МАН-ын захиалгаар хөгжим тоглогдоно

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-Удаан хугацаанд тойргоо усалсан хүмүүс ашгаа хүртэх сонгуулийн хувилбар-

МАН-ын УЗ болон УИХ дахь бүлгийн гишүүд хуралдаж ирэх оны сонгуулийг томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар хуульд тусгахаар санал нэгдсэн. Энэ нь 1992, 2008, 2012 онд явуулж байсан сонгуулийн тойрог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, томсгосон 26 тойрог гэдэг нь нэг аймгийг нэг тойрог гэж үзээд, хүн амын нягтаршил ихтэй газруудыг хуваах байдлаар 26 тойрог бий болгож байна гэсэн үг.

Уг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг 50:26 гэсэн хувилбараар зохион байгуулахаар өргөн бариад байсан. Энэ нь 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төсөл нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй, хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа гэж байгаа юм.

Манай улсын хувьд сонгуулийн бүхий л системийг туршаад үзчихсэн. Ингэхдээ энэ удаагийн сонгосон томс­госон мажоритар тогтол­цоог хамгийн муу хувил­бар гэж үзэж байсан үе бий. Учир нь сон­гуу­лийн цөөхөн хоногийн сурталчилгааны хугацаанд дэд бүтэц хөг­жөө­гүй хөдөө орон нутагт нэр дэвшигчид хэт их хөрөнгө зардаг гэдэг. Харин нөгөө талдаа нэлээд эртнээс тойргоо “усалсан” нэр дэвшигчдэд ашигтай хувилбар болчихдог.  

Мөн томсгосон тойрог дотроо хэд, хэдэн мандаттай учраас намаасаа нэр дэвших эрхээ авч, хамтдаа ялалтын төлөө уриатай гарсан хүмүүс тойрогтоо очмогц биесээ “түгжилдэж” амин хувиа хичээх нь бий. Үүнийг батлах жишээ нь 2008, 2012 оны сонгуульд ялалт байгуулагсад. Тухайлбал, 2012 оны сонгуулиар Завхан аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нарын паян байна. Нэгэнт завханчууд АН-аас нэр дэвшигч Я.Санжмятавыг сонгох нь тодорхой болж, ам сайтай байгааг мэдмэгц, Д.Оюунхорол “хөтлөлцөж, гарсан Д.Балдан-Очирыгоо замын дундаас хаяж, амиа бодож, ялалт байгуулан тангараг өргөж байсан. Яг үүнтэй адил асуудал тойргуудад олон гарсан.

Яах вэ, анхнаасаа “түгжилдэхгүй”, эв эеээ хичээгээд явбал биесийнхээ хомрогонд гараад ирчих магадлалтай хувилбар. Тиймээс зарим нэр дэвшигчид “азны л юм” болно. Өмнө нь буюу 2008 оны сонгуулиар Өвөрхангайд нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү /агсан/, Д.Зоригт, Р.Ба­дам­дамдин нар хамтран ажиллаж чадсан тулдаа гурав нь ялалт байгуулсан. Увсад ч ялгаагүй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж нар гарч, Сонгино­хайр­ха­н дүүргээс дөрвөн хүний хоёр нь буюу Н.Алтан­хуяг, Д.Кёкүшюүзан Бат­баяр нар сонгогдож байсан.

Энэ мэтчилэн өмнөх туршлагуудаараа хамгийн муу хувилбар хэмээн дуу нэгтэйгээр баталж байсан томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулах болж байгаа нь МАН, АН хоёрт бол ашигтай. Харин жижиг намуудад бол авралгүй болж мэдэхээр байгаа юм. Тиймдээ ч УИХ дахь АН-ын зөвлөлийнхэн “МАН-ын бүлгийн ойлголцлоос бүх зүйл шалтгаална. АН-ын зүгээс порпорционал элементээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. МАН-ын тогтоосон тоглоомын дүрэм, баталсан хуулиар бид сонгуульд оролцох нь” хэмээн сүртэй эсэргүүцэхгүй, дотроо алга ташин суугаа бололтой.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх