Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2018 оноос эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг.
Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм. Улмаар АТГ-аас Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний дараа, энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирүүлснийг хавтаст хэрэгт хавсарган хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хойшилсон юм.
Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцсон юм. Хурал өглөөний 10.00 цагт эхэлж бүхэл өдөржин үргэлжилж, оройн 20.00 цагт завсарласан юм.
Уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж байгаа ба арав орчим хавтаст хэрэг байгаа учир баримтыг нягтлан шинжлэхэд нэг өдөр хүрэлцэхгүй гэх мэдээлэл байна. Тиймээс хурлыг өнөөдөр /2020.01.29/ үргэлжлүүлэхээр болжээ.
Өмнөх хурлын үеэр нийслэлийн прокуророос (Хуралд улсын яллагчаар оролцогч тал) дараагийн хуралд энэхүү хэргийг гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн зүгээс дээрх шүүх хуралд Н.Золжаргалын гэр бүлийн хүнийг гэрчээр албадан ирүүлэхээр болоод байсан юм. Учир нь Н.Золжаргалын Австри улс руу гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгийг Австри улсын хуулийн байгууллагаас битүүмжлээд байгаа ба уг хурлаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл түүний хөрөнгийг худалдаж, орлогыг улсын хөрөнгө болгох юм.
КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА АСАН Д.АДИЛБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ.
Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонд эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Өчигдөр Д.Адилбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Гэвч уг хуралдаанд шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй болсон улмаар хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлсэн учраас хойшлуулж шийдвэрлэсэн байна. Тэднийг шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 17-ны өдөр болох бөгөөд шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 22.5 дугаар зүйл буюу хахууль өгөх, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл ангиар шүүж байгаа юм.
Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn