2019 онд Монгол Улсад өрнөсөн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

1.Оюутолгойн гэрээ ба Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласан. Түүнээс хойш нэг удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан. МАН Парламентад олонхи буюу 64 суудалтайгаа байгаагаараа далимдуулан Үндсэн хуулийг өөрчлөн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд баталлаа. Үндсэн хуулийг өөрчлөх талаар ард түмнээсээ асуулгүй, эрх баригч нэг нам дангаараа ийнхүү түрэмгийлэв. Эрх баригчид ингэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх болсон нь цаг хугацааны хувьд хоёр том асуудлыг хааж байгааг улс төрийн ажиглагчид онцолж байгаа. Нэгдүгээрт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ. Хоёрдугаарт, Засгийн газрыг огцруулах тухай асуудал. Оюутолгойн гэрээтэй холбоотой гурван том шалгалт үндсэндээ хийгдэж дуусчээ. АТГ-аас хөрөнгө оруулалтын гэрээг хийх явцад төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан эсэхийг шалгасан. Үндэсний аудитын газраас гэрээтэй холбоотой хийсэн аудит, УИХ-аас томилсон ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болоод байв. Оюутолгойн гэрээтэй холбоотой эдгээр хяналт шалгалт, ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өнөөг болтол ил тод тодорхой мэдээлээгүй байна. УИХ өөрийнхөө томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг ч хэлэлцээгүй. Оюутолгойн гэрээтэй холбоотой хяналт шалгалтын асуудал болон Засгийн газрыг огцруулах тухай асуудал хөндөгдөж болзошгүй нөхцөл байдалд эрх баригчид яаран сандран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирсэн. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад өөр асуудал хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалтыг ашиглажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай нөхцөл байдлаар өөрчлөх гэсэн том эрх ашгийг хаасан хаалт болсон байна. Эцэстээ ард нийтийн санал асуулга ч явуулалгүй,сөрөг хүчин, улс төрийн намуудтай зөвшилцсөнгүй, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ч тусгасангүй, Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр асуудал хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалтдаа далдуйдаж хүчээр өөрчлөлт оруулж байгаад нэмэлт өөрчлөлтөө батлав. Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан УИХ-ын дарга, Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн эх баригч гэдэг тодотголтой үлдэх “хүслээ” ингэж биелүүллээ. Энэ хүсэл нь түүхэнд ямраар бичигдэж үлдэхийг цаг хугацаа харуулна. Парламентад суудалгүй улстөрийн 20 гаруй нам 11-р сарын 22-ны өдрийг Монголын түүхэн дэх “хар баасан гариг” гэж тодорхойлж, МУСГЗ сэтгүүлч Г.Жамьян шинэчилсэн үндсэн хуулийг “Хар Үндсэн хууль” гэж нэрлэв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс харахад МАН засаг барьж байх цаг хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад ашигтай болгох өөрчлөлтийг хийхгүй гэдэг нь тодорхой боллоо. Оюутолгойн гэрээ алдаатай болсныг 10 жилийн дараа хүлээн зөвшөөрч, гэрээг сайжруулах тогтоолын төслийг УИХ баталсан ч одоо сонгуулийн марафоноо эхэлсэн эрх баригчдад үүнийг хийх цаг хугацаа үлдсэнгүй. Гол нь Оюутолгойн гэрээг өөрчлөх хүсэл эрх баригчдад байхгүй байгаад хамаг учир нь оршино.
2.Саарал жагсаалт ба Монголын эдийн засаг
Өнгөрч буй 2019 онд болсон онцлох таагүй үйл явдлуудын нэг бол яах аргагүй Монгол Улс Олон улсын мөнгө угаах болон терроризмтэй тэмцдэг байгууллага болох ФАТФ-ийн сааралт жагсаалтад багтсан явдал юм. Монгол Улс тус байгууллагын шийдвэрээр Исланд, Зимбабве улсын хамтаар саарал жагсаалтад бичигдэв. Ингэснээр компани болон иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж хязгаарлалттай болов. Монгол Улсын олон улс дахь нэр хүнд унаж, гаднын хөрөнгө оруулалт багасах эрсдэл үүсэв. Үүнийг эдийн засагчид урьд нь сануулж байсан юм. Монгол Улс 2013 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар саарал жагсаалтад багтаж байсан. Гэхдээ дараа онд нь холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтийг хийснээр гарсан юм. Тэгвэл 2019 онд дахин саарал жагсаалтад орсон нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Тодруулбал, тэрээр “Оюутолгойн гэрээг зогсоох гээд байсан учраас олон улсаас ийнхүү сануулга өгч байгаа юм. Саарал жагсаалтад оруулахад  Австрали,  Англи, Канад гурав маш эрчимтэй ажилласан. Би Австралийн Элчин сайдтай уулзаж, танайх ийм асуудал яриад байгаа шүү. Больбол яасан юм гэсэн асуудлыг ч ярьсан, дийлээгүй. Та нар дэлхийн жишгээс гажсан юм хийх гэж байна гэж яриад л саарал жагсаалтын асуудал шийдэгдсэн.  Дэлхийн улс төр ингэж явдаг. Үүний цаана хүчирхэг банкууд, ОУВС, Дэлхийн банк,  Азийн хөгжлийн банк, Япон бүгд байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад хүний ёсоор хандаж байна уу, яриандаа үнэнч байна уу гэдгийг харж байна” гэж мэдэгдсэн билээ. Сааралт жагсаалтад орсны хариуцлагыг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар албан тушаалаасаа огцорсон юм. Харин саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж нар мултарч үлдлээ.
3.Эрүүдэн шүүсэн бичлэг ба генерал Б.Хурцыг шүүх хурал
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг задарч нийгэмд дуулиан шуугиан тарив. Бичлэгийг энэ оны гуравдугаар сарын 29-нд Төрийн ордонд задалсан юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь хорих ангийн хонгилын өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүсэн бичлэгээс Засгийн газрын шийдвэрээр 27 минут найман секундынхыг ил болгосон юм. Үүнээс болж хэвлэл мэдээллийнхэн хүний эрхийн асуудлыг эрчимтэй хөндөж олон талын хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Ял эдэлж буй хүмүүсийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан  Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шалгаж эхэлсэн. Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 23-ны орой МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн гэрээс нь баривчилсан байдаг.
Хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын эхээр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр үргэлжилэв. Шүүхээс Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Прокуророос шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  эсэргүүцэл бичсэн ч Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах хэргийн шүүх анхан шат руу буцаажээ. Эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотой тагнуулын экс даргыг шүүх хурал 2020 онд  үргэлжлэх нь тодорхой байна.
4.Салхитын орд ба Шүүхийн ялзрал
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой холбоотой дуулиан шууиан өнгөрсөн 2018 оны сүүлчээс эхэлсэн. Энэ ордтой холбоотой авлигад зарцуулагдахаар бэлдээд байсан гэх 1.3 сая ам.доллар нэгэн этгээдийн гэрээс бэлнээр олдсон байдаг. Эхэндээ хоёр хятад иргэний орд булаалдсан хэрэг гэж байсан ч явсаар Монголын хууль хяналтын байгууллагынхан, ялангуя шүүгч нар бүлэглэж оролцсон хээл хахуулийн хэрэг болж хувирсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарны 27-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж,  эдгээр шүүгчдэд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тэдний зургаа нь Салхитын мөнгөний ордтой холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.
Эдгээр нь Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар байжээ. Тиймээс АТГ-ынхан тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн хэд хэдэн асуудлаар яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ. Уг хэрэг 2019 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжсэн байна.
Насаараа шүүх байгууллагад ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч цолтой хоёр эмэгтэй уг хэрэгт холбогджээ. Хоёулангийнх нь хүүхэд шүүгч бөгөөд бас л энэ хэрэгт нэр холбогдсон. Харин Гавьяат хуульч Б нь энэ хэргийн улмаас Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нас барсан. Түүний хүү шүүгч Т нь АНУ руу зугтаагаад, хил дээр нь саатуулагдсан. Түүнийг Монголд ирүүлэхээр АТГ ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-д өгсөн ярилцлагынхаа үеэр “…1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн.Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж Хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ.Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авилга өгөх хэмжээнд хүрсэн байна.Бидний гэрт орж ирээд баялгийг маань булаацалдаж байна. Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гэж байна.Нэг талын цагдааг толгойлж байгаа хүн нь нэлээд ахмад, генерал цолтой хүн байгаа шүү. Би хүн гүтгээгүй” хэмээн ярьсан нь бий. Салхитын ордын хэрэг нь нэн түрүүнд Монголын шүүх байгууллагын ялзрал, шүүгчдийн авлигын тод жишээ, хууль хяналтын байгууллагыг хэрсэн авлигын сүлжээний ч тодорхой баримт болж түүхэнд үлдэх биз ээ.
5.60 тэрбум ба ЖДҮ-гийн хэрэг
Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ынхан МАН-ын дарга нарын оролцсон 60 тэрбумын хэмээх аудио бичлэгийг олон нийтэд ил болгож байв. Явсаар “60 тэрбумын хэрэг” хэмээх тодотголтой болж 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг бичлэгт дуу хоолой нь гардаг А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүсэн. Харин тэрхүү бичлэг дэх “стратеги”-ийг зохиосон, бас тэр бичлэгийг хийсэн Г.Доржзодов гэрч болж шүүх хуралд оролцов. Хачирхалтай нь уг стратегитай танилцсан МАН-ын дарга асан М.Энхболд уг асуудалд ямар нэг байдлаар холбогдолгүй өнгөрөв. Ингээд шүүхээс “…НПГ-аас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй,харин шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарын үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна” гээд тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Үүгээр асуудал дууссангүй.
МАН-ынхантай холбоотой 2018 оны сүүлчээр нийтэд ил болсон өөр нэг хэрэг бол ЖДҮ-гийн хэмээх томоохон хэрэг юм. Энэ хэргийн мөнгөн дүн мөн л нь 60 тэрбум орчим гэдэг. Тодруулбал, АТГ-аас 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой ЖДҮ-гийн хэмээх хэргийг шалгаад заримыг нь хааж шийдвэрлэх санал гаргасан  байдаг. Харин ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамаарал бүхий 11 иргэн, аж ахуйн нэгж байгааг тогтоож, уг аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт явуулж, өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан найман үйлдэл байгааг тогтоосон байна. Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Н.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж байсан ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ингээд Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Харин  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаасан юм.
6.“The Hu” хамтлаг, Сагсны эмэгтэй баг ба Э.Содномпилжээ, Ц.Раднаа  нарын амжилт
Дэлхийд Монголын рок урсгалыг таниулсан “The Hu” хамтлаг энэ жилийн хамгийн гэгээлэг үйл явдал байлаа. 2018 оны сүүлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэнээсээ хойш богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд хүннү рокийг таниулж, европын 13 орны 23 наадмын тоглолтод оролцож, Америк, Канадаар аялан тоглож, одоогоор 60 гаруй тоглолтыг хийгээд байна. “The Hu” хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу” дууг Youtube сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзжээ. Тэдний гаргасан амжилтыг үнэлж Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор шагнав.
Монголчуудын амжилт үүгээр дууссангүй. Дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнд манай 16 тамирчин өрсөлдөж таван алт, найман мөнгө, долоон хүрэл медаль хүртэж дэд байрт шалгарсан нь энэ жилийн хувьд бахархам содон амжилт байлаа. Мөн дэлхийн аварга, ахмад тамирчин Ц.Раднаа Малайз улсын Кучинг хотод болсон хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн Ази тивийн мастеруудын /ахмадын/ аварга шалгаруулах тэмцээний 400 метрийн зайн гүйлтэд 85 насны ангилалд алтан медаль, Австрали улсад болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлтийн төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Манай сагсчид АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй хамгийн өндөр зэрэглэлийн “FIBA 3×3” Их дуулга тэмцээнээс олимпийн эрхийн оноо авсан билээ. “Рио-2016” Паралимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгүүлж, нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн болов. Спортынхон маань энэ мэт бахархам амжилтаар дүүрэн 2019  оноо үдэж байна.
7.Айлчлал ба гадаад харилцаа
Монгол Улс гадаад харилцаандаа шат ахиж, хөрш орнууд болон дэлхийн томоохон улс орнуудтай түншлэлээ өргөжүүлсэн явдал өнгөрч буй оны онцлох үйл явдлууд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны наймдугаар сард АНУ-д айлчилж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн тав дахь айлчлал болсон юм. Энэ үеэр хоёр орны харилцааг нэг түвшнээр ахиулж Стратегийн түншлэлийн тунхаглалыг зарлав. АНУ нь дэлхийн улс орнуудаас зөвхөн 16-тай нь стратегийн түншлэлийн түвшинд хамтран ажилладаг бол манай улс ийнхүү 17 дахь улс нь болсон байна. Мөн түүний айлчлал нь  Монголын ноос ноолууран эцсийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлахад томоохон үүрэг гүйцэтгэснийг экспертүүд дүгнэсэн юм. Мөн Дональд Трамп болон Х.Баттулга нар товлосон таван минутын уулзалтаа 40 минут болгож өргөтгөсөн нь багагүй шуугиан тарьсан билээ. Мөн энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын байлдааны түүхэн  ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад албан айлчлал хийв. Энэ удаагийн айлчлаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахин Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулав. Тэрчлэн 2019 онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиов. Ойтой холбоотойгоор хоёр улсад олон үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д Төрийн айлчлал хийв.
8.Түүхий нүүрс ба сайжруулсан түлш
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд авсан хамгийн том арга хэмжээ бол түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглож, оронд нь “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айл өрхийг хангасан явдал байв. Агаарын найрлага дахь тоосонцрын хэмжээ өнгөрсөн оныхоос буурч утааны харагдах байдал өнгөрсөн онуудаас тодорхой хэмжээнд багассан ч хорт хийн агууламж нь нэмэгдсэн гэсэн мэдээллийг зарим судлаачид өгч байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түлэх заавар зөвлөгөөг урьдчилан өгөөгүйгээс 10 гаруй хүн угаарын хийнд хордож амь насаа алдан, 2000 орчим хүн хөнгөн байдлаар хордсон нь өнгөрч буй 2019 оны гашуун мэдээлэл болж хөвөрлөө. Үүний цаана сайжруулсан түлшний хорыг үнсэнд нь үлдээж, тэр нь ирэх хавар нийслэлийн иргэдийг хордуулна гэсэн мэдээллийг ч хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гэр хорооллын 200 гаруй мянган өрхийг угаар мэдрэгчээр хангахаар болсон ч одоогийн байдлаар бүрэн шийдэгдээгүй байна. Ямартай ч нийслэлийн гэр хороололынхон түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшээр агаарын бохирдлоо бууруулах туршилтыг энэ өвөл хийж байна.
9.Монголоос буцаагдсан 800 хятад ба Германд баригдсан монголын дипломатчид
Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийнхан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь Монголоос албадан гаргасан. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон орон сууц хөлсөлж сууж байжээ. Тэд  “Юнител”-ийн 600 шахам, “Скайтел”-ын 2000 гаруй, “Жимобайл”-ын 8000 гаруй дугаар худалдан авч гэрээ байгуулсан байжээ. 636 нь жуулчин, 147 нь бизнес ангиллын визээр Монголд орж иржээ. Хятадуудаас өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан байна. Манай хууль сахиулах байгууллагынхны явуулсан энэ арга хэмжээ нь ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагаа гэдгийг тагнуулын байгууллагаас онцолж буй.  Хятадуудыг Монголын тал БНХАУ-ын Жянсү мужийн болон ӨМӨЗО-ы хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгсөн байна.
Монголыг төлөөлж хилийн чанадад суугаа дипломат албаныхан хар тамхи тээвэрлэж явсан нь 2019 онд ил болов. Бүгд найрамдах Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул, жолооч хоёр өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай, суудлын автомашинаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад Герман улсын Дрезден хотын гааль, цагдаагийнханд саатуулагдсан нь дэлхий дахиныг шуугиулав Тагнуулын байгууллагаас мэдээлэхдээ “Турк улсын Стамбул хотод суух ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр Чех улсаас ХБНГУ-ын хилээр дипломат дугаартай машинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан” гэсэн бол “Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан” гэж Гадаад харилцааны сайд мэдэгджээ.
Мөн өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбатад Германы Дрезден хотын шүүх гурван жил, есөн cap хорих ял оноосныг гадны хэвлэл мэдээлэв. Түүний жолооч Э.Оргилыг найман cap хорих ялаар шийтгэсэн байна. Т.Мөнхбат, Э.Оргил нар 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг тээвэрлэж яваад тус улсын хууль хяналтынханд баривчлагджээ.
10.Иргэдийг өргүй, орон сууцтай болгох МАХН-ын хөтөлбөр 
Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар болж, эрх баригчид  иргэдээ зээлийн хүү,  татвараар  дарамтлах нь улам ихсэв. МАХН-аас иргэдийг   урьдчилгаа төлбөргүй банкны  хүү төлөхгүйгээр  орон сууцжуулах боломж үндэслэлийг  судлан танилцуулав. Мөн  ломбардаас эхлээд цалин, тэтгэврийн зээл авч өрөнд орсон иргэдээ  өрөөс чөлөөлөх  “Өрийн бүртгэл”-ийг эхлүүлээд байна.
Өнөөдөр ипотекийн зээлийг банкаар дамжуулахдаа төр дундаас нь хүүгийн   ашиг авдаг. Монголбанк арилжааны банкуудад найман хувийн хүүтэй  зээл олгох санхүүжилтыг хуваарилахдаа таван хувийн хүүтэй олгох боломж байсан ч гурван хувийн хүүг нэмж тооцох байдлаар найман хувь болгож иргэдэд олгосоор иржээ. Ингэснээр төр иргэдээ хүүгийн  дарамтад оруулж байгааг болиулж банкыг оролцуулахгүйгээр орон сууцжуулах боломж буйг МАХН олж харжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг орон сууцжуулахдаа банкаар дамжуулахгүй иргэн, төр, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээгээр олгох үндэслэл, тооцоог тус намынхан  эдийн засагч, банкны мэргэжилтнүүдийн хамт судлан  гаргасан байна. Эл хөтөлбөр нь  санхүүгийн тогтолцооны реформын нэг хэсэг аж.
Иргэдийг орон сууцжуулах судалгааг хийх явцад МАХН-ынхан банкуудын мэргэжилтнүүдтэй уулзахад бүгд УИХ-ын гаргасан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль биднийг ийм зүйл рүү хөтөлж байгаа учраас бидэнд ч гэсэн асар том эрсдэлтэй, алдагдалтай санхүүгийн тогтолцоо үүсчихээд байна гэж тайлбарлажээ. Үүнээс улбаалж хүмүүс өрөнд орсон гэсэн дүгнэлтийг МАХН  хийжээ. Төрийн энэхүү алдаатай бодлогоос болж өр зээлтэй болсон иргэдээ өрнөөс чөлөөлж, өрийг тэглэх, ингэхдээ ипотекийн зээлийн өмнө төлсөн хүүг үндсэн төлбөрт нь тооцуулах, цалин, тэтгэвэрийн зээлийг өршөөх бүрэн боломжтой юм байна. Иргэдээ цалин тэтгэврээр нь сайхан амьдруулах үүрэг нь төрд бий. Энэ ажлаа хийж чадаагүйн бурууг төр хүлээж, ард түмнээсээ уучлал гуйж, өрийг нь чөлөөлөх ёстой  гэж МАХН үзэж байгаа юм.
11.Үндсэн хуулиа манадаггүй Үндсэн хуулийн цэц  ба “өгзөг” Д.Одбаяр
Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж Үндсэн хуулийн цэцийн дарга асан хуульч Г.Совд хэлсэн гэдэг. Харин энэ үг худлаа болсныг 2019 онд цэцийн үйл ажиллагаа харууллаа. Эрх баригч нам Үндсэн хуульд халдаж байхад Үндсэн хуулийн цэц хараагүй царайлсаар дуусгав. Ашигт малтмалын нөөц ашигласны татвартай холбоотойгооор  уул уурхай компаниудад Үндсэн хуулийн цэц ашигтай шийдвэр гаргасан бөгөөд үүнийхээ маргааш Индонез улс руу хуралд очихоор ниссэн Цэцийн дарга Д.Одбаяр Кореан айр компанийн онгоцонд үйлчлэгч бүсгүйн биед халдсан явдал гарав. Инчоны олон улсын нисэх буудал дээрээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг саатуулж байгаа мэдээлэл олон улсын хэвлэлийн гол мэдээ болон цацагдаж, Монгол Улс хийгээд монголчуудынхаа нэр хүндийг согтуу цэцийн дарга шороотой хутгав. Улмаар Солонгос улсад эргэн очиж мэдүүлэг өгч, хилийн хорионд орж, эцэстээ торгууль төлснөөр эх орондоо эргэж ирсэн билээ. Эрх баригч МАН, түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон Их Хурал “өгзөг” Одбаярт хариуцлага тооцсонгүй. Үндсэн хуулийн даргаас болиулж, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдсэнд олон нийт дургүйцэж, цэцийн гишүүнээс огцруулахыг шаардсаар байгаа.
Ийм хариуцлагагүй, биеэ зөв авч явж чаддаггүй, ёс зүйгүй гишүүнтэй байгаа нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч намын захиалгат шийдвэр гаргадаг барьцааны байгууллага болсныг харуулах нэг бараан жишээ боллоо.
12.Эрдэнэтийн оффшорын хэрэг ба Цахиагийн Элбэгдорж
2019 онд АТГ, ТЕГ, ЦЕГ-ынхны илрүүлсэн нэг том хэрэг бол Эрдэнэтийн оффшорын гэх хэрэг. Энэ нь 2009-2018 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр”-ээс оффшорт байдаг данс руу шилжсэн их хэмжээний мөнгөний хэрэг юм. Уг хэрэгт холбогдуулан 2019 оны аравдугаар сарын сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн “хар” хочит Б.Отгонбаатар нарыг 30 хоногийн хугацаагаар саатуулсан. Тэдний хорих хугацааг дахин сунгаад байгаа юм. Учир нь энэ хэргийг шалгах цар хүрээ нь нэлээд өргөн, холбогдсон хүмүүс, аж ахуйн нэгжийн тоо олон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал, “Хар Отгоо” хэмээн хочилдог Мянгад овогт Баасанжавын Отгонбаатар нь Ховд аймгийн уугуул.1966 оны арванхоёрдугаар сарын 4-нд төрсөн. Тэрээр өөрөө болоод ах дүү нар нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүүгийн хэлстийн дарга, нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм.
Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ. Өнөөдөр асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан байдаг аж.
Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ.Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.
Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь энэ.Цаашаа үржинэ. Тухайлбал “Азаргын гол чонот” ХХК-ийг нь дагаад 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан “Бүтээл” ХХК, 2008 оны аравдугаар сарын 30-нд байгуулагдсан “Альтаиргоулд” ХХК ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийнх нь “Тэдмэнт” ХХК, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Тэдмэнт хийц” ХХК гэж бий.
Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсоны үндэслэл гэхэд болно. Энэ сүлбээгээрээ дамжаад Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Шуудхан хэлэхэд, Эрдэнэтийн оффшорын хэргийн араас Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гарч ирэхээр нөхцөл байдал үүсчихээд байгаа юм.
13.“Капитал” банкны дампуурал ба НДС-гийн хөрөнгө
Монголбанкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргасан билээ. Учир нь тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкийг албадан татан буулгасан гэх мэдээллийг Монголбанкнаас өгсөн байдаг. Уг банкны 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд  байжээ. Ингэж 2019 онд “Капитал” банк дампуурлаа зарлав. Өөр нэг асуудал нь төрийн 31 байгууллага нийт 375 тэрбум төгрөгөө тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь олны анхаарлыг татав.  Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 101 тэрбум төгрөгийг тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нийгмийг цочролд оруулсан үйл явдал болов. Түүнчлэн 10 гаруй жил болсон банкийг ийм болгоход улс төрийн нөлөө орсон гэж үзэх хэсэг ч байлаа.“Капитал”  банк дампуурсны дараахан Санхүү эрхэлсэн дэд захирал, Зээлийн газрын захирал нарыг мөн цагдан хорьсон байдаг. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгасан билээ.  Мөн  үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн  Б.Ундармааг эгүүлэн татах, хариуцлага хүлээлгэх асуудал ч яригдсан байдаг.
14.Г.Батхүүгийн үхэл ба Н.Номтойбаярын тайлбар 
2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын дэд дарга асан, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан АН-ын дэд дарга Г.Батхүү цаг бусаар таалал төгссөн ноцтой явдал болсон. ТЕГ-ын байнгын хамгаалалтад байдаг Төрийн ордонд ийн хүний амь эрсэдсэн нь ихээхэн дуулиан шуугиан, бас эргэлзээ дагуулсан билээ.
Энэ явдал болсноос хойш яг долоон сар болж байна. Гэсэн ч хууль хяналтын байгууллагаас Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүүгийн хэрэг явдлыг гэмт хэргийн шалтгаантай юу, санаандгүй явдал уу гэдгийг нэгмөр тогтоож чадаагүй байна. Харин энэ асуудалд хамгийн холбоотой гэх нэгэн гишүүний асуудал өнгөрсөн хэдэн сарын турш яригдаж буй. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юм. Учир нь түүнийг Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг гэдэг юм. Тэрээр энэ хугацаанд дээрх асуудалтай холбоотойгоор гурван удаа байр сууриа илэрхийлж, тайлбар хийжээ.
Н.Номтойбаяр 2019 оны тавдугаар сарын 19-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан явдалд би харамсаж байгаагаа илэрхийльe. 17-ны орой бид хоёр хамт алхаад манай өрөө рүү орж ирсэн. Бид хоёр хамтдаа авто спортоор хичээллэдэг байсан учир  манай өрөөнд орж хэдэн үг сольсон. Талийгаачийг гарсны дараа манай өрөөнд хэн ч орж ирээгүй, бас нэмж гараагүй. Дараа нь би бүлгийн хуралд орсон.Цагдаагийн газар надаас өчигдөр мэдүүлэг авсан.Би хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг мөн” гэсэн.
Дараа нь 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд твиттертээ энэ хэргийн талаар Мөрдөн байцаах албаны даргад гаргасан хүсэлтээ нийтэд дэлгэсэн.Н.Номтойбаяр хүсэлтдээ “…Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэв.Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэжээ.
Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, түүн дээрээ “….Батхүү агсантай холбоотой асуудлууд над дээр нэр цохон хаяглагдах болоод хагас жил болж байна.Г.Батхүү агсны хэрэгт намайг яллагдагчаар татаагүй.Та нар андуурч байна.Тэр хүний нас барсантай холбогдуулан би сонин хэвлэлээр гүтгэгдээд байгаа болохоос биш, цагдаагийн байгууллагаас шалгагдсан зүйл байхгүй.Гэрчийн мэдүүлэг гурван удаа өгөхдөө эхний хоёрт нь худал мэдүүлэг өгсөн гэх зүйл ангиар буруутгагдсан” гэсэн юм.
15.Төмөр замын бүтээн байгуулалт ба Нефтийн үйлдвэр
Монгол Улс түүхэндээ анх удаа өөрсдийн гараар төмөр зам барьж байгаа. Өмнийн  цэнхэр говийг хөндлөн туулах замын бүтээн байгуулалт 2019 онд нэлээд урагшилсан. Хэрэв эхлүүлсэн ажлаа дуусгаж, төмөр замаа тавьж чадвал Монгол Улс хожино гэдгийг төр засгийн удирдлагууд онцолж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний эргэлт сайжирч, эдийн засаг өндийж, томрох учиртай. Зөвхөн урд хөрш рүү эрдэс баялгаа зөөх биш ОХУ руу экспортлох эхний алхам болж чадах юм. Ийм том амбийцтайгаар уул уурхай, зам тээврийн салбарынхан Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барьж байна. Гашуунсухайт чиглэлийн  төмөр зам улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан найм орчим жил гацсан байдаг. Алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс тайлбарласан.Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай.  Харин Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг  Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргүүд барьж байгаа нь онцлог юм.
Түүнчлэн Монгол Улс газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтээ зөвхөн экспортод гаргадаг.Тэгвэл 2023 оноос манай улс өөрсдөө нефть үйлдвэрлэх бүрэн боломжтой болно. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажлын нэг юм.Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны зургадугаар сард Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан бөгөөд өдгөө үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.
16.Захиалгат сонгуулийн хууль ба МАНАН
Эрх баригч МАН Сонгуулийн тухай хуульдаа дахиад өөрчлөлт хийлээ. Сонгуулийн тогтолцооны талаар 50 тойрог дээр нэмэх нь намын нэрээр орж ирэх 26 гэсэн хувилбар ярьж эхэлсэн. Гэхдээ энэ нь өнгөлөн далдлалт байсан бөгөөд үүний цаана өөр юм орж ирнэ гэдэг таамаглал улс төрийн хүрээнд яригдаж байсан нь батлагдав. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө тойргийг томсгосноос гадна захиалгат нэгэн заалтыг оруулж ирлээ. Тодруулбал, Авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвших эрхийг хязгаарлах тухай заалтыг оруулж ирж баталлаа. Энэ заалтыг санаачлагч нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ санал унасан ч, чуулганы нэгдсэн хуралдаан дээр дахин оруулж ирж баталлаа.  Ийм заалтыг баталсан шалтгаан нь  улс төрийн өрсөлдөгчөө шүүхээр айлган сүрдүүлж, захиалгатайгаар ялласан Ц.Элбэгдоржийн үеийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг харуулав. Н.Энхбаяр шударга бус шүүхийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр тодорсоор байна. Уул уурхайн ганцхан орд дээр гэхэд Улсын дээд шүүхийн 17 шүүгч холбогдож, эхнээсээ ажилгүй болж авлигатай тэмцэх, хууль хяналтын байгууллагын хаалга татаад байна. Шударга бус шүүхийн золиос болж хэлмэгдсэн Н.Энхбаярыг дахин сонгуульд өрсөлдөх эрхийг хааж байгаа энэ үйлдлийг Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Энэ бол Монголын төр Гитлерийн төр шиг цагаандаа гарсныг илтгэж байна” гэсэн бол сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян “Өш хонзон зангидсан сонгуулийн хууль” гэж тодорхойлж, энэ бүхний цаана улс төрийн МАНАН бүлэглэл байгаа гэсэн байна. МАНАН-гаас гадна энд нэг том эрх ашиг байна гэдгийг цаг хугацаа, нэг бус удаагийн улс төрийн захиалгат үйл явдал, хүч түрж баталсан хуулиуд батлаад байгаа юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр Оюутолгойн гэрээг Монголд ашигтайгаар хийх ёстой гэдэг дээр эхнээсээ тууштай байр суурьтай байсан.
Оюутолгойн гэрээ батлагдсанаас хойшхи өнгөрсөн 10 жилийн хугацаанд  Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан энэ тухай тууштай дуугарч ирсэн билээ. Үнэн эхнээсээ цухуйж, ашиггүй гэрээ гэдгийг УИХ, АТГ, ҮАГ зэрэг хууль, хяналтын байгууллагууд тогтоочихсон. УИХ, Засгийн газраас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, парламент 10 жилийн дараа гэрээг сайжруулахтай холбоотой тогтоолын төслийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлэн батлаад байна. Тэгвэл Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй болсон гэдэг үнэн цухуйхтай зэрэгцэн УИХ дахь “улаан хамгаалагчид” нь хөдөлж эхэллээ. Тэд нэн тэргүүнд Оюутолгойн гэрээний эсрэг тууштай байр сууриа илэрхийлж байсан Н.Энхбаярыг ямар ч хамаагүй аргаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг бохир арга хэрэглэж, үүнийгээ сонгуулийн хуулийн заалт болгож оруулж ирэв.  Энэхүү хуулийн заалтыг санаачлан оруулж ирсэн гишүүд нь өөрсдийн ашиг сонирхлынхоо төлөө ийм үйлийг гүйцэлдүүлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан амиараа шахам дэнчин тавиад ШИНЭ гэдэг нам байгуулсан. МАХН буюу Н.Энхбаяр байхгүй бол гуравдагч хүчин болно гэж мөрөөдөж суугаа нь ойлгомжтой. О.Баасанхүү уг нь МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон хүн. Гэхдээ гишүүн болсноосоо хойш юу ч хамаагүй хийсээр өнөөдрийг хүрч байгаа хүн. Ерөнхийдөө О.Баасанхүү гэж хэн бэ гэдэг ер нь тун ойлгомжгүй, тодорхойлох боломжгүй. Харин Т.Аюурсайхан бол зорилготой. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах байсан. Одоо Оюутолгойг цээжээрээ хамгаалж ТУЗ-д нь суугаа Н.Багабандийн эрх ашигт үйлчилж, түүний гар хөл хэвээр байгаагаа монголын нийгэмд маш тодоор харууллаа. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс буугаад л “Рио тинто” компанийг бараадсан байдаг. Тэндээс жилдээ 100 гаруй манган ам.долларын цалин авчихдаг.Тиймээс туслахаараа дамжуулаад “Риотинто”-гийнхоо эрх ашгийг хангаж байгаа нь энэ. Тэгэхээр нэг талаар “Рио тинто”-гийн нээнтгээр монголын парламент хөдөлж, нэг хүнд зориулсан хуулийн заалтыг баталчихлаа.  Хамгийн ноцтой нь тэд үүгээрээ Н.Энхбаярыг бус монгол хүний сонгох, сонгогдох үндсэн эрхэнд халдав. Үндсэн хуулийн үндсэн зарчимд, ардчиллын амин сүнс болсон хүний эрхэнд ноцтойгоор халдав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.27  БААСАН  №257  (6224)
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх