Манай Монголын төрд хувалзууд шигдсэн учраас төр улс маань хөгжихгүй өөдлөхгүй байна

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хувалзууд

Хувалз гэж- хүн, амьтны цус сорж амьдрах шимэгч хорхойнууд шилжсэн утгаараа бусдын хөдөлмөр хүчийг шимэгч хүн, Паразит, или социальный паразит, человек, живущий на чужие средства, за счёт чужого труда, тунеядец воровство, фальсификация, мошенничество, злоупотребление доверием гэж википедиа нэвтэрхий тольд тайлбарласан байна.

Хувалзуудын дүр төрх өөр боловч мөн чанар нь хүн, амьтан, ургамал байхаас үл шалтгаалан адилхан. Бусдын хөдөлмөрийг сорон шимэгч хүн, амьтны биед шигдэн шимэгч хувалз, ургамлыг ороон мөлхөж идэгчид бүгд энэ ертөнцийн сайн сайхныг мөхөөгчид.

Манай Монголын төрд хувалзууд шигдсэн учраас төр улс маань хөгжихгүй өөдлөхгүй байгаа билээ. Аль ч төрийн байгууллагад хамт олны дунд нэр хүндээ алдахгүй, нэг их сайн дүр эсгэвч аливаа ажлын ард үлдэж ажил хийсэн дүр үзүүлэн суух мөртлөө асуудал шийдэх болоход бултан хүнээр могой бариулдаг, алдар нэр гавъяа шагнал, авах идэх болохоор түрүүлж гүйдэг, арга хэмжээ авахуулах болохоор матрын нулимс унаган гомдоллодог нөхдүүд хаа сайгүй л байдаг билээ.  

Гол төлөв эдгээр нөхдүүд дарга нарын гар хөл болон гүйж, хүний хийснийг өөрөө хийсэн, ядахдаа оролцсон мэт харуулан ашиг, хонжоо хайгчид билээ. Тэднийг одоо үед цүнх баригчид, пялдагууд .... гэх мэтчилэн нэрлэж байгаа.

Эд нарын дундаас маш олон чадваргүй, авлигач, хомхой төрийн, түмний өмчийг иддэг хүнд сурталтнууд төрөн гарсаар байна. Тэд хэвлэл мэдээллээр гоё дүр, уран үгтэй гарч ирэн эх оронч,идэвтэний дүр эсгэх нь олонтаа. Мэдэгч дүр эсгэх авч цагаа тулахаар олигтойхон бичиг баримт боловсруулах чадваргүй, хамт олноо удирдан зохион байгуулах ур дүйгүй ихэрхэх, алба тушаалаараа түрэмгийлэн ажилтнуудынхаа хүчийг сорж дээш дарга нартаа ихийг бүтээгч мэтээр харагдах нь их болжээ. Дээд дарга нартаа ашигтай байдал үүсгэн тал олж өөрийгөө хамгаалуулдаг тэдний амьдрах арга нь монгол улсыг үнэхээр сүйдэлж байна. 

Хувалзуудаас болж улс орноо хөгжүүлэх чадвартай олон хүмүүс ажилгүй, орлогогүй итгэл үнэмшилгүй болж харин харийн улс оронд үнэлэгдэж яваа. Сүүлийн үед манай эрхэм дээдсүүдийн хүүхдүүд хамаатнууд бас л алба тушаал, эрх мэдэлд зүтгэсэн хачигнууд төрийн байгуулагуудад хаа сайгүй. 

Хувалзуудын гараар орсон олон гэрээ хэлэлцээр, ажил үйлс, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн шийдлүүд улс орны эрх ашгийг хохироосон, хувийн, харийнхны сонирхолд нийцсэн байгааг түмэнд ил болсон хэргүүд гэрчилнэ.  

Хувалзуудыг таних хэцүү ч бас мэдэж болох зарим жишээнүүд бий. Тухайлбал ард түмний татварын мөнгөөр бий болгосон тэдний албан өрөө оффис , машин нь ганган хээнцэр, тансаг, тэд гадаад дотоодод томилолтоор явахдаа люкс вип зэрэглэлийн хэрэглээтэй, очсон аймаг газар улсаараа элдэв зардлаа даалгана, цалин хөлс урамшууллаа хамгийн дээдээр авна, төсөл хөтөлбөр, ажлын хэсгийн удирдагч, оролцогч байж илүү дутуу хөлс цохих  нь элбэг, элдэв компани, төслийн ТУЗ-д орсон, ажилласан нэртэй цалингаас гадуурх орлоготой. өөрөөсөө сохор зоос ч гаргалгүйгээр улсын болон бусдын өмч,бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ, машин унааг яаж ийгээд хувьдаа ашиглаж хувийн жаргалыг л эрхэмлэнэ. Чин үнэнээсээ эх орныхоо эрх ашгийг бодохгүй. Улсын нэр ашиглан олон удаа гадаад дотоод явах сурах атлаа хийх ажлаа доод хүмүүсээрээ хийлгэн бэлэн будаа ашиглана. Хэлэх үгээ хүртэл бусдаар бэлдүүлэх мөртлөө олигтойхон утга логиктой нь уншиж чадахгүйчүүд бас зөндөө тааралдана.Үнэхээр эх орноо боддог байсан бол түмний хөрөнгийг гамтай хэрэглэж, тансаг хэрэглээгээ улсаа хөгжүүлэхэд чиглүүлэх байсансан.

Бурууг бусдад чихэх, хэргээс мултрах, зальдахдаа гарамгай бөгөөд үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэдэг шиг  бусдаас өө сэв, дутагдлыг байнга хайж дарамтлах ашиглахдаа сайн. Ажлын хариуцлага тооцохоор орилж хашгачих, уйлж дуулах, өргөдөл гомдол гаргах, харааж зүхэхээс эхлээд сүүлийн үед сурсан муу арга нь болохоор лам хар бөөгөөр гүйн хорлох ажиллагааг сайн хийнэ. 

Хувалзууд төрөх нийгмийн суурь үндэс нь шударга бус байдал, төргүй нийгэм юм. Нийгмийн паразитизмын шалтгаан нь улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, иргэдийн идэвхгүй төлөв юм. Нийгмийн оюун санаа бохирдон эцэг эхчүүд үр хүүхдээ нийгмийн амьдрал, хөдөлмөрийн хүмүүжлээс холдуулан хувиа хичээсэн үзэл, тансаг хэрэглээ, ашигч хонжоо хайх сэтгэлгээнд сургаж буй нь бодит бүтээмжээсээ давсан хэрэглээг хүсэгч хувалзуудыг бойжуулах хөрс болж байна. 

Нийгэмд манлайлагч үүрэгтэй төр нийгэм, оюун санааны удирдагчид нь шударга бусаар амьдарч, ард түмнийхээ уламжлал түүх соёл, үнэт зүйлсийг уландаа гишгэн эх орноо эд хөрөнгө ашиг сонирхол шуналын төлөө худалдан сүйтгэж буй нь өсвөр залуу үеийнхэнд хамгийн сөрөг нөлөө үзүүлэн улс үндэстнээ мөхөөх зам руу хөтөлж байна. Тэд хожмын өдөр үр удмаа хараалгах, мөхөөх үйл хийж байгаагаа мөнгөөр аргална хаана гэсэн сэтгэлгээгээр аргацааж байгаа. Хувалзын амьдралын онцлог нь шимж амьдарч буй организмаа бүрэн мөхөөсний дараа дахин өөр биед шилжин сороход оршдог бөгөөд эх орноо харийнхний идэш болгон сүйдэлсний дараа тэд хэнийг мөлжих гэж явах юм болоо.Лав л эх оронгүй, гишгэх газаргүй тэдэнд шимүүлж байх тэнэг улс орон гэж байхгүй дээ.    

Ц.Мөнх

Эх сурвалж: sonin.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх