Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Манай төрийн өндөр албан тушаалтнууд австралийн сидней хотод казинод байгаа хэд, хэдэн зураг цахим сүлжээнд тархаж эхлээд байна. Олон нийтэд ил болоод байгаа зураг дээрээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Холбооны Австралийн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нарыг харж болно. Тэд энэ сарын 13-15-нд Австралийн Холбооны Улсад болсон ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын гишүүдийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд явсан гишүүд юм. Тэднээс гадна УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар ч явжээ.

Тэгвэл казинод орсон гишүүд өчигдөр ээлж дараалан тайлбар хийсэн юм. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон. 17-ны өдөр Сидней хоттой танилцах нэг өдрийн аяллын хөтөлбөр байсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат,УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод бид дөрөв энэ талаар ойлголттой болохоор сонирхож орсон” гэв.

Энэ мэдэгдлийн дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Тиймээс аялал жуулчлалын том төв болох “The Star Sydney” төвөөр орсон. Үүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ч юм уу ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэдэг бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Гэхдээ би мөрийтэй тоглоогүй. Бид дөрвүүлээ ороод цаг гаруй болоод гарсан.

Бидний дунд мөрийтэй тоглох мөнгөтэй хүн ч байгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж ирсэн хүний нэг. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө адлуулж ч ирсэн. Сая Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ казино гэж ямар байдаг юм, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж сонирхохоор орж танилцсан. Эндээс миний Монголд Казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан. Эдийн засаг талаасаа ашиг тустай байж болох ч төрийн хяналтыг алдагдуулах зэрэг сөрөг тал олон юм байна. Казино руу орж сонирхсон гээд хариуцлагын асуудал хөндөгдвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би Монголын ард түмэнд Монголчууд Казиногийн хуультай болох цаг нь биш гэж хэлэх үгтэй. Нийгэм ч үүнийг нотолж байна” гэжээ. Ямартаа ч Австралийн казинод “морилсон” гишүүд дээрх тайлбарыг хийлээ. Тэдний зургийг нууцаар авч олон нийтийн сүлжээнд байршуулсан хүн нь УИХ-ын даргын зөвлөх гэсэн аман яриа гараад байгаа юм. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед тэдний зургийг хэн ч авах боломжтой, түүнийгээ тэр дороо дэлхийгээр нэг цацах боломж ч бий. Тэгээд ч Австралид ажиллаж, амьдарч буй монголчууд маш олон. Одоогийн байдлаар 5000 орчим монгол иргэн Австралид ажиллаж, амьдардаг судалгаа байна.

Дээрх гишүүдийн тоглосон гэгдэж буй Сидней хотын “The Star” казино нь 1995 онд нээгдсэн. Мэлбурны алдарт “Crow casino”-гийн араас орох Австралийн хоёр дахь том казино гэнэ. Тус казино “The Star Entertainment Group Lim­ited” гэх Австралийн хамгийн том шоу цэнгээний группийн эзэмшилд байдаг. The Star Sydney казино найман баар, долоон ресторан, 351 буудлын өрөө, үйлчилгээний болон хувийн эзэмшлийн 130 айлын орон сууц бүхий шоу цэнгээний томоохон төв аж. Мөн 2000 хүний суудалтай Сидней Лирик театр байдаг. Уг Казиног Шинэ Өмнөд Уэльсийн Казино Хяналтын газар хянадаг бөгөөд Шинэ Өмнөд Уэльсийн цорын ганц хууль ёсны лицензтэй казино гэгддэг юм байна. The Star казинод Mini Bac­carat, Blackjack, Caribbean Stud, Craps, Pai Gow, Pok­er, Pontoon, Roulette, Rapid (хагас электрон) рулет, Sic Bo болон Гурван карт покер зэрэг олон ширээний уламжлалт казиногийн тоглоомуудтай. Түүнчлэн тус казино слот машин, бинго, хурдан рулет, видео покер гэх мэт цахим тоглоомын машины сонголтыг санал болгодог аж.

“The Star Sydney” казиногийн VIP өрөөний ширээний бооцоо тавих хязгаар нь 25 австрали доллараас эхэлж 75.000 австрали долларын хооронд байдаг гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн 500.000 австрали доллар хүртэлх ширээний бооцоотой өрөө ч байдаг гэнэ.

Ер нь манай монгол эрчүүдэд тал нутгаас уламжилж ирсэн нэг сонин зан чанар бий. Эрт үеэс монгол эрчүүд даалуу тоглодог байв. Архийг аль ч үед тааваараа хүртэж ирсэн. Дээр нь мал хулгайлдаг гэмтэй. Энэ нь бараг тал нутгийн соёл болж “хөгжсөн” гэхэд хилсдэхгүй. Харин орчин үед монгол эрчүүдийн сонирхол казино болж хувирчихаад байна. Үнэндээ манай төрийнхнөөс гадаад руу томилолтоор явдаг хэн бүхэн очсон газраа казиногоор “айлчилдаг” уламжлалтай. Монголдоо болохоор сөрөг хүчин, МАНАН гэж ирээд талцаад алалцахдаа хүрдэг улс хилийн дээс алхаад л найз нөхөд болчихдог. Үүнийг ч Д.Эрдэнэбат гишүүн “Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй” хэмээн батална лээ. Тэгэхээр зэрэг намчирхана, намаараа ялгарна гэдэг бол ард түмэнд зориулсан жүжиг гэдэг нь ингэж батлагдаж байна. Гэтэл аймаг, сумынхны намчирхал ямар билээ. Эхнэр, нөхөр хоёр намаас болж салж байсан удаатай шүү.

Манайд Казиногийн хуулийг хуудуутай найруулахаас эхлээд хилийн чанадад энд тэнд казинодсон төрийн түшээд манайд тоймгүй олон. Монголд ч байсхийгээд тэр гишүүн казиноджээ гээд л дуулддаг. Казинотой холбоотой зартай нэгэн явдал 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар батлагдсан Казиногийн тухай хууль юм. Хуулийн төсөл санаачлагч нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар байв. Зартай гэдэг нь тухайн үед УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хуулийн төслийг оруулж ирээд гишүүдийн олонхын саналаар батлуулж чадсан байдаг. Тэгээд зогсохгүй Казино байгуулах тендер зарлан “Мон-Макао” гэх компанийг шалгаруулсан. Харамсалтай нь тендер шалгаруулалтын үеэс булхай илэрч, Казиногийн хууль санаачлан батлуулсан Д.Энхбаатар, Д.Баттулга нарын гишүүд “Мон-Макао” компанийнхнаас авлига авсан болж таарснаар шүүхийн шатанд очсон түүх бий. Түүнээс улбаалж Казиногийн хуулийг ч хүчингүй болгосон түүхтэй.

/

Казинотой холбоотой бас нэг томоохон дуулиан нь “Хадгаламж” банкийг 14.2 тэрбум төгрөгөөр тавьж казинодсон явдал юм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнтэй хамт БНСУ-ын “Волкер Хилл”, “Севен Лак” казинод тоглож алдсан шуугиант хэргийг монголчууд мартаагүй. Ингээд зогсохгүй казинодогчид манайд Төрийн тэргүүнээсээ л эхэлдэг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын казино тоглож буй зураг одоо сошиал сүлжээнд байршсан хэвээр. УИХ-ын гишүүдийн цуваа Д.Загджав, Д.Зоригт, Ц.Дашдорж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, О.Чулуунбат агсан, С.Жавхлан гээд л үргэлжилнэ. Төрийн яам, агентлагийн дарга нар ч казино тоглож байхдаа гэрэл цохиулсан тохиолдол олон. Сангийн яамны газрын дарга Х.Пүрэвсүрэн, Татварын ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан, хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар мөрийтэй тоглосон нь ил болсон юм. Төрийн түшээд, дарга нар мөрийтэй тоглосон хэргээр хариуцлага хүлээсэн нь тун цөөн. ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар л ажлаас чөлөөлөгдөж, хариуцлага хүлээх шиг боллоо.

Угтаа бол Монгол Улсад казиног хориглосоор ирсэн нь учиртай. Товчхондоо казино мөнгө угаах хамгийн том хэрэгсэл. Казино тоглогчид нэгэндээ хожигдож хувь хүртэнэ, эсвэл казинод асар их орлого оруулаад буцааж хувь авна. Аль, аль нь төр засагт хортой хэлбэр. Тиймээс төр засгаас төрийн түшээд, төрийн албаныхныг хил даваад ард түмний мөнгөөр казино тоглохыг хориглохоор нэлээд хүч үзэж байгаа. Эрүүгийн хуульд Монгол Улсын нутагт казино хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн гурав дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн билээ.

Тэгвэл энэ удаагийн дуулиан их л ноцтой нөхцөл байдлыг дагуулж мэдэхээр байна. Австралийн казинод хамт орсон гишүүдийн байр суурь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй харагдаж байна. Д.Тогтохсүрэн гишүүн “Огт тоглоогүй, сонирхоод л гарсан” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн “Чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг бодохгүй хүн байхгүй. Бидэнд казино тоглох ч мөнгө байгаагүй” гэсэн нь анхаарал татна. Яаж ч бодсон нэг улсын парламентын гишүүн халаасандаа 100 долларгүй гадаад томилолтоор явна гэж байх уу. Тэр тусмаа казино “сонирхох” хөтөлбөртэй явсан гишүүд хамгийн түрүүнд мөнгөө бэлдсэн, эсвэл тэднийг газарчлагч бэлдсэн байх нь гарцаагүй.

Нөгөө талаар тэдний дуу дуугаа авалцан хийж байгаа тайлбараас “Монгол Улсад Казиногийн хууль батлагдахад зориулж сонирхсон” гэх утгатай тайлбар байгаа. Үнэндээ үүн шиг худал зүйл байхгүй. Тэгж яривал биеэ үнэлэлтийг цэгцлэх хууль батлахын тулд Сөүлийн Ягааны гудамжинд очоод солонгос хүүхэн авах нь л дээ, манай гишүүд. Ингэж нэрээ баастаж байхаар “Казино тоглосон, хариуцлага хүлээхэд бэлэн” гээд л зоригтой ярьчих ёстой юм. Казино тоглосон нь ярианаас нь илт, зураг дээрх төрх байдлаас нь ч тод харагдаж байхад яаж худлаа гүжирдэж чадаж байна аа. Тэгэх тэгэхдээ бүр улайрсан шинжтэй харцаар рулетын хүрдийг дагуулж харж байх шиг шинжийг Д.Тогтохсүрэн гишүүний зургаас харж болохоор байсан.

Тоглосноо тоглоогүй, сонирхсон юм гэж хүүхэд хуурч байгаа шиг тайлбарыг одоо монголчууд хүлээж авахаа больсон. Гэтэл төрийнхөн маань ард түмнийг басамжлан доромжилж, ялзарсан байдлаа улам тод харуулсаар байна. Тиймээс одоо эдгээр гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдэж байна.

/

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас казино тоглосон дарга нарыг өөрсдөө ч мэдээгүй байхад шуурхай ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар дагуулж явсан гишүүддээ ямар хариуцлага тооцохыг монголчүүд харж хүлээж байна. Казино тоглосон гэдгээс үл хамаарч тийшээ орсон л бол УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн асуудал яригдах учиртай. Нэг ёсондоо ёс зүйн зөрчил аль хэдийнэ үүсээд байна. Тиймээс эдгээр хүмүүсийг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор оруулах шаардлагатай байна. Ер нь энэ төр засгийнхан хилийн чанадад Монголын татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглодгийг зогсоох хууль батлах шаардлагатай болсныг л удаа дараа сануулаад байна даа.

Б.Энхзаяа

Б.Амартүвшин

/////

Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх