“Токио 2020” олимпийн наадам эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Уламжлал ёсоор спортын салбарт энэ жил хөрөнгө мөнгө цутгана. Монголчууд бид тэр хэрээр тамирчдаас өндөр амжилт шаардаж, чадаагүйг нь шүүмжлэлээр булах нь тодорхой. Муу амлаж байгаа юм биш, гэхдээ хэлэх үг байна. Монголын спортын салбарт хийгдээгүй шинэчлэлийг яаралтай хийхгүй бол одоогийн байдлаар хол явахгүй нь тодорхой болчихлоо.
Ганц хүрлээр гол зогоодог үе рүүгээ орчихвий
Одоо манай спортын салбар клубын болон шигшээ багийн хосолсон системээр явж байгаа. Энэ нь муугүй боловч улс орны эдийн засаг сайн, төсөв мөнгө хангалттай хуваарилсан нөхцөлд л амжилт гаргах тогтолцоо юм. Харин одоогийнх шиг шигшээ баг нь оролцох ёстой тэмцээндээ оролцож чадахгүй төсөв мөнгөний хомсдолтой, клуб нь ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй үед амжилт хүссэн хүсээгүй унадаг.
Олимпийн наадмаас медаль авчирсан спортын төрлүүдээ бид “Топ 4” хэмээн өргөмжилдөг. Тэгвэл зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, 2000-аад оноос өмнө дээрх спортын тамирчид нэг жилд ДАШТ-ээс зэрэг медаль авсан түүх (1993 оныг эс тооцвол) байдаггүй юм. Аль нэг төрөл нь ганц медаль авчирч, тухайн жилийнхээ шилдэг тамирчин болдог байв. Хамгийн их найдлага тавьдаг чөлөөт бөх 1993 оноос хойш найман жил ДАШТ- ээс медаль аваагүй, боксчид 1993 онд Э.Цогтжаргал, 1997 онд Т.Үйтүмэн хүрэл, мөнгөн медаль авснаас хойш 2007 онд Э.Бадар-Ууган ДАШТ-д үзүүрлэх хүртэл 10 жил медальгүй. Буудлага, Жүдо бөх ч ялгаагүй. Дөрвөн жилд нэг болдог буудлагын ДАШТ-ээс хаа очиж Д.Мөнхбаярын буянаар 1998 онд алт шүүрч, эмэгтэйчүүд багаараа хүрэл хүртсэн байдаг юм.
За тэгж байтал 2008 он гарлаа. Спортын салбарын төсөв анх удаа тэрбумаар хэмжигдэх мөнгө зарцуулж үзлээ. Тамирчдын амжилт ч өсч, олон шилдэг тамирчин бэлтгэгдсэн. Улс орны сан хөмрөг сайн байсны ачаар овоо хэдэн тамирчны суурь нь сайн тавигдсан шиг байгаа юм. Одоо харин тэр тамирчид цагийн эрхээр харьж байна. Гэтэл энэ хооронд өсвөр үе залуучуудын амжилт уначихлаа.
Монгол Улс мандан бадарч мөнгө төгрөгөөр халгиж цалгиж байх үед бэлтгэгдсэн тамирчдын нөөц “Токио 2020” олимпийн наадмаар дуусах нь уу гэсэн харамсал төрөх болов. Байдал энэ хэвээр үргэлжилбэл багийн лидер ганц тамирчин нь хүрэл медаль авч, бусад нь тэр медалийн ард нуугддаг тэр үе эргэж ирэх нь.
Ирээдүйгээ балласан “гаж” хуваарилалт
Спортын салбарын төсөв олимпийн дараа жил огцом унаж, дараагийн жилүүдэд нь аажмаар өгссөөр олимпийн жил оргилдоо хүрэх маягаар явдаг. Анхны аваргаа өлгийдөж авсан 2008 онд 1.3 тэрбум төгрөгийн төсөв авсан нь өмнөх жилийнхээсээ 500 саяар илүү байсан юм. Гэтэл 2019 онд арав гаруй тэрбум төгрөг хуваарилсан байхад амжилт унаж байна. Спортын салбар ийм л өрсөлдөөнтэй байдаг.
Олимпийн жил эрх авах олон тэмцээнд ордог тул зардал өсөх нь зайлшгүй, харин олимпийн дараа жил спортод зориулах мөнгийг огцом хасдаг нь “Олимп хүртэл хаа ч байсан юм бэ” гэсэн монгол хүний уужуу тайван зангийн илрэл гэмээр. Харамсалтай нь энэ харалган бодлого спортын хөгжилд чөдөр тушаа болж байна. Өсвөр залуу тамирчдын амжилт уруудаж, насанд хүрэгчдийн багийн амжилт ч аажмаар унаж байгаагийн нэг шалтгаан нь энэ. Яагаад гэвэл олимпийн дараах жил буюу шинэ мөчлөг эхлэх жил залуу тамирчид байр сууриа олж, бэлтгэлийнхээ суурийг тавьж байдаг. Лондон, Риогийн олимпийн дараагийн жилд буюу 2013, 2017 онд спортын салбарын төсөв буурсан нь одоогийн уналтыг тодорхойлсон байх магадлалтай.
Харамсалтай нь, улс орны байж байгааг харахад Токиогийн олимпийн дараа ч тамирчдын амжилт сэргэхгүй. Улс ховор зүйлдээ харам байдаг. Дээр үед импортын бараанд харам байж, хүссэн хэмжээний талыг нь хасч өгдөг байсан. “Ховор хүмүүс” кинонд энэ талаар тодорхой гардаг. Тэгвэл 2019 оны төсөвт спортын салбар 25 тэрбум төгрөг хүсэхэд талыг нь л өгсөн. “Ийм олон тэмцээн уралдаанд тийм олон тамирчин явуулах хэрэг байгаа юм уу” гээд хассан гэдэг. Энэ бол мөнгө санхүү гэдэг юм Монголд ховордож байгаагийн шинж. Цаашилбал, тамирчдын амжилт унана аа л гэсэн үг. Хууль хэрэгжүүлэх мөнгийг нь хүртэл өгөөгүй гэж байгаа юм шүү дээ. Салбарын сайд нь “2019 оны нэгдүгээр сараас Биеийн тамир, спортын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын бүх суманд биеийн тамирын аргазүйч ажиллах ёстой, хуулийнхаа дагуу. Энэ орон тоог оруулж ирсэнгүй. Орон тоо байхгүй учраас цалин гэж төсөвт тусгаагүй. Энэ талаар Сангийн сайдаас чуулганы хуралдааны үеэр тодруулж асуулаа. ОУВС-гийн хөтөлбөрт орсон учраас төсвөөс цалинждаг хүмүүсийн орон тоог нэмэх боломжгүй байсан гэдэг тайлбар хэлж байна билээ” хэмээн ярьжээ.
Энэ жил олимпийн жил учраас уламжлал ёсоор төсөв нэмэгдэж орж ирсэн. Харин дараа жил яах вэ. Тодорхой хариулт үгүй. Айдас хүйдэс. Тийм болохоор л спортын салбарт хөрөнгө оруулагч оруулж ирэх орчинг бүрдүүлж өгөх асуудлыг хөндөж байгаа юм. Төр өөрөө хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болтлоо ядуурсан учраас.
Спортыг дэмжсэн ААН-д давуу тал олгодог болъё
Бизнесмэнүүд нэг хэсэг “Спортод хөрөнгө хаяад хэрэггүй. Компанийн нэрийг бичсэн хэдэн хүүхэд СТО-д гүйлээ гээд ямар ашиг гарах юм бэ” гэж ярилцдаг байв. Спорт холбоод мөнгөтэй, дэмжих боломжтой бизнесмэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг эрэмбэлж жагсаагаад “Ерөнхийлөгч болно уу” гэсэн хүсэлтийг дээрээс нь эхлэн ээлж, ээлжээр тавьдаг байлаа, тэр үед. Гэвч зөвшөөрөхөөсөө зөвшөөрөхгүй нь их байсан юм. Одоо хүн олдохгүй зовлон нь арилсан ч мөнгө олдохгүйн зовлон нь хэвээрээ шахуу байна. Улс төрд орох гэсэн амбийцтай нөхдүүд худал үнэн хэлж сонгогдчихоод мөнгө өгдөггүй. Ихэнх холбоонд ийм зовлон байгаа. Тиймээс өмнө олонтаа гарч байсан спортод хөрөнгө оруулсан ААН-ийг төрөөс дэмжиж, тодорхой хэмжээний хөнгөлөлт, давуу талыг өгдөг болох саналыг дэвшүүлж байгаа юм.
ОХУ зах зээлд шилжээд эдийн засаг нь хүнд хэцүү байхдаа спорт холбоодод “Санхүүжилтээ өөрсдөө ол” гээд зарим нэг онцгой төрлийн бараа бүтээгдэхүүнийг (жишээ нь архи) тодорхой хэмжээний лимиттэйгээр татваргүй оруулж ирж худалдах эрхийг олгож байсан туршлага бий. Холбоод нь энэ эрхээ санхүүгийн дэмжлэг өгсөн аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг байж. Эрх авахын тулд мэдээж, компаниуд өрсөлдөөд орж ирдэг, энэ нь хойд хөршийн спорт холбоодыг мөнгөжүүлж, тухайн спортыг хөгжих дэмжлэг болохын зэрэгцээ удирдлагуудыг нь мафи болж хувирахад хүргэсэн байдаг. Одоо ОХУ-ын спорт холбоодын удирдлагуудыг харахад дандаа тэрбумтнууд байдаг. Харин Монголд ийм биш учир спортын төлөө жинхэнэ сэтгэлтэй хүмүүс холбоогоо сахиж үлдсэн байдаг юм. Ийм байдлаар хүнд хэцүү үеийг даван туулж, одоо цагтай золгосон нь Монголын спортын нэг давуу тал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, одоо Монголын спорт мөнгө олох биш, спортыг хөгжүүлэх гэсэн хүмүүсийн гарт байна.
Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn