Амазоны боссын гар утаснаас Саудын Арабын ханхүү хувийн мэдээллийг нь хулгайлжээ

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Амазон компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Жэф Безосын гар утсыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман амжилттай “хакдаж”, хувийн мэдээллийг нь авсан тухай баримтыг өчигдөр The Guardian сонин мэдээлжээ.

2018 оны тавдугаар сард тэд хоорондоо WhatsApp мессэнжэрээр харилцах үед ханхүүгээс нэгэн учир битүүлэг видео бичлэгийг Безост илгээсэн байна. Безос бичлэгийг нээж үзэх үед нууц код ажиллаж, гар утаснаас нь их хэмжээний мэдээлэл татаж авсан болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд тогтоосон байна.

2018 онд Мохаммед Бин Салман өөрийг нь шүүмжлэгч, сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдож, нэр хүнд нь ихээхэн унаж байсан билээ. Хашогги нь Безосын эзэшдэг “Washington Post” сонинд ажилладаг байсан юм. Үүнээс гадна аллагын дараа тус сонин Саудын Арабын эрх баригчдыг үүнд буруутгасан нийтлэлүүдийг түлхүү гаргаж байжээ. Энэ нь Безосын хувийн мэдээллийг нууцаар авах шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Үүнээс гадна Безос өнгөрсөн оны эхээр олон жил хамт амьдарсан эхнэр Маккензи Безосоос салж байгаагаа зарласан. Үүний дараахан АНУ-ын National Enquirer сэтгүүл Безосын нүцгэн зураг, гэр бүлээс гадуур харилцааны тухай мэдээллийг ил болгохоор сүрдүүлсэн нь тодорхой болсон юм.

Тухайн үед Безос шилдэг мэргэжилтнүүдийг хөлсөлж, өөрийнх нь хувийн мэдээлэл хэрхэн бусдын гарт орсон хэргийг мөрдөн шалгуулж байв. Энэ мөрдлөгийн дараа Безосын хувийн хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Гэвин дэ Бекэр хувийн мэдээллийг нь олж авах ажлыг Саудын Арабын тусгай албад зохион байгуулж, дараа нь уг мэдээллээ National Enquirer сэтгүүлд өгсөн байх магадлалтай гэж мэдэгдэж байжээ.

“Безосын ямар нэг нууцыг олж авбал Саудын Арабыг шүүмжилсэн Washington Post-ийн нийтлэлийн бодлогод нөлөөлж болно гэж ханхүү бодсон байх. Мохаммед Бин Салманы эрх ашиг, нэр хүндийг хамгаалахын тулд Саудын Араб юу ч хийж мэдэхийг энэ явдал харуулж байна” гэж Обамагийн засаг захиргааны үед үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Эндрью Миллер энэ хэргийн талаар ярьжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: The Verge

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх