Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсэнд Польш улс буруутай гэж хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэлд харамсаж байгаагаа Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий өчигдөр илэрхийлжээ.
Энэ сарын эхээр Владимир Путин хэлсэн үгэндээ Дэлхийн Хоёрдугаар дайн гарахад Өрнөдийн гүрнүүд болон Польш улс буруутай гэж мэдэгджээ. Дээрх улсуудын удирдагчид дайн эхэлсэн 1939 оноос өмнө Нацист Германтай хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байсныг тэр хэлсэн юм.
Мөн дайны өмнө Польшийн элчин сайд жүүдүүдийг Африк тив рүү нүүлгэх амлалтаа биелүүлбэл Варшав хотод Адольф Хитлерийн хөшөөг босгоно гэж ярьж байсан баримтыг Путин энэ үеэр дэлгэж байжээ.
“Ерөнхийлөгч Путин Польшийн талаар хэд хэдэн худал мэдэгдэл хийлээ. Орос улс өөрөө олон улсын дарамт шахалтад орох үедээ зориуд ийм мэдэгдэл хийж, анхаарлыг өөр зүгт чиглүүлдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл” гэж Моравецкий хэлсэн байна.
Крымийн хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-д тавьсан хоригоо Европын Холбоо саяхан сунгасан, сэргээшийн асуудлаар Оросын тамирчдад хориг тавьсан , Беларусыг өөртөө нэгтгэх оролдлого нь бүтэлгүйтсэн зэрэг Орост тулгарч буй асуудлуудыг Моравецкий жишээ болгон дурдсан байна.
“Эдгээр асуудлуудыг дарахын тулд ерөнхийлөгч Путин ийм зүйл ярьсан гэж би бодож байна. Тэр ярьсан зүйл нь худлаа гэдгийг сайн мэдэж байгаа” хэмээн Польшийн ерөнхий сайд ярьжээ.
1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нацист Герман Польшийн хил рүү довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлж байв. Үүний өмнө Герман, Зөвлөлт Холбоот Улс хоёр Молотов-Риббентропын гэрээ хэмээх нууц тохиролцоогоор зүүн Европыг хувааж эзэмшихээр болсон гэдэг. 1939 оны есдүгээр сарын 17-ны өдөр Зөвлөлтийн цэрэг Польшийн зүүн талаас халдаж, газар нутгийг нь эзлэн авсан юм. Гэвч 1941 онд Нацистууд Зөвлөлт Холбоот Улс руу довтолсноор дээрх тохиролцоо хүчингүй болж байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP