Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр Америкт олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөлсөн явдал өчигдрийн гол дуулиан байлаа. Түүнтэй өмгөөлллийн гэрээ хийсэн ”Amsterdam & Partners LLP” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам “Монгол Улсын Засгийн газар шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд халдаж байна” хэмээн мэдэгдсэн явдал “даарин дээр давс” болов.

Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эрхэнд гарснаас хойш шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсон тухай тус компанийн албан ёсны сайт дэлхий дахинд цацлаа. Ч.Сайханбилэгийн асуудлыг орхиод шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн улс төрийн шахалт дарамтанд өртөх болсон” тухай ярихад л монголчууд нийтээрээ толгой дохих асуудал.

Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар С.Зоригийн хэргийн ялтан Т.Чимгээ хорих ангид “өлсгөлөн зарласан” тухай мэдэгдэл хийсэн явдал ч гэсэн түүний нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс дээр Хууль зүйн сайд нь нэмэгдээд гурван шатны шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийг “зохиомол хэрэг, гэмгүй иргэдэд эрүү шүүлт тулгаж ялласан” хэмээн зарласан шүү дээ. Аль ч тохиолдолд шүүхийн хараат бус байдал эрсдэлтэй байдалд орсон гэсэн үг.

Ялангуяа шүүгчийн томилох, чөлөөлөх асуудал ҮАБЗ-ийн гурван гишүүний шууд эрх мэдэлд оччихоод байгаа энэ үед. Өнгөрөгч зургадугаар сард Зөвлөлөөс шийдвэр гаргаад 17 шүүгчийг нэгэн зэрэг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Өнөөдөр тэдний арав нь “ял авахаар” шүүхийн өмнө зогсч, долоо нь энэ сард эрхээ сэргээлгэлээ.

Гол асуудал тэдгээр шүүгчийн асуудал Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн хариуцлагын хороогоор дамжилгүй шууд ҮАБЗ-ийн шийдвэрээр эрхийг нь түдгэлзүүлсэн явдал. Шүүгчид ажилтайгаа үлдэхийн тулд Аюулгүйн зөвлөлийн гурван хүний өмнө ёслох хэрэгтэй болов. Ийм нөхцөлд Монголын шүүх “шударга ажиллаж байна” гэж мянга хашгираад нэмэргүй.

Сануулахад өнгөрсөн дөрвөн жилийн дотор манай хуулийн байгууллагуудын сүр дуулиантай эхлүүлсэн авилга, албан тушаалын хэргүүдээс шүүхийн өмнө очсон нь нэг ч байхгүй. С.Баярыг, С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг нэг бус удаа саатуулж, нэлээд хугацаанд цагдан хорьсон авч хэргийн мөрдлөг дууссан талаар хэн ч ам нээсэнгүй. “Прокурорын хяналтанд байгаа” гэдэг ганцхан хариутай гурав дахь онтойгоо золголоо. /2018 оны дөрөвдүгээр сард анхны баривчилгаа явагдсан/ Ядаж “Ийм ийм үйлдлийг нь гэмт хэрэгт тооцсон, ийм ийм нотлох баримтаар тогтоосон” гэх ганц үг байхгүй.  

Өнгөрөгч долоо хоногт УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлсэн. “Ямар үнэдэслэлээр вэ?” гэж асуухаар “УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргахаас өмнө үндэслэлийг хэлэх боломжгүй” гэнэ. Энэ одоо юу гэсэн үг вэ? УИХ-ын шийдвэр гарвал хэрэг болно, шийдвэр гарахгүй бол хэрэг болохгүй гэсэн үг үү? Ийм хуулийн байгууллага гэж байх уу?   

Ер нь бол Ч.Сайханбилэгийн буруутай эсэхээс үл хамаараад тэр хүн шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах, өмгөөлүүлэх эрхтэй. Үүнийг хэн гуай ч буруутгах арга үгүй. Ялангуяа манайх шиг хууль, шүүхийн байгууллагууд нь хоёр, гуравхан хүний гарт орчихсон, хэн эрх мэдэлд хүрнэ тэр нь хуулийн дээр сууж, хууль, шүүхийн байгууллагаа хурууны үзүүрээр хөдөлгөж байдаг улс оронд тэр тусмаа учирч болох бүх эрсдлийг тооцоолох ёстой.

Тэр тусмаа Монголын эдийн засгийн “цусны эргэлт” болж байгаа ганц үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан хүний хувьд ухрах шалтгаан байхгүй. Сайн ч, муу ч нэг улс орны засаг төртэй нь заргалдаж байгаа хүний хувьд үүнээс өөр арга зам үгүй.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх