“Хөөн хэлэлцэх”-ийг эргэж сэргээх нь хуулийн гажуудал бий болгох уу?

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын гаргасан горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр шууд баталсан юм. Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчлөхтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн бусдад ял завшуулахгүй байх, хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан уг хуулийн төслийг батлуулах болсноо ажлын хэсгийн зүгээс мэдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-нд өөрчлөн найруулалт орж тэрхүү хууль хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2017 оны долдугаар сарын нэгнээс хойших хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийн тоон судалгааг прокуророос гаргажээ. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын хэлснээр 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэрэг нийтдээ 13 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж. Прокуророос албан ёсоор мэдэгдсэн энэхүү авлига, албан тушаалтны 13 хэрэгт Хөгжлийн банкны гэх хэрэг хамаарагдана. Хөгжлийн банкнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.2 их наяд төгрөг нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээлийн асуудал яригддаг. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлэн улсад хоёр тэрбум 35 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан ч түүний хэрэг хэрэгсэхгүй болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” компани замын тендерийн асуудалд орооцолдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болсон. Энэ хоёроос гадна “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2012-2016 онд ажилласан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүн нэр холбогддог.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргээ хаалгасан хүн нь “хүргэн” Г.Дэнзэн. Өөрийн хадам аав Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос эхлэн шалгагдсан. Шүүхээс “хүргэн” Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын хэрэг яригдана. С.Баярыг АТГ-аас 2015 онд шалгаж, Оюу толгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан байцаалт авч цагдан хорьсон. Олон он дамжиж шалгагдаж байгаа тус хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр мөн яллагдагчаар татаж шалгасан. Мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэн багагүй хугацаа өнгөрч чимээгүй байсан ч хамгийн сүүлийн мэдээгээр Цагдаагийн ерөнхий газраас Ч.Сайханбилэгийг албан ёсоор эрэн сурвалжилж байгааг мэдэгдсэн. Мөн Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын хэрэг байна. Түүнийг ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж “Алтан Дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдуулан цагдан хорьсон.Харин Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт өнгөрөгч оны сүүлээр хүргүүлсэн байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Хамгийн олон жил яригдаж, шүүхийн шийдвэр гаралгүй сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх “Жаст”-ын Батхүүгийн хэрэг үүнд хамаарна байх. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүгийн хэрэг шүүхийн хэдэн байшингийн дунд шийдэгдэлгүй арваад жил явж байгаа, Хууль зүйн сайд нь хүртэл аргаа барсан байдалтай хэлээд Монголын хууль шүүхийнхний завхрал гэдгийг чуулган дээр мэдэгдсэн.

Ийнхүү эрх баригч Ардын намын нөхөд олонхоороо түрж шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг дахин шалгахаар хуулийн төслийг яаравчлан баталлаа. Үндсэндээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болон хэрэг нь хаагдсан дээрх нэр бүхий эрхмүүдийг дахин яллахын тулд уг хуулийн төслийг баталчихлаа. Дэлхийн хуулийн практикт хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Мэдээж хуулийг сэргээдэг зүйл бол бий. Харин хууль батлагдсан цаг мөчөөсөө дагаж мөрдөгддөг болохоос гэдрэг ухарч үйлчилдэггүй ийм л зүй ёсны зүйл. Хөөн хэлэлцэх асуудал дээр эрх баригч намын нөхөд хуулийг буцаж үйлчлүүлэхийн тулд сэргээж байна. Дэлхий нийтээрээ мөрддөг хуулийн зарчмыг гажуудуулж зөвхөн өс хонзон авах сэдлээр хөөн хэлэлцэх хугацааны төслийг сэргээн боловсруулж батлуулсан нь харамсалтай. Хууль буцаж үйлчлээд хонзон авах хэрэгсэл болбол хамгийн аюултай. Яагаад гэвэл өнөөдөр гэмт хэрэг биш байгаа аливаа үйлдлийг цаг хугацааны дараа гэмт хэрэг мөн гэсэн хууль батлаад эргээд үйлчилж эхэлбэл энэ амьдралд бүх зүйл утгаа алдана.

Магадгүй хэдэн жилийн дараа Монголын толгой баячуудын ач зээ нар төр бариад “Төв суурин газар амьдарч байгаа иргэн та үр хүүхдээ 18 нас хүртэл нь нийтийн шугамд холбогдсон халуун хүйтэн устай орон сууцанд амьдруулах ёстой” гээд хууль батлаад, энэ хууль эргэж үйлчилнэ гээд заачих юм бол Улаанбаатарын гэр хороололд амь зууж байгаа энэ олон иргэн бүгдээрээ шоронгийн хаалга татах болно. Хууль эргэж үйлчлэх ийм аюул дагуулдаг. Нэгнээсээ өс хонзон авах гэсэн нэхэл хатуутай айхавтар юмны үүд хаалгыг эрх баригч намынхан нээгээд өгчихлөө. Хэрвээ та нар хууль сэргээж хэрэглэхээр, шударга үнэний төлөө гэх байдлаар хуулийн төслийг баталж байгаа юм бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хэлээд байгаа шиг ЖДҮ-чдээ яллах хэрэгтэй болно. “Эрүүгийн хууль нэгэнт буцаж үйлчлэх зарчимд шилжиж байгаа бол 2017 онд бас хассан албаны нөлөөг хууль бусаар ашиглах гэмт хэргийг сэргээж ЖДҮ туусан гишүүдийг шоронд нь явуулъя” гэж Х.Тэмүүжин хэлээд байгаа.

Ардын намын нөхөд та нар хөөн хэлэлцэх хугацааг дахин сэргээж байгаа шигээ албаны нөлөөг хууль бусаар ашиглах гэмт хэргийг сэргээж ЖДҮ-чдээ шоронд явуулж чадахгүй л дээ. Ёстой сачий чинь дутна байх.Харин танай намынхан үүнийг хэрэгжүүлэхгүй байсан ч дараагийн улс төрийн хүчин төрд гарч ирээд шударга ёсыг хангахын тулд дээрх хуулийг сэргээж ЖДҮ-чдийг толгой дараалан шоронд хийнэ. Үндсэндээ ЖДҮ-тэй нэр холбогдсон Ардын намын дарга, Ерөнхий сайдаасаа аваад намын генсек, Их хурлын гишүүд бүгд шоронд орно. Яг ийм тамын тойрог цаашаа үйлчлэх өс хонзонгийн үүд хаалгыг та бүхэн өөрсдөө нээгээд өгсөн юм чинь яая гэхэв. Үндсэндээ хуулийн гажуудал үүсч болох эх үндсийг та нар сайхан гэгч нь тавиад өглөө шүү дээ, хөөрхий. “Хөөн хэлэлцэх”-ийг эргэж сэргээх нь хуулийн гажуудал бий болгох уу гэж миний бие асуугаад байгаа нь ийм учиртай.

Б.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх