ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Холбооны Дээд зөвлөлд танилцуулсан.
Үүний дараа тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэхүү асуудлыг парламентын доод танхим болох Төрийн Дум дэмжсэн. Барууны хэвлэлүүд болон улс төр судлаачид, Дмитрий Медведевийн Засгийн газар огцорсон нь Владимир Путинд шилжилтийн үйл явцыг хяналтдаа оруулах боломж олгосон. Тиймээс ОХУ-ын Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр 2024 онд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох ч, 67 настай түүнд төрийн тэргүүн хэвээр үлдэх боломжийг олгож болзошгүй гэх хардлагыг олон янзаар дэвшүүлсэн юм.
Тэгвэл Засгийн газрын комисс лхагва гаригт хуралдах үеэр Үндсэн хуульд оруулах зарим боломжит өөрчлөлтүүдийн талаар танилцуулахдаа Үндсэн хуульд заагдсан Ерөнхийлөгчийн өмнөх статусыг “Дээд удирдагч” болгон өөрчлөх хувилбарыг дэвшүүлсэн байна.
Засгийн газрын комиссын ахлагч Павел Красхенинников төрийн мэдлийн “Rossiyskaya Gazeta” сонинд энэ талаар “Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах боломжит хувилбарууд дунд асуулт дагуулсан маш сонирхолтой зарим агуулгууд орж ирж байна. Тухайлбал, комиссын зарим гишүүдээс төрийн тэргүүний албан тушаалыг Дээд удирдагч болгон өөрчлөх санал орж ирсэн” гэх ярилцлага өгчээ.
Харин Оросын төрийн мэдлийн “TASS” агентлагийн мэдээлснээр үндсэрхэг үзэлт Кремлийг эсэргүүцэгч Либериал ардчилсан намын тэргүүн Владимир Жироновский гадаад хэлнээс орж ирсэн Ерөнхийлөгчийн “төрийн тэргүүн” гэх нэршлийг “Дээд удирдагч” болгохыг олон удаа санал болгосон гэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид энэ талаар тодруулахад “Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахаар оруулж ирсэн хэрэгжих, эс хэрэгжих эсэх нь тодорхойгүй олон шинэ санаачилгуудын нэг. Үндсэн хуулийн өөрчлөлт яг одоо хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна. Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд энэ талаар ямар ч үзэл бодолгүй байгаа. Яригдаж байгаа бусад асуудлуудын хувьд Дэлхийн II дайнд Орос улс ялсан, Ортодокс Христийн шашныг ОХУ-ын үндсэн шашин гэх зэргийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх зэрэг санал орж ирсэн. Мэдээж зарим саналуудыг хасч, заримыг нь хүлээж авах бөгөөд үүнээс комиссын хүссэн үр дүн гарч ирнэ” гэх хариултыг өгсөн байна.
Харин барууны хэвлэлүүд тэр дундаа Их Британийн “Express” сонинд “Дээд удирдагч” буюу “Supreme Leader”, “Supreme Ruler” гэх нэршил нь бүх насаараа төрийн тэргүүн байна гэдэг утгыг давхар илэрхийлдэг. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын эрх мэдлийг Үндсэн хууль ийнхүү бүх насаараа буюу хугацаагүй төрийн эрх барина гэж тодорхойлсон байдаг талаар дурджээ.
Зарим ажиглагчид ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн албан тушаалыг “Дээд удирдагч” гэж тодорхойлсон тохиолдолд Владимир Путин дор хаяж 10 жил үргэлжлүүлэн төрийн эрхэнд байх боломжтой. Энэ нь ойрын ирээдүйд өөдрөг дүр зурагтай болж ирсэн Европын улсууд болон Оросын харилцаанд саад учруулж болзошгүй гэдгийг сануулсан байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters, TASS, Express