Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.10) нэгдсэн хуралдаан 11 цаг 47 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

 

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 15 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

 

width=640

   

 Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төсөлд “нэг бодыг гурван богоор” гэснийг ямар үндэслэлээр өөрчилж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан болно.

 

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгожээ.

 

    Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна гэж үзэн тус ялын төрлийг хасах, олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тул найман бог, хоёр бод байхаар зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 

 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, тодруулга хийсэн. Хоёр бод, найман бог хулгайлсан тохиолдолд гэхээр энэ тоонд хүргэхгүй мал хулгайлвал гэмт хэрэгтнүүд ял завших эрсдэлтэй тул өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхыг малчид хүсч буйг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. Тэрбээр нэг бод, эсвэл долоон бог хулгайлсан хүн ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодрууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулахдаа, бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6 сараас 5 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан. Давтан болон зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд тусгагдсан байна. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд бий гэдгийг хэллээ. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэлж байв. Тэрбээр мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зохицуулалтыг төсөлд тусгасан нь хэвээрээ эсэхийг тодруулж хариулт авсан. Малын хулгайтай тэмцэхдээ ялын бодлого чангатгахаас гадна бусад арга хэмжээг авах тал дээр холбогдох талууд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүн хэлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэн хувь иргэдийн амьдралд ноцтой хохирол гарч байсан тохиолдлууд бий гэдгийг хууль тогтоогчид сайтар тооцож, асуудлыг иж бүрнээр нь харж эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг Д.Лүндээжанцан гишүүн хэлж байв. Засгийн газрын зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. 

 

width=640

 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явууллаа. Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

 

Эрүү болон Зөрчлийн багц хуулиудыг баталлаа

 

    Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. 

 

    Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон нэр томъёоны талаарх найруулгын саналыг төсөлд тусгасан жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд эцсийн хувилбарын төсөл, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Д.Ганболд гишүүн танилцуулсан юм. 

 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Байнгын хорооноос бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 буюу 70 хувийн саналаар дэмжин баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувийн саналаар баталлаа. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжин баталсан юм. Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа. 

 

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа 

 

width=640

  

  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэсэн талаар Д.Ганболд гишүүн танилцууллаа. 

 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан. 

 

width=640

  

 Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав. 

 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа

 

    Нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. 

width=640

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурапд өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороод 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан.

 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хурапдаан даргалагчаас өгсний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж, мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж. 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэний дагуу төслийн 5.6 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гуравны хоёрын саналаар дахин санал хурааж дэмжээгүй болно.

 

    Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураалгахаар нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж буйг санал, дүгнэлтэд дурдсан юм. 

 

    Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 орчим иргэнийг хамааруулж шийдвэр гаргахаар зохицуулалт туссан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн саналаар тэтгэвэр авдаг нийт 421.000 ахмадын 194.000 нь орхигдох эрсдэл байгаа учир тэдгээрийг орхигдуулахгүйгээр хамруулах шийдвэрийг төсөлд нэмж тусгасан талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тайлбарлалаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт боловсруулах ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн төлөөлөл оролцсон, мөн бие даагчдын санал ч төсөлд туссан гэдгийг тэрбээр онцлоод зөвшилцлийн хүрээнд шийдвэр гаргахаар ажилласан гэдгээ онцолсон юм. Төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 ахмадын асуудлыг шийдэхээр тусгасан байсныг өөрчилж 421.000 ахмадыг бүрэн хамруулах, нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг дуусгавар болгох, мөн дахин тэтгэврийн зээл олгохооргүй болгосон байсныг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн 6 сар хүртэлх хугацаагаар иргэн зээлээ барьцаалж тэтгэвэр авч болохоор өөрчилсөн нь ихээхэн чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд болж байгаа хэмээн Д.Оюунхорол гишүүн тайлбарлаж байв. 

 

width=640

  

  Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжиж, хууль батлагдав. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувийн дэмжлэгээр хууль батлагдлаа. Ингэснээр иргэд жилд нэг удаа 6 сараас илүүгүй хугацаагаар тэтгэвэрийн зээл авах бололцоо нээгдэж байгаа юм. 

 

Хууль, тогтоолын төслийг баталлаа

 

    Дараа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль тогтоомж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтооолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Я.Содбаатар гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулав. 

 

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

 

    Хууль хэрэгжүүлэх журмыг тодорхой болгох, тэтгэвэр барьцаалсан зээлгүй тэтгэвэр авагчдад зориулан үнэт цаас гаргах нөхцөл, зарцуулалтын талаарх дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, танилцуулах, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруупж, батлуулах нь зүйтэй гэж тус Байнгын хороод үзсэн болно.

 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдав. Хууль, тогтоолын төслүүдийг хамтарсан Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

 

    Я.Содбаатар гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос хариулт авсан. 

 

    Үргэлжлүүлэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн. Иймд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 62.8 хувийн саналаар,  “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 64.3 хувийн саналаар дэмжсэн юм. 

 

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

 

    Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 

 

    Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо.

 

width=640

    

Зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га  болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурдсан байна. 

 

    Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгажээ. 

 

    Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж. 

 

    Төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна.

 

    Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын зарим газар нутаг улсын тусгай хамгаалалттай бүсэд байдаг учраас иргэд газар эзэмших, өмчлөх гэрчилгээгээ авч чадахгүй, түүнчлэн эдийн засгийн эргэлтэд өмч хөрөнгөө оруулах боломж хязгаарлагдмал зэрэг олон бэрхшээл байдаг, иймд уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдахад ажлын хэсэг орон нутгаас ирүүлсэн хилийн цэс тогтоох саналыг дахин нягтлаж үзэх шаардлагатай байна, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва нэр бүхий газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн улмаас байгалийн унаган төрх алдагдах байгаль орчин доройтож, байгалийн нөөц хомсдох, түүх дурсгалын үнэт зүйлс устах, экосистемийн тэнцвэрт байдал өөрчлөгдөх үйл явцыг хязгаарлан зогсоох, улмаар устах аюулд орсон амьтан, ургамал хэвийн өсөж үржих, амьдрах, тохиромжтой нөхцөл бүрдэнэ, байгаль орчноо хамгаалах тал дээр орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах, сурталчлан таниулах ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалдаг хамгийн чухал бүс нутаг болох газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэвэр усныхаа нөөц, эх үүсвэрүүдийг хадгалах чухал ач холбогдолтой учраас энэ бүс нутгаа улсын тусгай хамгаалалтад авах ажлыг шуурхай хийх шаардлагатай байна, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах, ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах нь зүйтэй гэсэн саналыг тус тус хэлсэн талаар санал, дүгнэлтэд дурджээ.   Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна. 

 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун, Д.Дамба-очир, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан зарим, хууль тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх