2020 оны өрнийн зурхай

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

2020 оны өрнийн зурхай

 

Барууны орнуудад "decade” буюу 10-н жилээр цаг хугацааг хэмжих нь элбэг. Энэ 2020 он гарснаар та бүхний амьдралд шинэ арван эхэлж байна. Тэгвэл өрнийн зурхайн 12 ордны шинэ оны зурлагыг хүргэж байна.

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хонины ордныхон бол ямар ч сорилтод бэлэн байдаг хүмүүс. Энэ онд ч мөн адил ямар ч сорилт, шалгуураас эмээлгүй, юу чаддагаа батлан харуулаарай. Аялал адал явдал, эрдэм мэдлэг энэ оны гол цөм нь байх болно. Жилийн эхний хагаст гадаад, дотоодын аялал, албан томилолт таны нүдийг нээж, шинэ туршлага суухад тусална. Түүнчлэн энэ хугацаанд та ялалтын төлөө улайран тэмцэх боловч ялагдал хүлээх тохиолдол цөөнгүй гарна. Зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослоход бэлэн мэт аашилж мэднэ. Ажил хэргийн талбарт таны өрсөлдөгч зан чанар түлхүү ажиглагдана. Аливаа бизнес, санхүүгийн үйл хэрэгт хянуур болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Төлөвлөгөө, зардал, нөөц боломжоо буруу тооцсоноос маш том алдагдалд орж болзошгүй.

Гэр бүл, хайр дурлал: Таны урам зориг, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл огцом нэмэгдэх бөгөөд энэ нь хайр сэтгэлээ илчлэх, харилцаагаа шат ахиулах боломжийг олгоно. Гэр бүлийн харилцаанд таны хариуцлага нэмэгдэнэ. Таны харилцаа холбоо, тэр дундаа романтик харилцаа таны карьер, хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хайр дурлалын харилцаанд дөрөвдүгээр сар хамгийн ээлтэй байх бөгөөд энэ үед та эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүүтэй татаж, бэлгийн дур хүсэл ч оргилох болно. Харин долоо болон арванхоёрдугаар сард гэнэтийн таагүй үйл явдал тохиож болзошгүй.

Эрүүл мэнд: Жилийн эхний хагаст өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэхэд тустай. Гэхдээ энэ үед ядарч сульдах, өвдөх магадлал өндөр байна. Сайн мэдээ гэвэл зуны турш, намрын эхэн сард таны эрүүл мэндийн байдал маш сайн байх болно. Оны төгсгөл рүү дөхөх үед биеэ сувилж, өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ онд мөнгө, санхүүгийн олон чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Өнгөрсөн онд маргаан дагуулсан санхүүгийн үйл хэрэг, хууль шүүхтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэнэ. Та орлогын найдвартай, тогтвортой эх үүсвэртэй болох боломжтой. Харин их хэмжээний ашиг, орлого олоход хүндрэлтэй байх болно. Урт хугацааны өр, зээлээ төлж дуусгахад анхаарч, боломж бололцооноосоо хэтэрсэн зүйлсэд мөнгө зарахаас татгалзаарай. Сарны хиртэлтээс шалтгаалан хаврын саруудад ажил хэрэг, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч магадгүй. Өдөр тутмын ажил, амьдралын хэмнэл, хэвшлээ өөрчилснөөр илүү үр дүнтэй, бүтээлчээр ажиллах боломжтой. Зуны улиралд ажлаа солих, бизнесийн шинэ салбарт хүч үзэхийг хүсэх бололтой. Та зоригтой шийдвэр гаргавал бүтэхгүй зүйл бол биш.

Гэр бүл, хайр дурлал: Энэ онд та нар илүү гүнзгий, дотно харилцааг хүсэх бололтой. Олонх нь өөрөөсөө ахмад эсвэл эгчмэд хүмүүст татагдах болно. Гэр бүл, хайр дурлалын харилцаандаа өөрийн үнэ цэнэ, бардам зангаа хамгаалж, илүү утга учиртай холбоо үүсгэхийг хичээнэ. Ганц бие хүмүүс энэ онд хайсан хүнээ олох болно. Гэр бүл болох, бүл нэмэхэд ээлтэй байна. Намрын улиралд сэтгэл санааны тавгүй байдлаас болж харилцаанд багагүй хүндрэл учирна. Өөрийгөө хянаж, бясалгаж сурснаар аливаа харилцаанд алдаа гаргахаас сэргийлж чадна.

Эрүүл мэнд: Энэ онд хорт зуршил, амьдралын буруу хэвшлээ өөрчлөхийг хичээгээрэй. Биеийн эрүүл мэнд харьцангуй сайн байх тул санаа амар байж болно. Ямар нэгэн өвчин эмгэг туссан ч хялбар илаарьшина.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сүүлийн хэдэн жилд идэвхгүй байсан бол одоо сэрж, карьераа бүтээх цаг иржээ. Зуны саруудад та илүү нийтэч байж, бусадтай харилцахад хялбар байх болно. Үүний ачаар эргэн тойрны хүмүүсээрээ хүссэнээ хийлгэх, тусламж авах боломжтой байна. Шинэ ажил эхлүүлэх, өөр салбарт карьер эхлүүлэхээр шийдсэн бол оны сүүл хүртэл хүлээж, бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөж байна. Учир нь энэ үед таны шийдвэр гаргах чадвар дээшилнэ. Санхүүгийн бие даасан байдал нэмэгдэж, орлого ихэснэ. Энэ оны турш та мөнгө, санхүүгийн аз одтой байна. Оны сүүлээр санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахад анхаараарай.

Гэр бүл, хайр дурлал: Ирээдүйд хамт байх хүмүүсээ, хүрээллээ болгоомжтой сонгохыг сануулж байна. Энэ жил олон шинэ хүнтэй танилцаж, харилцаа үүсгэх ба тэднийг ангилж, зарим хүмүүсээс эртхэн ангижрах хэрэгтэй. Оны эхээр дипломат зөрчил эсвэл салалт зэрэгтэй нүүр тулна. Зарим нь өнгөрсөн онд тогтоосон харилцаагаа эргэн харж, өөр сонголт хийж магадгүй. Гэр бүлээ засч, тохижуулах ажилд хосууд санал зөрөлдөж, энэ нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй. Оны сүүлээр өөрийг тань ашиглаж, давуу тал олох гэсэн хүмүүсээс болгоомжлоорой.

Эрүүл мэнд: Биеийн байдлаа тогтворжуулж, элдэв хууч өвчнөө эмчлэхэд анхаараарай. Өөртөө хэт ачаалал өгөхгүй байхад анхаараарай. Учир нь энэ онд таны дархлаа сул байх бөгөөд амархан ядарч, сульдах бололтой. Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүйн эрүүл мэндээ ч анхаарах шаардлагатай. Идэж буй хоол, хүнсэндээ үргэлж анхааралтай байх хэрэгтэй.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хүчин чармайлтаа гаргаж, өөрийгөө батлан харуулах жил. Жилийн эхний хагаст та санхүүгийн асуудалд азтай байх бөгөөд ашиг, орлого болон хөрөнгө мөнгөө нэмэгдүүлж чадна. Томоохон наймаа хийх боломжтой байна. Таны харилцаа холбоо тэлж, ажил, бизнесээ явуулахад нэмэр болно. Одоогийн ажил чинь цалин хөлс муутай бол илүү хөлстэй ажлыг энэ цагаар хайж болох юм. Гэхдээ та зуны улиралд нэг их амжилттай байж чадахгүй. Оны сүүлээр өөрийн амжилтаа бататгаж, дайснуудаа дарахад анхаараарай. Зөрчил, тэмцлээс эмээх хэрэггүй. Энэ нь таныг шинээр нээж, эрх мэдлээ нэмэгдүүлэхэд тусална.

Гэр бүл, хайр дурлал: Таны амьдралд танилцаад удаагүй хэн нэгэн маш чухал өөрчлөлт авчирч, ертөнцийг үзэх үзлийг чинь ч эргүүлж мэднэ. Та өөрийн эрхгүй түүнд татагдаж, өөрийн зарчмаасаа ч буцахад хүрнэ. Ганц бие хүмүүст энэ харилцаа нь шинэ амьдралын эхлэл байж болох ч гэр бүлтэй хүмүүсийн хувьд том зөрчил, сонголтын өмнө авчирна. Эс бөгөөс та тэр хүнээс анхнаасаа зайгаа барьсан нь дээр. Гэр бүлийн санхүүгийн байдал зөрчил маргааны эх үүсвэр болж байна. Зарим хүмүүс бүл нэмж, хуримаа хийх бололтой.

Эрүүл мэнд: Зуны улиралд таны биеийн байдал эрс сайжирч, аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ илүүтэй өгнө. Өнгөрсөн жил эсвэл сүүлийн саруудад биедээ арчилгаа сувилгаа хийсэн бол үр шимийг нь энэ онд хүртэх болно. Мэдрэлийн ядаргаа, хэт ачааллаас сэрэмжлээрэй.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ оны эхний хагас жил хамгийн амжилттай үе байна. Олон ажил амар бүтэж, ямар ч хэрэг хурдан шийдэгдэж буйг та харах болно. Гол нь бусдын нөлөөнд автахгүй байх нь чухал. Цагаачлал, гадаад аялал анхаарлыг татах бололтой. Мөн энэ үеийг боловсролоо дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй. Уран бүтээлийн амжилт танд ирэх болно. Оны сүүлээр таны амжилт санхүүд шилжих бөгөөд орлого нэмэгдэнэ. Энэ хугацаанд таны мөнгө хангалттай байх учир том наймаа хийж болно.

Гэр бүл, хайр дурлал: Энэ онд та гүн гүнзгий хайр дурлалыг хүсээд хэрэггүй л болов уу. Та олон хөнгөн учралтай таарах бөгөөд заримдаа сэтгэл гонсойх бололтой. Энэ хавар, зуны турш та хайр дурлалын харилцаанд бүтэлгүй байх бөгөөд хүссэнээ авч чадахгүй. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа улам бэхжиж, романтик мэдрэмж чинь сэргэнэ. Энэ үед гэр бүлтэй хүмүүс илүү хайрыг мэдэрч, аз одтой байна.

Эрүүл мэнд: Биедээ хэр арчаатай байхаас эрүүл мэндийн байдал чинь шалтгаална. Хэнэггүй нэгэн бол өвчнөө хүндрүүлж мэднэ. Спортоор хичээллэх, өдөр тутмын хөнгөн дасгал хийж хэвших нь тустай. Хэт сэтгэл зовнил нь таныг сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Элдэв шинэ санаа, төлөвлөгөө авчирсан он ирж байна. Оны эхний хагаст элдэв шинэлэг санааг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Энэ үеэр та боломжуудыг овжин ашиглахыг хичээгээрэй. Энэ хугацаанд нөлөө бүхий хүмүүстэй нөхөрсөг харилцаа байх хэрэгтэй. Оны сүүлээр танихгүй, мэдэхгүй бүхнийг сонирхох сонирхол чинь дээд цэгтээ тулна. Зөн совин чинь улам нэмэгдэнэ. Мэдрэмж сайжирч, уран бүтээлийн онгод сэргэнэ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд амжилттай байх болно. Энэ хугацаанд карьераа өөрчлөх гэж яарах хэрэггүй. Орлого нэмэгдэх боловч тэр хэрээр зарлага их байна.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн харилцаа эв найртай, хөгжил хөөртэй байна. Бага зэргийн үл ойлголцол, зөрчлийг та буулт хийснээр хөнгөн давж гарна. Энэ нь эргээд харилцааг тань батжуулах болно. Ганц бие хүмүүс сонирхол татсан олон хүнтэй учирна. Шинэ хүнтэй танилцах боломжуудыг битгий алдаарай. Сонголт хийхэд хүндрэлтэй байх боловч зүрх сэтгэлээ сонсвол та юу хүсч буйгаа ойлгож чадна.

Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стрессээс шалтгаалан биед олон зовуурь үүсч болно. Та өөртөө халамжтай, арчаатай нэгэн бол өвчний үл мэдэг шинж тэмдэг илэрмэгц л арга хэмжээ авна. Тэгэх нь ч зөв. Амьдралын хэвшил чинь таны эрүүл мэндийн толь гэдгийг битгий мартаарай.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Оны эхний хагас жил амжилттай байх болно. Та өөрийн зорилгодоо хүрэх бөгөөд ажил үйлсдээ амжилттай байна. Та олноос тодорсон, олон зүйлийг амжуулах болно. Таны нэр хүнд өсөхөд нөхцөл байдал сайнаар нөлөөлнө. Хүчин чадлаа нэг чиглэлд чиглүүлэх, эсвэл бага тооны чиглэлүүдэд анхаарвал амжилт ирнэ. Таны хувиа бодогч зан энд саад болох талтайг та анхаараарай. Оны сүүлээр найз нөхөд, санаа нэгтнүүдийн дэмжлэг ирж, амжилтыг тань өнгөлнө. Бизнес, ажил хэргийн шинэ санаагаа хэрэгжүүлэхэд хамтын хөдөлмөр, нэгдмэл хамт олон тусална.

Гэр бүл, хайр дурлал: Та эхлээд өөрийгөө хөгжүүлж, анхаарч халамжлахад суралцах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй болсон цагтаа хайр дурлалын талбарт хөл тавих хэрэгтэй. Эс бөгөөс та шархалсан зүрхтэй, өөрийгөө алдсан нэгэн болж үлдэнэ. Ганц бие хүмүүс эсрэг хүнээ сайтар таньсны дараа сэтгэлээ нээх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд хөндлөнгийн нөлөөлөл их байх боловч хайр сэтгэлийнхээ хүчээр давж гарч чадна. Бүл нэмэхээр төлөвлөж байгаа бол оны сүүлээр сайн мэдээ дуулна.

Эрүүл мэнд: Та өөрөө өөртөө өвчин худалдан авч байгаа юм биш биз? Эмчийн заавар, зөвлөмжгүйгээр элдэв эм бэлдмэл хэрэглэх нь эрүүл эрхтнийг чинь ч өвчлүүлж болно гэдгийг анхаараарай. Та энэ жилд дур мэдэн өөрийгөө туршилтын туулай болгох хандлагатай байна. Бусад хүмүүсийн үгээр өвчин худалдаж авах хэрэггүй гэж зөвлөх байна.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхэд анхаарч оны эхний хагас жилийг зарцуулаарай. Мэдлэг, боловсролоо дээшлүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Хэрэв та сурдаг бол давхар дугуйлан, курсээр хичээллэх хэрэгтэй. Зуны улирал, намрын эхэн саруудад аялах, зугаалахад зориулан мөнгөө төсөвлөөрэй. Оны сүүлээр зорилгоо биелүүлэхийн тулд бүхнээ зориулах хэрэгтэй. Тэр болтол эрч хүчээ хадгалахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байх тул санаа зовох шаардлагагүй.

Гэр бүл, хайр дурлал: Энэ ордныхон гаднаа хүйтэн харагддаг боловч онцгой нэгнийхээ хажууд бол дүрэлзэх гал юм. Таны дотоод галыг асаах нэгэнтэй учрах тул сэтгэл догдлолоо нуухад хүндхэн байх болно. Гэхдээ та шийдвэртэй алхам хийлгүй удсанаар сэтгэлээ илчлэхэд тохиромжтой үеийг алдаж мэднэ. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд итгэл алдсанаас үүдэн том зөрчил үүсэх бололтой. Аливаа харилцаанд бурууг хоёр талаас адилхан эрэх нь зөв.

Эрүүл мэнд: Энэ онд биед ноцтой өвчлөл байхгүй. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхгүй л бол эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Настай хүмүүсийн эрүүл мэнд байгалийн жамаар доройтсоор байх болно. Өөрийгөө хэт хүчлэх, хэтэрсэн ачаалал авснаар биеэ өвчлүүлж мэднэ. Өвдсөн нөхцөлд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Та энэ онд хөрөнгө оруулалт, зээлийн асуудалд амжилттай байна. Таны ажлын амжилтыг дагаад амьдрал тань дээшилнэ. Та санхүүгийн арилжаанаас ихээхэн ашиг олно. Суралцах мөн өөрийн мэдлэгийн хүрээг тэлснээр амжилтаа бататгана. Шинэ мэдлэг авах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх, гаднынхантай харилцаагаа бэхжүүлэх зэрэгт тохиромжтой. Ерөнхий мэдлэгээ өргөжүүлэх сонирхол танд нэмэгдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Энэ онд танд хайр сэтгэлийн харилцаа тийм ч анхаарлыг тань татахгүй бололтой. Зарим нь дотно харилцаагаа өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглахыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлийн харилцаа хөндий, ойлгомжгүй бол ирнэ. Энэ нь таны залхсан, хайхрамжгүй хандлагаас үүдэлтэй. Магадгүй зарим ололт харилцааг тань аварч мэдэх юм.

Эрүүл мэнд: Биед бага зэргийн зовуурь, шаналал үүснэ. Хүндрүүлэхгүй эмчилж чадвал эрүүл мэндийн байдал тогтворжино. Хавар, намрын улиралд энерги, эрч хүчээ сэргээхэд анхаараарай. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөх магадлал өндөр байна.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын талбарт шинэ зорилго, шинэ чиглэлийг барьж авах бололтой. Та ажил хөдөлмөрөө сайн, амжилттай гүйцэтгэхээс гадна эрч нэмэгдэнэ. Байр сууриа дээшлүүлэх, эрх мэдлээ бэхжүүлэхийг хүсвэл жилийн эхний хагаст амжуулаарай. Шинэ салбарт шинэ мэдлэг, мэргэжил эзэмших боломжтой. Үүнээс үүдэн таны санхүүгийн байдал сайжрах хандлагатай болой. Оны сүүлээр ирээдүйд хамтран ажиллавал зохих харилцаа холбоог үүсгэнэ. Хөрөнгө оруулагч нар эсвэл ивээн тэтгэгчдийг тууштай хайвал амжилтад хүрнэ.

Гэр бүл, хайр дурлал: Энэ хугацаанд таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Шинэ танил, шинэ харьцаанд татагдахыг үгүйсгэх аргагүй. Гол төлөв шинэ хүмүүстэй болзоо тогтоох бололтой. Харин тогтсон хувийн амьдралд романтик, шинэлэг зүйл үгүйлэгдэх нь тодорхой.

Эрүүл мэнд: Энэ онд эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Ажил, амьдралын хэмнэлээ зөв зохицуулж чадвал биед ямар ч өвчлөл үүсэхгүй гэдгийг батлан хэлж байна. Хүнд өвчтэй, хууч нь хөдөлсөн хүмүүсийн хувьд эмчилгээний үр дүн удаашралтай байна.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч сэргэж, урам зориг сэргэнэ. Өөрчлөлт хийхэд азтай жил байна. Та тааламжтай бүсээсээ гарч, өөрийгөө шинээр нээх болно. Амархан уйдаж, үргэлж адал явдал, эрдэм мэдлэгийг эрэлхийлдэг хумхынхан өөрчлөлт бол сайн зүйл. Амжилтад хүрэхийн тулд улайран тэмцсэнээс дараа нь харамсах шийдвэр гаргаж магадгүй. Санхүүгийн байдал сайжирч эхлэх бөгөөд зуны саруудад орлого огцом нэмэгдэнэ. Энэ нь танд илүү олон боломж гарч ирэхтэй холбоотой. Тушаал дэвших магадлал өндөр байна.

Гэр бүл, хайр дурлал: Од эрхсийн нөлөөгөөр та хувиа хичээсэн, тэвчээргүй байдал гаргах хандлагатай. Таны эргэн тойрны найз нөхөр, дотно харилцаатай хүмүүсийг цаашид дэргэдээ байлгах эсэхээ шийдээрэй. Таныг ашигласан, үл хүндэтгэсэн харилцааг эртхэн таслахыг зөвлөж байна. Энэ жил та урт хугацааны харилцаа тогтоох гэж хичээх хэрэггүй. Та бусдыг ойлгодоггүй, бусад хүмүүс таныг ойлгодоггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Та амар амгалан, эрүүл мэнд, аз жаргалыг мэдэрнэ. Шинэ төрлийн дэглэм баримталж эхлэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Та дотоод амар амгаланг эрэлхийлж, бясалгалд татагдах бололтой. Стресс, сэтгэл зовнилоо багасгаж чадвал танд өвчлөл бага байх болно.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ он бол өөрийгөө бүхий л талаас сайнаар харуулах үе. Нэн ялангуяа уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Хийж дадсан, өөрт тааламжтай зүйлээ хийвэл амжилт дагуулна. Танд хүссэнээ хэрэгжүүлэх боломж их байна. Оны сүүлээр ажил хөдөлмөртөө амжилт гаргана. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч та сэтгэл дүүрэн урамтайгаар ажиллана. Ажлын туршлага нэмэгдэнэ. Энэ бүгдийг дагаад шинэ ирээдүй харагдана. Тууштай, шургуу байх нь чухал. Орлого тогтвортой өссөөр байх болно.

Гэр бүл, хайр дурлал: Та одоогоор хайртай хүнтэйгээ учраагүй байгаа бол энэ онд азтай байна. Хэрэв та ганц бие байхыг хүсэхгүй байвал өөрөө түрүүлж алхам хийж, үерхэл, хайр дурлалын асуудлаа нэг шат ахиулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаа нь батжиж, нэгэндээ уусан нэгдэнэ. Барагтаа л маргалдаж, зөрчилдөхгүй болсон байх болно.

Эрүүл мэнд: Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаараарай. Өмнө нь та хоол боловсруулах асуудалтай байсан бол үл тоож болохгүй. Дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэх нь эрүүл мэндэд чинь тустай. Ахмад настнуудын хувьд өвчин ороох хандлагатай байгаа тул анхаараарай.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх