Ким, Ли, Дорж гурвын ялгаа

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Солонгосын Ким, Хятадын Ли, Монголын Дорж гуравт маш их ялгаа байна аа. Адаглаад л ардчилсан Монгол, авторитар Хятадын жирийн иргэдийн ялгаа заагийг тоочвол өчнөөн өнцөг харагдах юм. Жирийн хятад иргэн бизнес хийхийг  хүсдэг бол монголчууд эсрэгээрээ. Зам дээр дохиур барьж зогсох гэж хоёр жил хүлээнэ.

Төрийн албанд орохын тулд өчнөөн саяын авлига өгнө. Хувийн хэвшлийнхэн нь саяас хоёр саяын цалин амлаад байхад сарын 500 мянгахан төгрөгийн цалинтай төрийн алба руу хошуурцгаадаг. Энэ хүмүүсээс хэдэн хувь нь монгол төрийн, монголыг хөгжүүлэхийн төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэх бол?

Гурван сая хүн амтай улсад гурван зуун мянган төрийн албан хаагч. Ингэж гүйлддэг шалтгааныг нь ухаж ядах юмгүй. Төрийн албан хаагчийн ихэнх нь нам дагасан цүнх баригч,ах дүү хамаатан садан, амар аргаар мөнгө олж баяжихыг хүсэгч, өөрийгөө хүндлүүлэх гэсэн хаан заяатангууд, худлаа хоосон хийрхэгч нар байдаг. Харин хувийн хэвшилд ийм хүмүүс багтахгүй. Ардчилсан Монголд татвар их, зээлийн хүү тоймгүй өндөр. Төрийн дарамтыг бүр ярих юм биш. Гэтэл бидний коммунист гэж ад шоо үздэг Хятадад татвар бага, зээлийн хүү боломжийн,  төр нь бизнес хийе гэсэн иргэдээ дэмжсэн шиг дэмждэг. Монголын нэг компанийн захирал эмэгтэй Хятадад очиж бизнес хийж л дээ. Далайн эргийн хотод оёдлын үйлдвэрлэл эрхэлж, оёсон хувцсаа Европ руу гаргах төсөл хэрэгжүүлэхээр очсон юм билээ.

Бүсгүй түрээсээ өгч, ажилчдаа авчихаад нийгмийн даатгалын шимтгэл бас бус татваруудаа яаж төлөх вэ гэж лавлатал цаадуул нь нүдээ томруулж чихээ сортойлгоод асуултыг нь ойлгож өгөхгүй бөөн юм болж. Сүүлдээ арай гэж ойлгоод “Та иргэдийг минь ажилтай орлоготой болголоо, Хятад улсад баялаг бүтээж өгч байна. Яалаа гэж илүү татвар мөнгө авах вэ. Эхлээд та хөл дээрээ босч томрох хэрэгтэй” гэж хэлжээ. Энэ үгийг бизнес эрхлэгч бүсгүй нулимс цийлэгнүүлэн ярьсан нь санаанаас гардаггүй юм. Хятадын хувьд манайхаас өөр засаглалтай ч эдийн засаг нь жинхэнэ капиталист маягаар хөгжиж яваагийн наад захын жишээ нь энэ.

Хийж бүтээгчдээ адалж, мөлждөг төр

Эдийн засаг нь хэцүүдэхээр татвар төлдөг иргэдээ дэмжсэн шиг дэмжинэ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр санагдана, Солонгос улс иргэдийнхээ нийгмийн даатгалыг шимтгэлийг буцааж өгсөн түүх бий. Тэр үед Хятад улс зээлтэй компаниудынхаа зээлийн хүүг нь хөнгөлж байсан юм. Улс орны эдийн засгийг төр биш, компани, иргэд босгодгийг мэддэг учраас татвар төлөгчдөө хэцүү цагт дэмжсэн хэрэг.

Бизнесээ ингэж дэмжсэн учраас Солонгосоос “Самсунг” төрсөн, “Али баба” Хятадын нэрийн хуудас болж яваа. Дэлхийд Хятад, Солонгос их гүрэн болж хөгжсөний нууц нь ерөөсөө л дэлхийд гялалзаж яваа компаниуд нь. Гэтэл манай улс яг үүний эсрэг. Дэлхийн худалдааны дайн дуусаагүй, эрдсийн үнийн уруудалтын цикл эхэлнэ гэх мэт өчнөөн шалтгаан үүсчихсэн болохоор ирэх жил лав эдийн засаг таагүй байна. Эдийн засаг хэцүүднэ гэж ОУВС, Дэлхийн банк хүртэл анхааруулаад байхад эрх хүндэт төр маань иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, компаниудаас авах татвараа төсөвтөө өсгөөд тооцчихсон.

Хөгжсөн орнууд хийж, бүтээдгээ дэмждэг байхад манайхан тэгдэггүй. Бүтээж хийснээ улам адалж, илүү мөлжиж, хийж бүтээдэггүй хэсгээ халамжаар дардаг. Ядуу юм, орон гэргүй юм, өвчтэй зовлонтой юм хөөрхийс гэж ирээд тус тусад нь халамж зохиож хэдэн тэрбумаар нь тараадаг.

Дундаж давхаргыхны халаасыг сэгсэрдэг төр

Бүтээдэг, босгодгоо шулсан бас нэг хууль баталчихсан яваа, манай төр. Тэр нь Зөрчлийн хууль. Зөрчлийн хуулийн торгуулийн дундаж хэмжээ нь 250 мянган төгрөг. 250 мянган төгрөгийн торгуулийг сарын 500 мянган төгрөгийн цалинтай амьдралаа чадан яван авч яваа хэсэг лав төлж чадахгүй. Халамж тэтгэмжээр амь зогоодог ядуусын хувьд бүр санах ч юм биш. Сарын хоёр сая төгрөгөөс  дээш орлоготой  хүмүүсийн л төлж хүчрэх мөнгө. Бас дээрээс нь НӨАТ-ын 10% үүнээс дүгнэхэд юм хийж  баялаг бүтээж байвал торгууль, татвар, дарамт юу ч хийлгүй суувал төрөөс халамж хүртэх. Бас нэг жишээ:

Хувийн хэвшилийг хөрөнгөжиж баяжсан гэж шээс алдан заналтай нь аргагүй хэлэх төрийн алба хаагчийг нилээдгүй харж л байлаа. Хувийн хэвшил байгууллага тогтвор суурьшилтай ажиллаж байвал ажилчидын тоо нэмэгдэж тэдгээрийн авах цалин хөлсний хэмжээ өсч улсад төлөх татварын хэмжээ ч түүний хэрээр өснө гэдгийн мэддэггүй бололтой. Дундаж давхаргынхнаа адалсан их тод жишээ шүү. Дундаж давхаргаа дэмжиж байж улс хөгждөг, хүчтэй дундаж давхаргатай улс дажгүй хөгжсөн жишээ дэлхийгээр нэг бий. Наад захын тод жишээ нь Австрали. Дундаж давхаргаа ажилтай, орлоготой байлгахын тулд, дунджуудынхаа хүч нөлөөг алдуулахгүйн төлөө төр нь ямар мэргэн бодлоготой ажилладгийг Австралиас харж болно. Цөөн хэсэг нь хэт мөнгөжвөл улстөр, эдийн засгийн бүлэглэл мафия хүчирхэгждэг, мөнгөгүй, боловсролгүй хар масс үүсдэг учраас ухаантай улсууд дундаж давхаргаа бөөцийлдөг юм.

Хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлддөг төр

Манай төрд бизнесийнхнээ өндийлгөх дургүй бас нэг гэм бий. Хувийн хэвшлийн компаниудтайгаа нүүрс экспортолж, барилга барьж, бүр шахмал түлш үйлдвэрлэж хүртэл өрсөлдөнө. Том мөнгө олдог уул уурхайн компаниудад хувь эзэмшихийн төлөө улайрна.  Төр баялаг бүтээдэггүй, Хувийн хэвшил буюу ард түмэн л баялагийг бүтээнэ гэдгийг сана. Жамаараа хөгжиж яваа мундаг улсуудыг анзаарах нь ээ төр нь бизнес хийдэггүй, хувийн хэвшлийнхнээ дэмжсэн бодлого явуулсан харагддаг.

Товчхондоо иргэн баян бол улс баян гэж хараад урагшилсан улс л хөгжөөд байна. Эсрэгээрээ төр нь баян улс баларсан жишээ дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө. Сүүлийн жишээ гэхэд л инфляци нь хэдэн саяар хэмжигдэж, иргэд нь гудамжны муурнуудаа барьж идэж барсан Венесуэл байна. Авторитар дэглэмтэй гэж гоочлуулдаг Хятад ямар билээ, хувийн компаниуд нь улсаа авч яваа. Хятадын төрийн бодлого тэнэг хүн ч ойлгохоор тодорхой.

Бид тэрбум гаруй хүнийг тэжээж хүчрэхгүй, бизнес эрхэлж, ажил хийгээд амьдрах боломжтой орчныг чинь бүрдүүлээд өгье, хулгай хийж, худлаа хэлж, хүрээ талахгүй л бол хамаа алга гэсэн бодлого л явуулдаг. Хууль нь чанга учраас тэрбум гаруй хүнтэй Хятадад хүн алж, хүрээ талсан айхавтар гэмт хэрэг дуулдаад байдаггүй. Зүй нь төрийн хийх ёстой ажил ердөө л энэ. Төр юм хийхээрээ яаж удаж цаг бардагийг Яармагт барьсан эмнэлгээс харчихаж болно. Өчнөөн жил яригдаж байж нэг юм ажил болсон. Гэтэл хувийн компани И-мартыг ганцхан жилийн дотор босгочих жишээний. Тэгэхээр байна аа, улсаараа баян байя гэвэл иргэдээ баяжуул, иргэдээ баяжуулъя гэвэл элдэв дарамт, дүрэм журмаа боль, компаниудтайгаа өрсөлдөж бизнесийг нь булаахаа зогсоо. Гадагшаа явж мундаг улсуудын туршлагыг судлахдаа таван одтой буудалд тарвалзаж, шоппингдоод ирдгээ боль. Хөгжсөн улсуудын ядаж л гудамжаар нь алхаад үзээрэй. Тэнд замаа засварлахдаа  хүртэл манайх шиг сүр зарлаж таг хаадаггүй, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж хэсэгчилж хаадаг юм.

Байгалийн эсрэг хууль гаргадаг төр

Ямар хуультай улс хөгждөг гээ? Байгалийн, амьдралын жамыг дагасан хууль баталсан улс хөгжөөд байна. Наад зах нь л хүний идэж уух цагийг заасан хууль гаргачихдаг. Саяхныг хүртэл дэлгүүр, сүлжээ хоолны газрууд оройны 11 цаг болоод хаадаг хууль хэрэгжсэн. Одоо цагийг нь жаахан сунгаж, сүлжээ хоолны газрууд шөнийн гурван цаг хүртэл ажиллах эрхтэй болсон. Зүй нь амьдралын, амьд явах хуулиар бол хэзээ ч, хэдэн цагт ч хооллох хэрэгцээ гарна аа даа. Архи зардаггүй өдөр, биеэ үнэлэгчдийн эсрэг аян өөр юу юу ч билээ.

Хүний байгалийн хэрэгцээ, амьдралын хуулийг сөрсөн ямар ч шийдвэр сөрөг үр дагавар, гай хохиролтой байдаг. Биеэ үнэлэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрөөгүй учраас ДОХ, тэмбүүгийн тархалт хяналтаас гарч байна. Архи зарахыг хориглосон өдөр, цагтай болчихоор шагийн архины наймаа цэцэглэж, хортой архинд хордох магадлал өсдөгийг өнгөрсөн түүх баталчихсан. Дорж, Ли, Ким гурвын амьдардаг улсын ялгааг яриад байвал энэ мэт өчнөөн өнцөг байна даа.

Г.Жаргал

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх