Ч.Санжаадамба аваргын бойкотыг МҮБХ зогсоолоо

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Допингтой бөхчүүдтэй барилдахгүй хэмээсэн Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат нарын аваргуудын бойкот зогсохоос аргагүйд хүрч байна. Тэд Монголын Үндэсний бөхийн холбоо, Баяр наадам зохион байгуулах комиссыг допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах, тэдэнд хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үндэсний спортод ужгирсан сэргээш, найраатай холбоотой асуудалтай тэмцэхээр гурван аварга манлайлан, улсын цолтой бусад бөхийг уриалсан юм.

Гэвч аваргуудын бойкотыг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид зогсоох журам баталжээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг 2020 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр тогтжээ. Тэргүүлэгчид хэлэлцээд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд заавал оролцох хувийг дараахь байдлаар өөрчлөлт оруулан баталсан байна.

Журамд зааснаар:

-27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд

-28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд

-34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд заавал барилдах ёстой болж байна.

Харин 38-аас дээш насны бөхчүүд сайн дураараа барилдах бөгөөд эдгээр хувьдаа хүрээгүй бол наадам болон цагаан сараар барилдуулахгүй байх журмыг мөрдөхөөр тогтжээ.

Ч.Санжаадамба аварга гэхэд энэ жил 35-тай.  Харин С.Мөнхбат аварга 36-тай. Тэд нийт барилдааны 50 хувьд барилдахгүй бол наадам, цагаан сараар барилдаж чадахгүй болох нь ээ. Харин 32 настай Н.Батсуурь аварга нийт барилдааны 70 хувьд оролцох ёстой болж байна. Б.Гончигдамба гарьд, Ц.Содномдорж арслан нийт барилдааны 50 хувьд барилдах шаардлагатай боллоо. Тэдний бойкот Үндсэн хуулийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанаас эхлээд зогсохоор болж байна.

Нэг талаас МҮБХ-оос гаргасан дээрх журам бөх сонирхогчдыг үзэх зүйлтэй болгож, барилдааны чанар өрсөлдөөнийг сайжруулж байгаагаар дэвшил. МҮБХ-ноос зарласан ойн баяруудын, чансаа өндөр бөхчүүдийн барилдаан, дөрвөн уулын хишиг барилдаан, ивээн тэтгэгчдийн барилдаануудад улс, аймгийн цолтнууд идэвхтэй оролцохоос аргагүйд хүрч байна.

Нөгөө талаараа МҮБХ бол төрийн бус байгууллага. Сайн дураараа эвлэлдэх нэгдсэн ашгийн бус хуулийн этгээд. Тэдэнд бөхчүүдийг барилдаанд оролцохыг албадах, барилдахгүй бол барилдах эрхийг нь хязгаарлах эрх байхгүй. Түүнчлэн үндэсний бөхийн соёл, уламжлалд харшлах найраа, шударга бус байдал, сэргээшийн асуудлыг эсэргүүцсэн бойкотыг журмаар хашиж болохгүй. МҮБХ ажил олгогч биш бөхчүүдийг цалинжуулдаггүй учраас тэндээс цалин авдаггүй бөх заавал барилдаан бүрт оролцох албагүй.

Өнгөрсөн хугацаанд тариачин Л.Чинбатын МҮБХ, Б.Бат-Эрдэнэ аваргын МҮБХ Бөхийн өргөө, түүний орлогын хойноос л холбоогоо булаацалдаж маргалдсан. Тэдний хэн ч даваа наймаалцах, сэргээшийг таслан зогсоох, үндэсний бөхийг хөгжүүлэх талаар бодлого дэвшүүлсэнгүй. Одоогийн МҮБХ ч орлогын хойноос хөөцөлдөж, улсын цолтнуудыг заавал барилдуулах журмаа дахин сэргээсэн болохоос дорвитой ажил хийхгүй байна. Журам мөрдүүллээ гээд сэргээшийн асуудлаа цэгцлэхгүй бол бөхчүүд бэртэлтэй, хүндэтгэх шалтгаантай гэсэн актаар бойкотоо үргэлжлүүлэхээс аргагүйд хүрч байх шиг.

 ЭХ СУРВАЛЖ: TIME.MN
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх