ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд мандатын тоог хуваарилах ёстой. Одоогоор зарим аймаг хоёр мандаттай болж, дүүргүүдээс хасах тухай яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ынхан нийслэлийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сонголт хийх эрхэнд нь халдаж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг. Энэ бол нэг төрлийн хулгай юм. Харин АН энэ асуудалд зарчимтай хандаж, нийслэлд квотыг нэмсээр ирсэн. Яагаад гэхээр Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөл эндээс арай олноор сонгогдох ёстой юм. Харин МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад л хэрэглэх гэж байна. Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс нэг квот хасна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна. Уг нь нийслэлийн сонгогчдын эрхэнд ингэж халдах болохгүй л дээ. Нийслэлд тойрог алдаж болзошгүй гэсэн намынхаа эрх ашгийг л бодож ингэж шийдэж байна.
-Нийслэлд МАН-ын нэр хүнд муу байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Сонгууль болгоноор л ийм дүр зураг ажиглагддаг. Энэ жил нэр хүнд нь бүр ч уналаа. Яагаад гэхээр 2020 төсөв дээр Улаанбаатарт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг маш их танаж баталлаа. Энэ нь цаашид МАН нийслэлийн сонгогчдод найдалтгүй гэдгээ улам тод харуулсан. Мөн тэд сонгуулийн мандатыг батлахдаа газар нутгийн хэмжээг харгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн хүн тухайн газар орноос биш сонгогч, иргэдээс санал авч орж ирдэг шүү дээ. Улмаар хэдэн сонгогч байна тэдний эрх ашгийн үүднээс ажилладаг. Тэгэхээр мандат хуваарилах асуудал дээр газар нутгийн хэмжээнээс илүүтэй иргэдийн тоог харгалзах нь зүйтэй.
– МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдээс хандив авахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин АН 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Эрх баригч намын мэдэгдлийг та юу гэж дүгнэсэн бэ?
-Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ, тендер, концесс гээд улсаас хулгайлж болох бүх зүйлийг хулгайлсан. Тэд 2016 оны сонгуулиа 60 тэрбумын схемээр зохион байгуулсан. Тэр нь бүтэлгүйтсэн. Харин одоо Улсын төсвийн хөрөнгийг хулгайлах замаар буюу тухайн тойрогт хийх ажил нэрээр том дүнтэй төсөв тавиад сонгогчдын саналыг хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ энэ намд нь төсвөөс гадуур тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин энэ санхүүжилтээ ширээн доогуур, томоохон олигархиудаас авахаар тохирсон гэдэг нь илт байна. Сонгуулийн дараа нам нь олонхи болвол тухайн олигархиуд нь концесс, тендер авдгаараа л авцгаах юм байна.
Төрийн хулгай үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Манай нам 100 сая төгрөгийн дэнчин авсан. Энэ мөнгөний ихэнх нь орон нутгийн намын хороод руу зарцуулагдана. Тухайн тойргийн ухуулагч, менежерийн цалин гээд намын гишүүдийн үйл ажиллагааны зардалд зарцуулагдах юм.
-Мөн МАН нэр дэвшигчдээ ард түмний рейтингээр тодруулна гэсэн. Үүнийг хэрэгт холбогдсон бол нэр дэвших боломжгүй гэж ойлгосон. Та юу гэж харж байна вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үндсэн зан одоо л илэрч байна. Өнгөрсөн хугацаанд тэр ЖДҮ-чдийг өөрийнхөө төлөө хангалттай ашигласан. Ингэхдээ тэдэнд та бүхнийг дахин дэвшүүлнэ гэсэн амлалтыг өгч байсан. Ингэж өөрийнхөө Засгийн газрыг хамгаалж, өөр бусад булхайг ч хийлгэсэн. Харин одоо Засгийн газрыг унагах тухай асуудал цаг хугацааны хувьд боломжгүй.
Энэ үедээ тэднээсээ бууруулж байх шиг байна. Сонгогчдын дунд өндөр рейтэнгтэйг нь нэр дэвшүүлнэ гэж байна. Хэрэв энэ санал асуулгаар болвол ЖДҮ-чдээс нэг ч хүн нэр дэвшихгүй. Тэгэхээр одоо ЖДҮ-чид МАН-ын даргад хэрэггүй болжээ.
-Хуульч Б.Гүнбилэг таны мэдэгдэл, мэдээлэл дээр үндэслэн Ц.Нямдорж сайдын асуудлаар ҮАБЗ-д хандсан байсан. Та энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би Б.Гүнбилэгийг танихгүй. Гэхдээ хуульч хүний хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар баримт материал цуглуулж, ҮАБЗ-д хандсан гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд миний УИХ болон байнгын хорооны хуралдаан, хэвлэлд өгч байсан байр суурийг маань хэд хэдэн үндэслэлээр гол баримт болгож өгсөн байна лээ. Миний ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар хэлсэн бүх зүйл баримт нотолгоотой гэдгийг дахин хэлмээр байна. Хуульч хүний хувьд энэ баримтуудыг ч дахин нягталж дээд байгууллагад хандсан байх.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин