Б.Жавхлан ЖДҮХС-ын даргаар өөрийн хүнээ томилж байгаад 1 тэрбум 700 сая төгрөгийн зээл авчээ

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Дархан-Уул аймгаас сонгодсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХСангаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх дуулиан 2018 оны сүүлээр нэр холбогдож байв.

/

Эрхэм гишүүн Б.Жавхлан тухайн үед энэхүү мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “ЖДҮ зээл авсан “Пример инвестмент групп” компанитай ямар ч холбоо хамааралгүй” хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт нөлөөлөл үзүүлж байгаад дээрх хоёр компанид зээл олгуулсан гэх цоо шинэ баримтын мөрөөр хууль хяналтын байгууллага лавхан орж, энэ хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нөлөөнд орсон гэх ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн тухайд 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон бөгөөд түүнийг энэ ажилд УИХ-ын гишүүн Б.Жавхлан томилуулсан юм байна.

С.Төгсбилэг 2005-2007 онд АНУ-д сурч, ажиллаж байхдаа Б.Жавхлантай танилцжээ. Б.Жавхлан энэ үед АНУ-д Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль болон Индианагийн их сургууль суралцаж байжээ. Тэндхийн монголчуудын цуглааны үеэр нэр дурдагдаж буй хоёр эрхэм танилцсан бөгөөд тэд Монголд ирсэн хойноо ч тодорхой хэмжээгээр холбоотой явдаг болжээ.

Ингээд 2018 оны 11-р сард УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж “…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ.

Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа “…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэсний дагуу ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төд удалгүй тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна.

Энэ бүхнээс харахад эрхэм гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-ын даргаар өөрийн хүнээ томилж байгаад “Жетте майнинг” ХХК-д 800 сая төгрөг, “Пример инвестмент групп” ХХК-д 900 сая төгрөг, нийтдээ 1 тэрбум 700 сая төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж байгаад авч өгсөн болж таарч байна.

Х.Онон

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх