Н.Энхбаярыг "ардын баатар" болгох нь

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

64 гишүүнтэй МАН-ын парламент дахиад л “гэмт хэрэг” үйлдлээ. Хэрэв Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг, түүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан улс мөн бол тэр хуулиа зөрчиж байгаа нь гэсэн “гэмт хэрэг” мөн. 

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт УИХ-аар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэв. УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн анхны төсөлд ийм заалт байгаагүй /уг нь бол томсгосон мажоритари буюу том 26 тойрог ч бас байгаагүй/ боловч “Шударга тав” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн шийдчихсэн популистуудын нэг Т.Аюурсайхан хэлэлцүүлгийн дундуур хажуунаас оруулж ирээд батлуулчихлаа. Бүхэл бүтэн нам нэг хүний аманд багтана, эсвэл гэнэдэж төөрөгдөөд ийм хууль батлана гэж юу байх вэ, урьдаас төлөвлөж байгаад гэнэдүүлсэн хэрэг байх.

Эргэн сануулахад 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “ялтай байдал” гэдэг зүйлийг хуулиас авч хаясан. Ялтай байдал буюу ялтайд тооцох хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд гарч ирсний дараа тодорхой хугацаагаанд /хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-3, 5-8 жил гэх мэтчилэн/ түүнийг ялтайд тооцож, тодохой эрхүүдийг нь хасдаг байлаа. 2002 онд Ц.Нямдорж сайдын батлуулсан “шоронжсон” гэх энэ хуулийг 2015 онд өөрчлөхдөө “Нэгэнт хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж ялаа эдлээд гарч ирсэн хүнийг “ялтай байдал” гэдгээр давхар яллаж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэнэ гэсэн эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлах хэрэгтэй” гэж үзээд энэ өөрчлөлтийг хийсэн билээ. Сүүлд 2017 онд хуулийг дахин өөрчлөхдөө ч гэсэн энэ хэвээр нь үлдээсэн. Гэтэл МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа Эрүүгийн хуулийн энэ зарчим болоод Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг ч гэсэн зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ял үндэс, нийгмийн гарал, эрхэлж буй ажил, албан тушаалаасаа үл хамааран дараах эрхүүдийг баталгаатай эдэлнэ” гээд үүнд нь сонгох, сонгогдох эрхийг заасан байгаа. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэн шүүхийн таслан шийтгэх тогтоолоор эрхээ хасуулснаас бусад бүх хүн сонгох болон сонгогдох эрхтэй гэж. Худлаа гэвэл одоогийн Ерөнхийлөгчөө хар. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ мань хүн АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байв. Мөн л албан тушаалын гэмт хэргээр. Гэвч тухайн үед СЕХ “Шүүхийн таслан шийтгэх тогтоол гараагүй учраас нэр дэвших эрхтэй” гэж үзээд нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэж байсан билээ.

Бас өөр нэг жишээ. Хэрвээ авилга, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй гэж байгаа бол хүн амины хэрэгт, эсвэл хар тамхи, мөрийтэй тоглоомд оролцсон, хүчингийн хэрэгт ял шийтгүүлсэн нөхөд бас яах вэ? Д.Гантулгыг ялаа эдлээд гараад ирэхээр нь бас хууль гаргах уу? Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудлыг дагууллаа, МАН-ын баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль.

Гэхдээ “Сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө” гэдэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд, сонгоод бай гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээрт улс төрийн намууд нэр дэвшигчээ гаргахдаа тэр хүний намтар түүх буюу сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, шүүлтүүр тавих ёстой. Хоёрдугаарт сонгогчид өөрсдөө саналаа өгөхдөө бас уг хүн төрийн улс төрийн ажил хийх, албан тушаал хаших ёссуртахууны эрхтэй этгээд мөн үү гэдгийг өөрсдийн үнэлэмжээр шүүх ёстой. Түүнээс биш хууль батлаад эрхийг хасаад байж болохгүй гэсэн санаа.

Харин одоо МАН-ын баталсан Сонгуулийн тухай хуулиас болж Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүнд улам өсч, ардын баатар шахуу болоод байна. Э.Бат-Үүл хүртэл бачимдаж, “Ганц хүнд зориулж хууль баталлаа” хэмээн хашгирах болсон нь Н.Энхбаярыг хайрласандаа биш, харин Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, ардчилсан сонгуулиа хамгаалах гэсэндээ тэр юм. Хэрвээ одоо Үндсэн хуулийн Цэц УИХ-ын баталсан хуулийн заалтыг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж үзээд түдгэлзүүлчихвэл Н.Энхбаяр гэдэг хүн жинхэнээсээ “баатар” болох нь. Цэц түдгэлзүүлэхгүй байлаа гэхэд Н.Энхбаяр гэдэг хүн намын даргын хувиар сонгуулийн бүх тойрогт ажиллаж нэр дэвшигчдээ дэмжиж таарна. Улс төрийн яллагдагч, жинхэнэ хохирогчийн дүрээр сонгогчдын өмнө очино. Тэр хэмжээгээр түүний “оймсонд хавчуулагсдын” цуваа үргэлжилнэ гэсэн үг. МАН ингэж л унах нүхээ өөртөө малтаж байна.

Зүй нь нэр дэвших эрхийг нь хангачихаад нэр дэвшсэн хойно нь “Чоно хэзээ ч махнаас гардаггүй юм аа” гэж ухуулаад явсан бол асуудал эсрэгээрээ байж болох байлаа. Эхлээд зарчмаа тавь, дараа нь хүнээ ярь гэдэг энэ. 

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх