль нэг нам, нэр дэвшигч сонгогчдод бэлэг сэлт, мөнгө тараахыг хориглоно гэж заачихтайгаа зэрэгцүүлээд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргаад нэг ёсны гарын бэлэг тараачихаж байгаа юм. Бас өрсөлдөгчөө намнах аргыг тун сурмаг хийж байгаа. Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр ял шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд. Гэтэл өөрсдийнх нь дунд буюу УИХ-ынханд улсын мөнгө хөрөнгийг хулгайн аргаар авсан, завшсан ЖДҮ-чид олон. Мөн элдэв хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байгаа нь ч зөндөө бий. Тэд нь гэмгүй царайлаад хууль батлаад л сууцгааж байна.

Түүгээр ч барахгүй сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарим нь эртнээс хэлээд гарч ирэх хор юмаа найруулаад яваа бололтой. Сонгуулийн хуульдаа энэ удаагийн сонгуулийг томсгосон тойргоор мажоритар системээр явуулна гэж заасан. Уг нь энэ систем давуу талтай. Юуны өмнө сонгуулийн санал худалдаж авах явдал буурна. Намуудын дунд тохироо хэлцэл хийх боломж бараг арилна. Нөгөө талаар мөнгөний нөлөө, улс төрийн элдэв хор багасч эрүүл хандлага нэмэгддэг л дээ. Гэхдээ 2008 онд энэ системээр сонгууль болсны дараа юу боллоо доо. Долдугаар сарын нэгний хар өдрийг мартаагүй байгаа шүү дээ.

МАН-ынхан гэж цаг зуурт л нүүр царайгаа өөрчилж эрх ашгаа хамгаалахад юу ч хийхээс буцахгүй. Тэд яаж байлаа даа. Сонгуульд ялагдал хүлээхээрээ санал хураах хар машиныг хүртэл шатааж уур омгоо гаргаж байсан удаатай. Энэ бүхнийгээ өнөөдөр мартсан мэт харагдах юм. Сонгуулийн хуулийн бас нэг хачирхалтай заалт нь гадаадад суугаа монголчуудын сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хассан явдал. Нэгэнт санал өгөөгүй болохоор тэд Монголын төрд хамаагүй болж таарч байгаа юм. Солонгост ажиллаж байгаа нэг нөхөр "Хилийн цаана суугаа монголчуудыг хүний тооноос хасчихлаа. Бид төр байгуулах эрхгүй юм чинь эх оронгүй хүн болж байна уу” гэж гомдоллов.

Энэ үгэнд нь хариулт олдсонгүй дээ даанч. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга юм шиг хэрнээ эргэлзмээр үгс хэлээд байгаа. Манай нам нэр дэвшигчээсээ хандив авахгүй ээ гэсэн. Энэ тухайд эдний намынхан нөгөө 60 тэрбумын гэдэг шигээ юм хийгээд сонгуулийн зардлаа босгочихсон гэж бодохоор зарим тоймчдын хэлж, бичиж байгаас үзвэл ЖДҮХ-гаас тэрбум, тэрбумаар зээл авсан нөхөд намдаа тавь, тавин саяыг нь өгсөн гэх. Үнэн бол ЖДҮ-гийн хэрэг маш зохион байгуулалттай болж тэр нь хуулиар хүндрэх нөхцөлд хамаарч таарна.

МАН-ын бүлгийн хуралдааны бас нэг шийдвэр хамгийн их анхаарал татаж байгаа. Энэ нь тус нам ёс зүйтэй улстөрчдөө сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн намын даргынх нь үг. Этик буюу ёс зүй гэдэг маш өргөн хүрээтэй ойлголт. Энэ хэмжүүрээр аваад үзэх юм бол МАН-ынханд тэр дотор УИХ-д суугаа нөхдөөс шалгуурт тэнцэх нь хэд бол.

Хамгийн түрүүнд ЖДҮ-чид гэгдэх болсон түшээнцэрүүд лав ёс зүйгүйчүүд болно. Гэтэл тэр хэргийг мартагнуулах аргыг МАН-ынхан олж ядаж байх шиг. Сонгогчид мартахгүй ээ. Олон түмэн өөр болсон цаг шүү дээ. Гэтэл өнөөгийн эрх баригчид яг л хуучнаараа ард түмэн нөгөө л цагаан цаас шиг хэвээр гэж эндүүрч байна биш үү.

Энд бас нэгийг санаж байна л даа. Улсын ерөнхий прокурор байсан нэгэн ЖДҮ-гийн хэргээр нэг нөхрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-ын танхимд орж ирээд:

-ЖДҮ-гийн үр ашгийг нь хүртсэн хүмүүс нь энд сууцгааж л байна. Харин шийдвэр гаргасан нөхөд нь шоронд хоригдчихоод байгаа. Энэ шударга ёс мөн үү гэж байсан даа. Гэтэл МАН-ынхан улайм цайм буруутнаа хамгаалаад авч үлдсэн. Өчигдөр, өнөөдөр ч тэр л хэвээрээ санал ирүүлсэн прокурорын өөдөөс салаавч үзүүлж сууцгаана. Энэ нь тухайн хүн гэмгүй цагаан амьтан гэсэндээ биш сонгууль болох гэж байхад намын нэр сүр баларна гэж бодсоных юм. Уг нь МАН гэдэг нэр аль эрт шороотой хутгалдчихсан шүү дээ. Даанч үүнийгээ мэддэг ч мэддэггүй царайлах юм. Эдний намынхан тун удалгүй ЖДҮ-чдийн хэрэгт холбогдсон хүмүүсээ Хяналтын ерөнхий хороогоороо авч хэлэлцэх сурагтай. Гэхдээ хэний тухай юу гэж хэлэлцэхээ урьдчилан төлөвлөж буй биз.

Ер нь алив асуудлыг намдаа халдаахгүй аргыг хэрэглэж чаддаг нь тэдний "бөөн хар туршлага” байсаар ирсэн. Харахгүй юу. Н.Номтойбаярын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн өмнө түүнийг намаас гарсанд тооцлоо гэж байна. Энэ намдаа хамааралгүй хүний тухай ярих болгож байгаа юм байх л даа. Хүүхэд хуурч байгаа мэт. Шуудхан хэлэхэд заль юм даа. Саявтар сонгуулийг 29 тойрог 76 мандаттайгаар явуулахаар шийдэж. Энэ ч гэсэн МАН-ын бүлгийн анх хэлэлцүүлсэн санаа байсан. Хотын мандатыг хасч хөдөөд шилжүүллээ буруу гэх хүн ч байна. Гэхдээ МАН-ынхны санаа хаана, хэнийг өрсөлдүүлэхээ бодож л хийсэн үйлдэл байх. Сүүлийн өдрүүдэд хүмүүст дэлхийг цочоосон коронавирус гэгчээс өөрийг бодох тэнхээ муухан л байна. Үүнийг далимдуулан сонгууль угтсан улс төр бүр сонин л байх шиг. МАН-ынхан сонгуулийн "поохуу зарлах” аргаа удахгүй задлах болов уу. Үүнээс л сонгууль ямар болох өнгө харагдана даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх