Дорнод Африкийн Кени, Сомали, Этиоп улсуудыг царцааны асар том нүүдэл эзлээд байна. Цөлийн царцаа хэмээх шавьжны ийм том нүүдэл Кени улсад сүүлийн 70 жилд ажиглагдаагүй бол Сомали, Этиоп улсуудад 25 жил тохиолдоогүй гэнэ. Өлсгөлөн царцаанууд замд тааралдсан ургамал бүрийг идэж байгаа тул олон сая хүнийг өлсгөлөнд автуулах аюултай байна. Африкийн энэ бүс нутагт удаан үргэлжилсэн ган тарианы гарцыг нь бууруулаад байгаа юм.
Гуравдугаар сард борооны улирал эхэлж, ногоо ургах үед царцааны тоо толгой одоогийнхоос 500 дахин өсөх аюултай тул яаралтай амжиж устгах ёстойг НҮБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ. Царцаа устгах хамгийн үр дүнтэй арга нь агаараас хор цацах юм. Үүнд зориулж $70 саяы хөрөнгө гаргахаар НҮБ төлөвлөжээ.
Гэхдээ газар нутгийн зарим хэсэг нь Аль Кайдагийн салбар террорист байгууллагын хяналтад байдаг Сомалид үүнийг хэрэгжүүлэх амаргүй гэнэ. Царцааны багахан сүрэг нэг өдрийн дотор 35,000 хүний хооллох үр тариаг идэж устгаж байна. Кени улсад одоо 70,000 га газар царцааны сүрэгт эзлэгдээд байгаа юм. Энд нэг километр ам дөрвөлжин тариан талбайд 150 сая хүртэл тооны царцаа ноогдож байна.
Кенид илрээд байгаа хамгийн том сүргийн эзэлсэн газар нутгийн хэмжээ 60 км урт, 40 км өргөн талбайг хамарчээ. Царцааны нүүдлээс өмнө Дорнод Африкийн улсуудад 20 орчим сая хүн хүнсний хомсдолд орох тооцоотой байсан юм. Тэгвэл хортон шавьжны довтолгооны улмаас энэ тоо эрс нэмэгдэх аюултай байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press