Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс "AТАМАН" нь мултраад дуусах уу?

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Он солигдох мөчид Ерөнхийлөгчийн зарласан тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн мэдэгдэл дуулиан тарьсан хэвээр л байна. Сүүлдээ, өнөөх хэдэн буурайгаа хоёр хуваагаад хаячихаж байгаа бололтой. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн шийдээд, Ерөнхийлөгч нийтэд хэлж, МАН-ын бүрдүүлсэн УИХ хууль гаргалаа. Зээл тэглэх нь зөв, буруу гэж энд ярих гэсэнгүй.

Харин 2017 онд “Мон­гол хүн бүрийг өрийг тэглэнэ” гэсэн Ерөн­хийлөгчийн амлалт биелэв үү, МАН ирэх сонгуулийн PR-аа хийв үү гэдэг ойл­гомжгүй болоод байгаа юм. Эндээс үүдээд Ерөн­хий­лөгч Х.Баттулгын амлалт сөхөгдөж гарч ирж байна. Угаасаа ч мартахын аргагүй амлалтыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга өгч байсан юм.

АН-ын дарга нь түүнд сонгуулийн өмнө “Мон­гол хүн бүрийг нэг удаа өргүй болгох” тэглэх үү­рэг даалгаврыг өгсөн. Ингэхдээ оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж хүн бүрийн өрийг тэг­лэнэ гэсэн. Үүнээс гадна олны анхаарлын төвд орж, улс төрийн “хар овоо­хой” болоод байсан 60 тэрбумын хэргийг ч нэгмөр шийднэ гэдгээ амлаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэр дэвшээд явж байхдаа, Ерөнхийлөгч болсныхоо дараа энэ амлалтаа биелүүлнэ гэж дахин амласан.

Тэрбээр 2017 оны долдугаар сарын 7-нд сонгуулийн санал өгөх үедээ сэтгүүлчдэд “Ерөн­хийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд 60 тэр­­бум төгрөгийн эзэн хуй­вал­­дагчдыг олж тогтоо­но. Мөн оффшор бүсэд байгаа улстөрчдийн мөнгийг оруулж ирж, ард иргэдийнхээ өрийг цэгцлэхийн төлөө ханцуй шамлан орно” гэж хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Тэр үеэс хойш 2.6 жил өнгөрчээ. Тэгтэл оффшорын хэргүүд ший­дэг­дэлгүй, шүүх, проку­рорын шатанд хүлээгдэж буй юм. 60 тэрбумын хэрэг шүүхээр шийдэгдсэн боловч дөрвөн хүний хоёр нь арга хэмжээ авагдаад, эргээд энэ хэрэг прокурорт шилжсэн байна.

Товчлоод хэлэхэд, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгогдох үеийн нөхцөл байдлаас жамын дагуу тодорхой хэмжээгээр ахиц гарсан боловч амласан хэмжээнд нь үр дүн гараагүй гэхэд болно. Харин ч дээрх хэргүү­дэд холбогдсон этгээдүүд Монголын төр, хууль хя­нал­тын байгууллагыг тохуурхсан маягтай үйлд­лүүдийг гаргах болов.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор оффшорын хэрэгт холбогдсон 2009 онд Ерөнхий сайд байсан С.Баяр хоёр сар хоригдсон талаараа “Жар хоног, “жаран”-ы бутархай” гэдэг ном бичиж, нээлт хийгээд, тэр нь бэстселлер болж сүйд болсон. Түүгээр ч барахгүй тэр номдоо Ерөнхийлөгчийн талаар тун таагүй, ноцтой гэж болох зүйлүүдийг бичсэн байв.

Сангийн сайд асан С.Баяр­цогт ч Ерөнхий сайд асаныгаа дуурайж  “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүлсэн. Хэвлэлийн бага хурал хийж энэ талаараа мэдээлсэн. Мөн л “Миний хэргийг хааж байгаа” гэж мэдээлэл хийгээд, АТГ хариуд нь “Үгүй” гээд хөгийн л юм болж байна. Ингэж оффшорчид “зохиолч” болж, Ерөнхийлөгчийн биелүүлэх ёстой амлалтын гол зүйлийг баллаад байгаа харагдаад байгаа юм.

60 тэрбумын хэр­гийн талаар Ерөнхий­лөгч Х.Баттулга сонгог­дохынхоо өмнө, дараа байнга ярьж ирсэн. Үүнтэй холбоотой үгийг УИХ-ын чуулганы нээлт дээр хэлдэг. Прокурорын байгууллагыг ч шүүмжилдэг.

Гэвч АТГ, прокурор, шүүх хамжиж дэмжиж бай­гаад 2019 оны арав­дугаар сарын 31-нд шийд­лээ гэсэн. Гэтэл уг хэрэгт дөрвөн хүний хоёр нь буюу Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр л бу­руу­тай болж таарсан. 60 тэрбумын бичлэгийн учир шалтгааныг хөөвөл тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод намын нэгжийн удирдлага нь стра­теги танилцуулсан үйл явдал харагддаг. Ц.Сандуй нар тийм л үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ Намын дарга нь зөвшөөрөөгүй бол, “Шинэ Монгол хаад групп” компанийн байранд очоогүй бол 60 тэрбумын бичлэг гэж байх байсан уу. Мэдээж хэрэг үгүй. Ийм байтал 60 тэрбумын хэргийг шийдэхэд “ата­ман” нь сугараад үлд­чих­сэн. Үүнийг л олон нийт Ерөнхийлөгч Х.Баттулгын хэдэн жил ярьсан амлалт биеллээ олсонгүй гэж үзээд байгаа бололтой. Иймээс сонгогчид, олон нийтийн зүгээс Ерөн­хийлөгчид хандаж “Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс “атаман” нь мултраад дуу­сах уу” хэмээн асууж эхэлж байна.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх