МЭӨ 4-3 мянган жилийн өмнөөс мал аж ахуй эрхэлж малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үздэг. Магад түүнээс ч олон жил нүүдэллэсэн биз. Энэ олон сая малыг эзэн, малчин, малаас нь хулгай хийдэг хулгайч, малыг нь шомбоддог чоно эргэн тойрч амьдарч ирсэн. Хорин нэгэн оноос өмнө бол феодал, лам нар малын эзэн байсан. Энэ үедээ үндэсний орлогын үйлдвэрийн 90 орчим хувийг мал аж ахуй бүрдүүлдэг, арав гаруй сая малтай байж. 1950-иад оны сүүлээс 1990 он хүртэл малыг социалист өмч, нэгдэл нийтийнх гэдэг байлаа. 1990 оноос хойш мал хувьд очиж, мал сүргийн эзэд нь мянгат малчид болов. Монгол мал маш их өсч, дал гаруй сая малтай болжээ. Мянгат малчдын малын эзэн нь хэн юм гэмээр. Учир нь мал нь тал хээрээр бэлчээр дээрээ эзэнгүй л тэнэж явдаг. Зарим талаасаа харж хандаад байх шиг хэрнээ нөгөө талаасаа эзэнгүй шахам явж байдаг. Хувийн өмч гэж мянгат малчин хэлэхдээ ч, нэгдлийн өмч гэж нийтээрээ хэлэхдээ ч, хар, шар феодал нь ч өөрийн гэж хэлэх үед өнөөх мал нь эзэнгүй хээр л бэлчиж явдаг. Өмч гэж үзвэл байнга харж хандаж, өөрөө захиран зарцуулж байдаг биз дээ. Монголын бүхий л түүхэнд эзэнгүй шахуу малыг тал талаас нь зулгаагаад амьдарч ирсэн байдаг. Монголчууд малтайгаа байхад өлсөхгүй. Өлсөхгүй болохоор ажил хийдэггүй. Бүтээл багатай, ядуу дорой амьдрал. Өлсвөл алаад идчихнэ. Даарвал арьсыг нь элдээд хувцас болгоод нөмөрчихнө. Орчин үеийн өндөр бүтээмжтэй, хиймэл оюун ухаан ноёлж байгаа эринд хэдэн мянган жилийн өмнөхөөсөө ялгарах юмгүй гунигтай амьдрал бол малчдын амьдрал. Сонгууль дөхсөн биш манай улстөрчид Малын хулгайтай тэмцэх тухай хууль баталлаа. Бусад хулгайн хэргээс онцгойлон авч үзэж, хуульчлахдаа шийтгэлийг нь чангатгахаар заачихлаа. Нарийн хөөвөл малын мах экспортод гаргах квот дээр улс төрийн нам, улстөрчид нь алаан болж байгаа мэдээлэл бий.
Манай сонгуулийн тойргууд хөдөө олонх нь байдаг. Зориудаар тэгж хөдөө олон тойрог зоодог биз. Энэ тойргуудын гол сонгогч бааз суурь нь малчид. Тэр дундаа нутаг нутгийн мянгат малчныхаар УИХ-ын гишүүд нь бууж мордож, орж гарч, штабаа байгуулж байдаг. Тэднийг голлох нөлөө бүхий сонгогч гэж үздэг. Тэр мянгат малчдын гомдлоор Малын хулгайтай тэмцэх хуулийг айхавтар чангаллаа. Хуучин малын хулгайтай тэмцэх хууль арай уян хатан байж. Найман бод, 21 бог хулгайлбал эрүүгийн хэрэг үүсдэг байв. Үүнээс бага бол нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, асуугдаж, дуудагдаж байгаад тэгсгээд ялгүй өнгөрөх гэх мэтээр зохицуулагдаж ирж. Монголын тал нутагт олон мянган жил малын хулгай гэдэг бол бараг л монголчуудын амьдралд байдаг л нэг үйл явц шахуу болчихсон. Зүүн аймагт Торой бандийн хөшөө, баруун аймагт цахиур Төмөрийн хөшөө байгуулчихсан, малын хулгайч нараа алдаршуулаад дуулж хуурдаад л, уйлж бахархаад байсансан биш билүү. Эзэнгүй шахуу энэ олон малнаас ганц өнчин ишиг хулай хийвэл шоронд явуулна гэдэг заалт бол олон хүүхэдтэй ядарсан муу эцэгт арай хэтэрхий чанга тусч байна. Хулгайч ч гэсэн хүн. Мянгат малчны ганц өнчин ишигнээс дор үзэгдээд байхдаа яадаг юм. Малын хулгайг жудагтай, жудаггүй гэж хоёр ялгаад байдаг. Ядарсан ганц бие эмгэний тэжээж тэтгэдэг ганц үнээг нь хулгай хийгээд явчихвал энэ хүнийг жудаггүй, өөдгүй хулгайч гэлцдэг. Олон мянган жил малтай айлаа бараадаад ирсэн ядуучуудын дунд хэлц үг хүртэл бий болсон байдаг. “Ганцынхаа тарганд, газрын хард хоолоо олохгүй яасан юм” гэж хулгай хийгээд баригдсан хулгайчид хэлдэг үг бий. Энэ нь газар хар байхад, унадаг ганц морь нь турж эцээгүй тарган байхад ганц үхэр туугаад ирэхгүй яасан юм гэж цаснаар мал хулгайлаад баригдсан хулгайчид хэлснээс гарсан үг байдаг. Шинээр батлагдсан Малын хулгайтай тэмцэх хуульд мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жил хүртэлх хорих ял эдлүүлэх, хоёр болон түүнээс дээш хүн бүлэглэн үйлдсэн бол 2-8 жил, давтан, зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулахаар болжээ. Ганц өнчин ишиг хулгай хийгээд шоронд явахаар хуульчлахаар одоо байгаагаасаа илүү аюултай үр дагавар үзүүлэх вий. Гэрчээ устгах, малчдыг нь алах гэх мэт асуудал гарах вий дээ. Хэтэрхий хатуу хууль сөрөг үр дагавар ихтэй байдаг. Хуучин бол малын хулгайч баригдахаараа “Тэр муу намайг матчихлаа гээд гомдоод өнгөрдөг байсан. Одоо бол “тэр муу”-гаа эхэлж алчихаад цааш малын хулгайдаа явах вий.
Машинтай давхиж очоод, хуйгаар нь ачиж ирээд, хулгайг бизнес болгочихсон улсууддаа бол чанга хандах нь зөв өө. Сүүлийн үед мал өссөн, экспортод мах гаргадаг болсноос үүдээд малын үнэ өссөн. Малын хулгайгаар бизнес хийдэг бүлэглэлүүд бий болчихсон. Эд нарт чанга хандах нь зүйтэй. Олон хүүхэдтэй, нэг муу амьжиргаагаа залгуулах гэж байгаад өнчин ишиг хулгайлсан хүнд арай зөөлөн хандах хэрэгтэй. Малын хулгайтай тэмцэх хуульд бас нэг инээдтэй заалт байна. Өнөөх улстөрчид маань малчиддаа сайн хүн болохын тулд малыг буудаж алвал бүр өндөр ялтай болгочихлоо. Малынхаа хувьд буудуулсан нь бараг хүнлэг биш юм уу. Сүрэг дундаас нь зүсэлж ирээд, хөөж туугаад л, баглаж хүлээд барьж авдаг. Орилж байгаад л дух руугаа цохиулж, цусаа гоожуулж гүйн тамлуулж байснаас ганц буудуулчих нь тэр амьтандаа ч амар баймаар. Энэ хууль нэг л амьдралгүй санагдаж байлаа. Энийг уншсан хүмүүс хулгайч нарыг өмөөрлөө, хулгай хийхээ больчих л доо гэж хэлцгээх биз. Хууль гаргаж байгаа, төрийн дээд байгууллага УИХ-д хулгай хийдэггүй ганц ч хүн байхгүй тохиолдолд малын хулгайчийн ялыг чангатга гэж ярих үндэслэл ер нь байна уу. Бүхэл бүтэн амьдралаа хулгайлуулдаг хэрнээ тэднийгээ бид орой дээрээ залчихаад сууж байгаа шүү.
УИХ-ын танхимаар дүүрэн ЖДҮ, тендерийн, төсвийн хулгайчид суучихаад малын хулгайчийг ялла гэж бахиралдаж байх юм. Иргэдийнхээ боломжийг тэд хулгайлаагүй бол элдэв хулгай багасах л байсан шүү дээ. Иргэдийнхээ амьдралыг сайжруулахгүй бол малын хулгай багасахгүй. Тэр болгоны тоогоор барьж хориод шоронгийн хоригдлынхоо тоог л нэмээд суух уу. Зээл тендерийн хулгайч нар нь малын хулгайг шийдэх тухай л ярьж байна шүү дээ. Тэгэхээр хулгай хийхээ больчих л доо гэж ярих нь утгагүй юм. Төсвөөс тэрбум тэрбумаар нь хумсалдаг нь илчлэгдээд байхад ганц ишигний хулгай зэрэг ч яамай л байна гэж эгдүүцэх хүмүүс байна шүү.
Б.Донров
Эх сурвалж: Өдрийн сонин