​Ираны төв телевизээр ‘Доналд Трампыг хөнөөсөн хүнд 80 сая доллар өгнө’ гэж мэдэгдлээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ираны зүүн хойд хэсгийн Машхад хотод өчигдөр тус улсын армийн Кудс элит хүчний командлагч асан Генерал Кассем Солейманиг оршуулах ёслол болж өнгөрлөө. Түүнийг үдэн гаргах ёслолд хэдэн мянган иргэд оролцсон бөгөөд тэд гудамжинд олноороо цуглан “Америкчуудаас өшөөгөө заавал авна” гэж хашхирч байжээ.

/

Генерал Кассем Солейманиг оршуулах ёслол

Оршуулгын ёслолыг Ираны төрийн мэдлийн “Al Arabia” телевиз шууд дамжуулсан аж. Орон даяар шууд дамжуулагдан хүрч байсан оршуулгын ёслолын үеэр, уг ёслолыг хөтөлж байсан этгээд телевизийн эфирээр  “Кассем Солейманиг хөнөөх тушаал өгсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас өшөө авч, түүнийг хөнөөсөн хүнд 80 сая ам.долларын шагнал өгнө” гэх утга бүхий мэдэгдэл цацагдсан юм.

Уг мэдэгдэлд “Ираны их хувьсгалын билэг тэмдэг болсон Кассем Солеймани нэгэнтээ, бүх исламын шашинтнууд Израиль руу нэгэн зэрэг хувинтай ус цацахад л тэд живж үгүй болно гэж хэлж байсан удаатай. Тиймээс бид ч гэсэн өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Иран улс 80 сая хүн амтай. Хэрэв Ираны иргэн бүр нэг ам.доллар цуглуулбал 80 сая ам.доллартай тэнцэнэ. Энэ мөнгийг их хувьсгалын агуу бэлгэ тэмдэг болсон Кассем Солейманигийн амь насыг хөнөөх тушаал өгсөн тэр этгээдийн толгойг авчирсан хүнд өгөх болно. Тэрхүү шар толгойтой, сэтгэцийн өвчтэй хүний толгойг бидэнд авчирсан хэнд ч Ираны агуу үндэстний нэрийн өмнөөс уг мөнгийг өгнө. Энэ уриалгыг Машхад хотоос хүргүүлж байна. Хэрэв санал нэгдэж байвал уухайлагтун!” гэх үгсийг хэлсэн аж.

Үүний дараа “Al Arabia” телевизийн зүгээс үүнийг Ираны Засгийн газрын албан ёсны мэдэгдэл биш гэж залруулсан байна. Гэсэн ч төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн телевизийн эфирээр шууд цацагдсан энэхүү суртал ухуулгыг барууны хэвлэлүүд  англи хэлээр орчуулан байршуулсан нь Ираны эрх баригчдын албан бус байр суурийг илэрхийлж буй гэжээ. Кассем Солейманиг оршуулах ёслолд Ираны төр, шашны гол зүтгэлтнүүд оролцож үг хэлсэн байна. Харин одоогоор дээрх үгсийг хэн хэлсэн талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм. Энэ талаар Ираны эрх баригчид болон Цагаан ордны зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбарыг одоогоор өгөөгүй байна.

АНУ-ын Агаарын хүчин өнгөрөгч баасан гаригт Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудал орчимд тусгай ажиллагаа явуулж, дроны тусламжтай Кассем Солейманиг зорчиж явсан автомашинтай нь дэлбэлж хөнөөсөн билээ.

Пентагоны зүгээс Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон удаа дараагийн зэвсэгт халдлагад Кассем Солейманиг буруутгаж байгаа бөгөөд цаашид Иран улсаас ирж болзошгүй халдлагуудаас өөрийн улсын иргэдийг хамгаалах зорилгоор түүнийг хөнөөх болсноо мэдэгдсэн юм. АНУ-ын тусгай хүчин өнгөрөгч арваннэгдүгээр сард тусгай ажиллагаа явуулж дэлхийн хамгийн зартай алан хядагч асан, Исламын улс бүлэглэлийн үүсгэн байгуулагч Абу Бакр Аль-Багдадиг хөнөөсний дараагаар Ираны цэрэг, тагнуулын гадаад үйл ажиллагааг хариуцдаг Кассем Солеймани дэлхийн хамгийн зартай террорист этгээд болоод байсан юм. Цагаан ордны зүгээс 2007 оноос эхлэн Кассем Солейманиг Холбооны мөрдөх товчооны онц ноцтой алан хядагчдын жагсаалтад оруулж эрин сурвалжлах болсон аж.

О.Мөнхбат

Эх сурвалж: Al Arabia, Blind, NewsHub

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх