Спикер Г.Занданшатар төрийн албан хаагчдаа зомби гэж доромжилж огцрох болзлоо хангав

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс бол парламентын засаглалтай орон юм. Хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их хурал. Тийм учраас Улсын Их хурлын дарга нь парламентын засаглалынхаа үүднээс улс орны тэргүүнд тооцогддог. Г.Занданшатарын хувьд Монгол Улсын тэргүүнд тооцогдох тийм өндөр албан тушаалтай хүн.

Гэтэл тэрээр монгол төрийн албан хаагчдаа зомби буюу амьд үхдэл гэж доромжиллоо. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо ноён спикер төрийн албан хаагчдаа Энэтхэгийн кастын систем шиг хуваасан, тэгэхдээ тав хуваасан. Нэгд нь зомби буюу амьд үхдэл гэж хэлсэн. Хоёрт нь хорлон сүйтгэгчид гэж зарласан. Өнгөрсөн онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна гэдгийг хэлсэн. Тэгээд гуравт нь муу гүйцэтгэгчид, ажлыг хагас дутуу чанаргүй хийдэг гэж цоллосон. Харин дөрөвт нь сайн гүйцэтгэгчид гэх боловч энэ хэсэгт маш цөөхөн хүн хамаарна гэдгийг онцолсон. Тавд нь ялагчид гэж байгаа боловч Занданшатарын хэлснээр энэ хэсэгт багтах хүн Монголын төрийн албан хаагч дунд байхгүй бололтой. Зомби болон хорлон сүйтгэгчид нийт албан хаагчдын ихэнх хувийг эзэлж байгаа ажээ.

Парламентын засаглалтай орны хууль тогтоох дээд байгууллагын дарга хүн төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилж, нэр төрд нь хэрцгий хандаж болохгүй ээ. Энэ бол арай хэтэрсэн, дэндсэн асуудал боллоо. Их хурлын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилсныхоо төлөө албан тушаалаасаа огцрох болзлоо хангалаа гэж үзэж болно. Парламент ёсыг, Монгол төрийг бэхжүүлэх үүрэгтэй Их хурлын дарга хүн төрийн албан хаагчдаа санасныхаа зоргоор доромжилж, байж боломгүй муухай үгээр дайрч давшлан нэр хүндэд ноцтойгоор халдсан нь эмгэнэл.

Энэ бол спикерийн байтугай Их хурлын гишүүний ёс зүйд нийцэхгүй. Төрийн албан хаагчаа амьд үхдэл болгон доромжилно гэдэг төрт ёсоо доромжилж гутааж байгаагаас ялгаагүй. Ер нь манай үе үеийн удирдлагууд, төрийн өндөр албанд очсон бүхэн төрийн албан хаагчдаа үзэж чаддаггүй нь сонин. Сүүлийн үеийн эрх баригчдаас П.Очирбат гуай, Н.Багабанди гуай хоёр л төрийн албан хаагчидтайгаа зүй ёсны хувьд харилцаж байсан байх. Бусад төрийн тэргүүн болоод Их хурлын дарга, Ерөнхий сайдууд төрийн албанд зүтгэж байгаа нөхдөө дандаа муулчилдаг, элдэв хоёроор хэлдэг. Ерөөс хамгийн гол дайсан мэтээр үзэж хонзогнодог. Авлигач, хулгайч, адгийн шаар, хүний мөсгүй гээд л есөн шидээр хэлж, занаж, зүхэж доромжилдог. Энэ бүхний төгсгөлийг Занданшатар гэдэг хүн ном ёсоор нь хийчихлээ. Төрийн албан хаагчдаа амьд үхдэл гэж хэлэхээс өөр ямар доромж байх билээ.

“Өдрийн сонин” Монгол төрийн албан хаагчдыг эрхэмсэг байх ёстой гэж үздэг. Тиймээс төрийн албанд зүтгэж байгаа хүмүүсийг хэрхэвч доромжилж болохгүй гэдгийг, тэдний гавьяа зүтгэлийг үнэлэх хэрэгтэй гэж үздэг. Гол учир нь төрт ёсоо дээдэлсэн төрийн албан хаагчид байсан цагт Монгол төр эрхэмсэг оршино.

Нийгэм цаг үе хөгжөөд төргүй болж, төрийн албан хаагч гэдэг ойлголт байхгүй болох үед л төрийн эрхэмсэг гэдэг ойлголт үгүй болох биз. Харин Монгол төр эрхэмсгээр оршиж байгаа цагт төрийн албан хаагчид мөн л эрхэмсгээр дээдлэгдэж байх учиртай. Түүнээс төрийн албаныхан гэдэг бол хэн дуртай дарга нь санааныхаа зоргоор доромжилж байдаг тийм хүмүүс биш л дээ. Ямар ч газар төрийн албан хаагч орж ирэхэд ард иргэд төрт ёсоо хүндэтгээд мэхийдэг, намсхийдэг байх ёстой. Тэгж байж монгол төрийн эрхэмсэг чанар хадгалагдаж, төрт ёс гэдэг ойлголт өндөрт өргөгдөж, төрийн албан хаагчдын үнэ цэнэ дээшлэн хүчирхэг далайцтай төртэй улс гүрэн болохын үүд хаалга нээгдэнэ. Төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс ч урам зориг орж, аливаа чадалтай чадавхтай байж, төрт ёсныхоо ажлыг нүүр бардам итгэл төгс хийх болно. Их хурлын дарга нь амьд үхдэл гэж хэлээд нохойноос дор үзэхээр төрийн албаныханд ямар байх билээ. Гэхдээ мэргэшсэн төрийн албан хаагчид гэж бид ярьдаг ч бусдыг хардаж сэрдээд байдагчлан төрийн алба төрлийн алба болж амьд үхдэлээр дүүрсэн байвал аюул. Хуучин цагт наад зах нь аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн шилдэг хүмүүс л төрийн албанд ордог байсныг санах хэрэгтэй. Нам дагасан нөхдөөр төрийн алба дүүрсэн бол бас бодох асуудал мөн. Гэхдээ ийм байлаа гээд нийт төрийн албан хаагчдыг, насаараа төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа төрийн хар хүмүүсийг зомби гэж доромжилж болохгүй.

Ер нь манай төрийн өндөр албан тушаалтнууд ард түмэндээ таалагдах гэж жигтэйхэн шударга, сайн хүн болох гэж жүжиглэхдээ өөрөөсөө бусдыг дандаа дорд үздэг. “Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай, Монголын төр чам шиг хулгайчаар дутахгүй” гэж зурагтын камерын өмнө хөмхийгөө зууж хэлснээр мундаг хүн болно гэж боддог. Тухайн агшинд өөрөө тодорч байвал хэнийг юу ч гэж хэлж мэднэ. Занданшатар яг ийм байдлаар тодрох гэсэндээ төрийн албаныхантай уулзах уулзалтынхаа үеэр төрийн хүний амнаас гарч болохооргүй үг хэлчихлээ. Төрийн албан хаагчидтайгаа ингэж ярьж, тэдэнд ингэж хандаж болохгүй ээ. Хаана, хэнд юу хэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Манай Ерөнхий сайд сумын Засаг дарга нарыг Төрийн ордонд дуудаж зөвлөгөөн хийхдээ гэнэт л “юм” нь хөдлөв үү гэлтэй, “Ард түмний татварын мөнгө, авлигаар авсан алтан цаг, алтан бөгж, үнэтэй хөөргөө далд хий нөхөд өө” гээд попроод явчихсан. Түүнийг нь сонссон хөдөөх сумын Засаг дарга “Бидэнд юуных нь алтан цаг, алтан бөгж байх вэ дээ. Эцгээс дамжиж ирсэн нэг муу халтар манан хөөрөг л байх шив. Ерөнхий сайдыг тэгж хэлэхийг сонсоод энэ том дарга сайд нарт тийм үнэтэй зүйл байдаг юм байна” гэх зэвүү хүрсэн хэмээн халаглан хэлж байсан.

Манай дарга нар үнэхээр төрийн албан хаагчдыг нүүр хийх газаргүй болгож олны өмнө гөлөлзтөл загнаж хэл амаар доромжлон бах таваа хангадаг. Нэгнээ үзэж чадахаа байсан нийгэмд тэр нь сүрхий таалагддаг бололтой. Монгол төрийн хэн дуртай нь элдвээр зүхэж доромжилсоор байгаад ийм хөөрхийлөлтэй болгочихлоо. Дарга сайд бүхэн л төрийн албан хаагчид муу, би сайн гэх ойлголтыг түмэн олонд төрүүлэх гэж хичээх болсон. Төрд зүтгэж байгаа хүмүүс муу юм бол төрийг удирдаж байгаа чи ялгаагүй муу байж таарна. Ер нь тэгээд цэргээ доромжлоод дайнд ордог жанжин гэж хаана байсан юм бэ. Тэр жанжин яагаад ч дайны талбарт ялалт байгуулахгүй.

Монгол төрийн албан хаагчид бол Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын торгон цэргүүд юм. Хууль тогтоох дээд байгууллага, Монголын төрөөс хэрэгжүүлж буй бүх хууль дүрэм журмыг ард түмэнд хүргэж, улс орны хөгжил дэвшил суурь ухагдахуун, үндсэндээ улс орны оршин тогтнохуйн баталгаа болж явах хүмүүс төрийн мэргэшсэн албан хаагчид.

Занданшатар та Монгол төрийн дархлаа, төр оршихуйн үндсэн баталгаа нь болсон төрийн албан хаагчдаа амьд үхдэл зомби гэж доромжилчихоод ямар нүүрээрээ одоо хууль ёс, төрт ёс гэж ярих хэрэг вэ. Үе үеийн удирдагч нарт элдэв дээдээр хэлүүлж дорд үзэгдэн доромжлуулж ирсэн төрийн албан хаагчид тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өөрсдийг нь амьд үхдэл болгосон Занданшатарыг Их хурлын даргын суудлаас нь огцруулах хөдөлгөөн өрнүүлэх нь мэдээж.

Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр яригдаж байна. Занданшатарын хувьд огцрох болзлоо хангачихсан нь гарцаагүй л дээ.

Б.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх