Зуу гаруй хүн 100 сая төгрөг өгсөн гэхээр АН-д нэр дэвшигч үлджээ

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Улс төрийн барууны магнайд зогсож буй Ардчилсан намыг С.Эрдэнэ тэргүүлэх болсноор өдөр болгон шахуу Ардчилсан намаас гарлаа гэсэн “сүрэг” “сүрэг” нөхөд ээлж дараалан мэдээлэл хийж байсан нь өчигдөрхөн. Нэгэн цагт Ардчилсан намыг командалж явсан Н.Алтанхуягаас эхлээд эгэл нэгэн гишүүд, эрдэмтэн мэргэд, инженер, технологич гээд ар араасаа намынхаа хаалгыг савж С.Эрдэнэд нуруугаа харуулсан. Тэр ч бүү хэл тус намаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн нам байгуулж өрх тусгаарлаад байгаа.

Ийм нөхцөлд олон нийтийн тооцоолж байгаагаар бол Ардчилсан намд УИХ дахь бүлгийн хэдэн гишүүд, АН-ын байр сахисан хэдэн нөхөд үлдсэн гэж бодсон. Ийн бодохоор ч үйл явдал өрнөсөн дөө. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Улсын баатар Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гээд цагтаа энэ намын өнгө зүс нь болж явсан нөхөд С.Эрдэнээс нүүр буруулсан болохоор айсуй сонгуулиар 76 тойрогт сойх “хурд”-гүй боллоо гэж ойлгосон хэрэг.

Түүнээс бус АН-ыг дэмждэг, үзэл баримтлалаараа нэгддэг гишүүд олон байгааг үгүйсгэхгүй. Одоо ч Т.Хасбаатар, Б.Галиндэв гэх мэт залуус С.Эрдэнэ, Ардчилсан намын бодлогыг сөрж, намаа аврах тухай ярьж байгаа нь энэ урсгал татраагүй байна гэсэн үг.

Гэтэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос 100 сая төгрөгийн татаас авахаар тохиролцсон. Энэхүү мэдээллийг сонсоод өдөрт л хэдэн арваараа гишүүдээ алдаад дуусаж байгаа Ардчилсан намд 100 сая төгрөг өгөх хэн байдаг юм гэх ч хүн байлаа. Гэтэл Ардчилсан намын Дэд дарга Б.Пүрэвдорж “100 гаруй хүн хандиваа өгсөн” хэмээн хэвлэл мэдээлэлд дурджээ. Тэгэхээр Ардчилсан намд 76 тойрогт нэр дэвших гишүүн үлдсэн байна. Гэхдээ сонирхол татаж байгаа нэг зүйл гэвэл мөнгөө тушаасан 100 гаруй хүн хэн хэн байв гэдэгт л хамаг учир бий.

Э.Бат-Үүл мөнгөө өгч үү, З.Энхболд мөнгөө өгч үү гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Улс төрд эргэн ирэх сонирхол бүхий Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав гээд олон нөхөд мөнгөө өгч үү, үгүй юу гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Мөнгөндөө биш, С.Эрдэнэтэйгээ толхилцож байгаа учраас Ардчилсан намын нэр дээрээс сонгуульд өрсөлдөх үү, үгүй юу гэдгийг л сонирхоод байгаа хэрэг. Миний санаж байгаагаар өчигдөрхөн  л “Намаа цэвэрлэнэ” хэмээн С.Эрдэнийг хараан зүхээд явсан Н.Алтанхуяг лав 100 сая төгрөгөө өгөөгүй байж таарна, одоохондоо. Тэгэхээр өчигдөрхөн зодолдож байсан эдгээр нөхөд Ардчилсан намын нэр дээрээс нэрээ дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй.

Тэгвэл 100 сая төгрөгөө тушаасан 100 гаруй хүн хэн байх вэ гэдэг оньсого таавар дэгдэж, энэ хэрээр намын ирээдүй ч бүрхэг харагдана. Муу ч сайн ч Төрд олон жил ажиллаж, түмэн олны танил болсон нөхөд бүгд л С.Эрдэнээс мандат авах, авахгүйдээ тулчихсан байгаа цагт Ардчилсан намын ирээдүйд гэрэл гэгээ тун бага үзэгдэнэ. Яагаад гэвэл жижиг тойрогт таван сумаас 6000 хүний санал аваад УИХ-д орж байсан цаг ард үлдэж байна. Учир нь олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжиж, Олонхийн бүлэг санал нэгтэй сонгосон, өдгөө УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээ хийлээ. Энэ бол Төрийн эрх барьж байгаа УИХ-д 64 суудалтай намын шийдвэр учраас батлагдах нь ойлгомжтой. Тодотгож хэлбэл, нэр дэвшигч та бүхэл бүтэн аймагт таалагдаж байж сая УИХ-ын босго давна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та олны танил байж УИХ-ын босго давах магадлалтай.

Муу нэрээрээ алдартай Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, З.Энхболд нарыг бол 76 тойргийн хаана ч яваад очсон танина. Гэтэл эдгээр нөхөд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Харин 100 сая төгрөгөө тушаасан 100 гаруй хүн нь хэн ч танихгүй улс төрд дурлагсад байх магадлалтай. Лидерүүдийн зодоон дундуур мөнгө тушаан горилж байж болох юм. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг ч бай, Ц.Элбэгдорж ч бай С.Эрдэнэтэй нэг орой хундага тулгаад л тэдний 100 сая төгрөгийг салхинд хийсгэж чадна. Улс төр бол барьцгүй, өчигдөргүй, маргаашгүй мэт зүйл.

Шинэ он гараагүй байхад 100 сая төгрөгийн үнэ хүрч байгаа мандатын үнэ он гарахаар хоёр дахин өснө, үүнээс хойш тогтмол өснө. Багадаа 500 сая төгрөг хүрнэ гэх таамаг бий. Тэр үед акулууд хундага тулгаад, горилогчдын 100 сая төгрөгийг тав дахин нугалаад өгчихөөр ямар ч асуудал алга. Тэгэхээр Ардчилсан намын удирдлагууд нэг талдаа улс төр горилогчдоо хулхидаж байж болох юм. Тэдний хувьд сонгууль хүртэл асуудал хаашаа эргэхийг хамгийн сайн мэднэ. Мэдээжийн хэрэг өдгөө АН-ын Дэд даргаар ажиллаж байгаа Р.Амаржаргал, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнийн гэх Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын хувьд бол хүссэн тойргоо аваад явах байх.

Үнэн хэрэгтээ сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүнд бол 100 сая төгрөг их мөнгө биш. Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд ч хүрэхгүй мөнгө. Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ “Манай тойрог 11 мянга орчим сонгогчтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар аймгийн намын хорооноос миний гаргах санхүүжилтийн нийт хэмжээг 280 сая төгрөг гэж гаргаж өгсөн. Энэ хүрээндээ би сонгуулийн санхүүжилтээ гаргасан.  280 сая төгрөгийн ихэнх нь буюу 240 сая гаруй төгрөгийг штабт ажилласан ажилтнуудын зардалд зарцуулсан. Дээр хэлсэнчлэн ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн өгсөн  100, 60 сая төгрөгийн хандив нь буцаад тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штабт нь зарцуулагдана” хэмээсэн нь туйлын үнэн.

Сонгуулиас сонгуулийн хооронд зардал өссөөр байгаа, хэтдээ сонгуульд нэр дэвших нь мөнгөтэй хэдэн хүний л зодоон болох төлөв бий. Үүнийг хуулиар зохицуулж өгөх шаардлага байгаа юм. 

Гэтэл нөгөө талаас хэсэг нөхөд үүнийг буруушааж буй. Тухайлбал, С.Эрдэнэ нэр дэвших сонирхолтой нөхдөөс 100 сая төгрөг татаж байгаа нь “60 тэрбум”-ын үйл хэргийг үргэлжлүүлж байна гэж байгаа. Энэ мөнгийг авахаас өөр арга байхгүй. Мөнгөгүй юугаараа сонгууль хийх юм бэ. Эрх барьж байгаа намын хувьд бол учир бий. Татвар гувчуур, тендер, албан тушаал гээд мөнгө босгох олон арга байж таарна. Сөрөг хүчин бүү хэл УИХ-д бүлэг ч үгүй сууж байгаа намд хөрөнгө босгох арга хомс. 

Гагцхүү арга нь нэр дэвшигчдээс татаас авах. Өөр аргагүй. АН төдийгүй МАН ч энэ аргыг хэрэглэдэг. Далд болохоос биш нам хэмээх бүтэц хандив, татаасаар амь зогоодог байгууллага. Харин Ардчилсан нам ил зарладаг зуршилтай. Үнэ ханш нь ч тодорхой байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Намын даргад өрсөлдөхөд 200 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж, түүнийгээ ил зарладаг. Ямартай ч АН-д нэр дэвших хүсэлтэй 100 гаруй хүн байна.

С.Ууганбаяр 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх