Иргэдийн байтугай дотоод мэдээллээ ч хамгаалж чаддаггүй намуудад найдалтгүй

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

Иргэдийн байтугай дотоод мэдээллээ ч хамгаалж чаддаггүй намуудад найдалтгүй

 

  • Олон нийтийн зүгээс хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хувилж тараахаа боль гэсэн шаардлагыг СЕХ-нд удаа дараа ирүүлж байжээ
  • Одоо Монголчуудын хувийн нууцыг  хамгаалах боломж ерөнхийлөгчид л үлдлээ

Монголд Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 35 нам байна. Энэ жил гэхэд долоон нам шинээр "төржээ”. Улс төрийн намуудын тоо өссөн ч чанар, төлөвшил нь ямар байгаа вэ гэдэг өөрөө асуудал. Нэг улстөрч туслах эсвэл зөвлөхийнхөө нэр дээр бүртгүүлсэн "кармааны” намууд олширсон өнөө үед Монголын насанд хүрсэн бүх иргэний оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэрэг хувийн өгөгдлийг аль нэгэн намд шууд гаргаж өгөх хуулийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталж орхилоо. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ "Сонгогчийн нэрсийн жагсаалт, оршин суугаа хаяг, регистрийн дугаарыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэлд нэг удаа өгч болно” гэх заалтыг нэмж батлав. Уг нь Сонгуулийн хуулийн төслийг өргөн барихад сонгогчийн нэрийн жагсаалт болон бусад мэдээллийг намуудад нээлттэй өгөх талаар тусгаагүй байсан. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг нэмсэн гэсэн үг. Иргэний хувийн мэдээллийг намуудад өгөхгүй байх Ажлын хэсгийн санал хоёр шалтгаантай байж. Нэгдүгээрт, олон нийтийн зүгээс хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хувилж тараахаа боль гэсэн шаардлагыг СЕХ-нд удаа дараа ирүүлж байжээ. Хоёрдугаарт, 2018 онд баталсан Улсын бүртгэлийн багц хуульд иргэний овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийг хязгаартай мэдээллийн төрөлд багтаасан. Гагцхүү тухайн иргэн хэрэг маргаанд холбогдвол прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн саналын дагуу УБЕГ хууль хяналтын байгууллагад өгөх аж. Гэвч УИХ сонгуульд оролцож буй нам эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг олгохоор хуулиа баталчихлаа. Хэрэв намууд иргэний мэдээллийг өөр зорилгоор ашиглах, бусдад дамжуулсан бол иргэнийг таван сая, улс төрийн намыг 40 саяар торгоно гэж Сонгуулийн хуульд оруулсан ч энэ нь хариуцлагын механизм болж чадахгүй. Ердөө 40 сая төгрөгөөр Монгол Улсын насанд хүрсэн бүх хүнд байгаа цор ганц хувийн өгөгдөл хэн нэгэн хүний гарт орно гэсэн үг. Тэр тусмаа Монгол Улсын бүх иргэний байтугай дотоод мэдээллээ ч хадгалж, хамгаалах чадамж, бололцоогүй, тамга, гэрчилгээ цүнхэлсэн намын дарга нэртэй "Сайн дурын уран сайханч”-дад ийм их итгэл хүлээлгэх нь том эрсдэл юм. Нөгөө чононд мах хадгалуулснаас ялгаагүй. УИХ Сонгуулийн хуулийг нэгэнт баталсан. Одоо монголчуудын хувийн нууцыг хамгаалах боломж Ерөнхийлөгчид л үлдлээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж авсан тохиолдолд хувийн нууцад хуулиар халдсан алдааг засаж амжина гэсэн үг!!!!

Энэ асуудлаар Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт, Бүртгэлийн багц хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр, улс төр судлаач Т.Гэрэлт-Од нарын байр суурийг сонслоо. 


Б.Энхбаяр: Иргэний мэдээллийг нууцлах нь гэмт хэргийн золиос болохоос сэргийлж буй хэрэг

Бүртгэлийн багц хуульд бүртгэлийн сан дахь мэдээллүүдийг гурван төрөлд хуваасан. Эхнийх нь хаалттай мэдээлэл. Үүнд иргэний хурууны хээний талаарх мэдээлэл орно. Ямар ч тохиолдолд, бүр хууль хяналтын байгууллага ч ашиглахыг хориглоно. Хоёрдугаарт хязгаарлагдмал мэдээлэл. Хуулиар тухайлан заагаад энэ мэдээллийг ийм хүрээнд гэдэг нөхцөлтэйг өөр гаргаж болох мэдээллийг оруулсан. Үүнд хувь хүний оршин суугаа хаяг, регистрийн дугаар багтана. Хаягийг яагаад хязгаарлаад байна вэ гэхээр гэмт хэргээс сэргийлэх цэвэр зорилготой. Хэн хаана амьдарч байгаа нь тухайн хүний хувийн нууц юм. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг өш хонзонгийн, шунахайн сэдэлтээр болон бусад зорилгоор гэмт хэргийн золиос болохоос хамгаалж байгаа хэрэг. Харин Сонгуулийн хуульд иргэний нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийг улс төрийн намуудад нээлттэй өгөх нь хууль зөрчсөн гэж шууд хэлж чадахгүй. Яагаад гэвэл хууль тогтоогч өөрөө нөхцөлөө тавиад, сонгуулийн үеэр улс төрийн намуудад будлиангүй, хэл ам гарахгүй, шударга явагдлаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдлыг бий болгохын тулд өгч байна гэж ойлгож байгаа.

С.Бямбацогт: Намуудын шаардлагаар иргэдийн мэдээллийг нээлттэй өгч байна 

2016 оны сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг, оршин суугаа хаяг, регистрийн дугаарын хамт намуудад өгч байсан. Үүнээс болж хувь хүний нууцыг олон нийтэд дэлгэлээ гэсэн гомдол маш ихээр гарсан. Тиймээс 2018 онд Улсын бүртгэлийн тухай багц хуулийг батлахдаа хувь хүний нууцтай холбоотой иргэний мэдээлэл, регистрийн дугаар, хаягийг олон нийтэд өгөх нь буруу юм байна гэж үзээд хязгаартай мэдээлэлд оруулсан. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намаас "Сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад өгөх ёстой” гэж шаардсаны улмаас хуульд тодорхой зохицуулалт хийн, мэдээллийг өгөхөөр болж байна. Мэдээж сонгогчдын нэрийн жагсаалтыг өөр байдлаар ашиглаж болохгүй байх хуулийн зохицуулалтыг өгсөн. 

Т. Гэрэлт-Од: Энэ бол хувь хүний болон төрийн нууц байх ёстой

Хувь хүний оршин суугаа хаяг, регистрийн дугаарыг намуудад өгснөөр хувь хүний нууц гэдэг зүйл байхгүй болж байна. Аль дуртай улс төрийн нам, хүссэн маркетингийн компани бидний мэдээллийг аваад дураараа ашиглаж болох нөхцөл бүрдчихлээ. Энэ бол сайн зүйл биш гэж судлаачийн хувьд харж байгаа. Улстөрчид сонгогчдын хэн хаана байгаа нь ил байхын сайн талыг "Зөвхөн эрх баригч намд байгаа мэдээллийг бусад улс төрийн хүчнүүд авах нь хяналт тавих боломж” гэж тайлбарлаж байгаа. Би бол "Эрх барьж байгаа нам ч үүнийг авах эрхгүй” гэж хэлмээр байна. Энэ бол хувь хүний болон төрийн нууц юм.

Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх