"Ах нь колонид яваад ирлээ" буюу С.Эрдэнэ яах бол

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сонгуулийн хууль батлагдсанаар “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй” боллоо. Хэдийгээр энэ заалт батлагдсан ч гэлээ Үндсэн хуулийн Цэц дээр унах магадлалтай. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэц  цаашлаад олон улсын түвшинд гомдол гаргана хэмээж байгаа.

Мэдээж МАХН-ын даргатай  хамтдаа гомдол мэдүүлэгч болох хүн цөөнгүй байгаа. Тэдний нэг нь АН-ын дарга С.Эрдэнэ. Мань хүн Баянгол дүүргээ өөрийн “мэдэл”-ээс алдчихгүйн тулд сонгуулиас сонгуулийн хооронд хороодын ахмадуудаа өөрийн эзэмшлийн амралтын газраа 2-3 хонуулахаас эхлээд баяр, ёслолын үеэр бэлэг сэлт тараахаа огт мартдаггүй нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд шинэ жилийн баяр зохион байгуулж, ахмадуудыг хороо, хороогоор нь урьж залж, хоол, цайгаар дайлан гарын бэлэг болгож, зөөврийн цэнэглэгч, цайны халуун барьдаг савыг харамгүй тарааж байна. Заримд нь хэдэн кг гурил ч болов өгөх нь тойргийн иргэдийнхээ амьдрал ахуйг гадарлаад байгаа ч юм шиг төсөөлөгдөх. Тэгсэн хэрнээ огтоос мэдэхгүй амьдрал сайхан байна хэмээн таахалзаж байгаа ч юм шиг.

Юутай ч он гармагц АН-ынхан дотооддоо бужигнаж намын даргаа гөвнө гэх яриа намжаагүй байхад Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтаар С.Эрдэнэ хүссэн хүсээгүй өөрийн хэлсэн үгэндээ унаж мэдэхээр болоод байгаа юм.

Учир нь тэрээр, 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх үедээ хэвлэлд өгсөн ярилцлагатаа өөрийгөө шоронд хоригдож явсан талаар ярьсан байдаг. Ёстой л хошин шогт “Ах нь колонид яваад ирлээ. Ямар вэ” гэдэг шиг асуудал болсон. С.Эрдэнэ “Шүүх засаглалд итгэхгүй гээд өөр юунд итгэх болж байна. Гэхдээ тэнд бас л алдаа байгаа. Над дээр ч гэсэн алдаа гаргаж л байсан. Би 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод түр үнэмлэхээ авчихаад байхад надад зургаан жилийн ял өгөөд би хоригдож байлаа.” хэмээсэн байдаг.

Мэдээж түүнийг мөрөөрөө ажиллаж, амьдарч байхад нь аваачаад хорьчихоогүй. Түүнийг өөрийн үүсгэн байгуулсан “Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойргийн дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгаж байсан. Тиймээс тухайн үед 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр С.Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт 5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Тиймээс л энэ хууль олон хүнийг нойргүй хонуулж сэтгэлийг нь чилээж буй билээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх