"Ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй нь Үндсэн хууль зөрчинө" гэсэн Цэцийн дүгнэлттэй танилц

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын сонгуулийн тухайн хуулийг өнөөдөр батлахаар төлөвлөөд байна. УИХ уг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 30.8 гэсэн заалтыг шинээр оруулсан нь маргаан дагуулаад байгаа. Энэхүү заалт нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байсан бол энэ удаад дээрх заалт батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонсож байсан бүх хүн нэр дэвших боломжгүй болох юм. Энэ заалтыг нэмэх санал гаргасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саналаа тайлбарлахдаа “Өмнөх Сонгуулийн хуулиудад нэр дэвшигчдэд тавих шаардлагад ялгүй байх гэсэн шаардлага тавигддаг байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэдэг ойлголт байхгүй  болсон. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүмүүст нэр дэвших хязгаарлалт байх ёстой. Энэ нь Үндсэн хууль зөрчихгүй гэж үзэж байгаа. Хуульчид бас ингэж тайлбарлаж байгаа. Эрхээ эдэлж байгаа хүмүүс үүргээ хүлээдэг байх хэрэгтэй. Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг тодорхой хугацааны өмнө ажлаас нь чөлөөлүүлдэг нь сонгох, сонгогдох эрхийн асуудал боловч төрийн албыг улстөржилтөөс ангижируулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Мөн нэр дэвшигч өргүй байх ёстой. Үүн дээр ч сонгох, сонгогдох эрх яригдах ёстой ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байж эрхээ хэрэгжүүлэх зарчим үйлчлэх ёстой” гэсэн юм.  

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, гараагүй гэсэн маргаан байгаа учраас эцсийн хэлэлцүүлэгт оруулахаасаа өмнө нягталж үзэхийг анхааруулсан. Тиймээс энэ дээрх заалт дэмжигдсэн хэдий ч УИХ-ын дарга чиглэл өгсөн учраас өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг хийхээсээ өмнө эргэж харах магадлалтай. Тодруулбал, Цэцийн дүгнэлттэй тулгаж, Үндсэн хууль зөрчих эсэхийг нь нягтална гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний дүгнэлтийг танилцуулъя. Цэц тухайн үед одоогийн нөхцөл байдалтай ажил маргааныг хэлэлцэн шийдвэрлэж байжээ.

 Иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, Б.Болд нар Цэцэд хандсан юм байна. Тэд “УИХ-аас 2005 оны арванхоёрдугаар сарын 29-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4-т “Нэр дэвшигч нь …дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд ”Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 9 дэх хэсэгт “…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэсэн алдаатай шинэ томъёолол нь Дээд шүүхээс 2008 оны гуравдугаар сарын 31-ний 16 тоот тогтоолын 12 дахь заалтад “Ялгүй байх гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй гэнэ” хэмээн буруу тайлбар гарах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын иргэн бүх насаараа ялтай үр дагаварыг бий болгоод зогсохгүй социалист эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж байсан үйлдэл, эс үйлдэхүйг хийж ял шийтгүүлсэн болон эсхүл огт гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хилсээр ял шийтгэгдсэний төлөө өнөөдөр Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. УИХ нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар “нас”-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид “ялгүй байх” гэсэн Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж, иргэнийхээ “сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 19 дүгээр зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” хэмээн Цэцэд хандаж байжээ.

Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Одбаяр, С.Баярцогт нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа “Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн үндсэн шаардлага, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хууль зүйн тусгай шаардлага тус тус тавигдсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид тавигдсан “ялгүй байх” гэсэн шаардлагын тухайд, хууль санаачлагч анх хуулийн төсөлдөө нэр дэвшигч “санаатай үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар тусгасан байсныг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогч “ялгүй байх” гэж өөрчилсөн, өөрөөр хэлбэл, уг ойлголтод “огт ял шийтгэгдэж байгаагүй”, түүнчлэн “ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2-т заасны дагуу ялгүй болсон, мөн хуулийн 78.3-т заасны дагуу ялгүйд тооцогдсон байх” ойлголтуудыг багтаасан.

Гэтэл, Дээд шүүх 2008 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан тайлбартаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг “..үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэж тайлбарласан. Дээд шүүхийн энэхүү тайлбар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай зөрчилдсөн тайлбар болсон гэж хууль тогтоогч үзэж байгаа. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “…Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан боловч Дээд шүүхийн дээр дурдсан тайлбар хүчин төгөлдөр байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд байгаа “ялгүй байх” гэсэн ойлголтыг эрх зүйн цоо шинэ ойлголт, хэм хэмжээ болгож хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр хэрэглэх болгож байна. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4.3 дахь заалт нь өргөдөл гаргагчдын өргөдөлдөө дурдсан “нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй байна” гэжээ.

Улмаар энэ асуудлыг Цэц хэлэлцээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны тавдугаар сарын 14-нөөс эхлэн түтгэлзүүлсүгэй” гэж дүгнэжээ.

Тодруулбал, тухайн үеийн УИХ одоогийнх шиг өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял сонсож байсан бүх хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж батлаагүй ч Дээд шүүх ялгүй  байх гэсэн ойлголтыг нь тайлбарлахдаа өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй хүн л нэр дэвших боломжтой мэтээр тайлбарлаж байжээ. Тиймээс Цэц тухайн заалтыг хүчингүй болсон байна. Яг үнэндээ УИХ-ны сонгуулийн тухай хуулийн заалт бус Дээд шүүхийн тайлбараас болж маргаан үүсжээ. Харин өнөөдөр тухайн үеийн Дээд шүүхийн тайлбартай утга, агуулга ижил заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах гэж байгаа учраас Үндсэн хуультай зөрчилдөхөөр байгаа ажээ.

М.ШИЙЛЭГТӨМӨР

ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN

http://eagle.mn/r/66561

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх