Төр үүргээсээ зугтаж иргэдийн “гараар могой бариулж” байна

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
  • /

  •  

    Төрийн байгууллага хов матаасаар “хооллодог” тогтолцоог өөгшүүлж байна
  • Матаачдын “арми” бэлтгэх далд уралдааныг өрнүүлж буй нь хүний мууд дурлах, өс хон­зонгийн сэдлийг өөгшүүлэх янзтай
  • Хов, худал мэдээллийг шигшихгүй, матаасаар “хооллодог” төрийн тогтолцоог халахгүй бол хяналтын тогтолцоог сайжруулж чадахгүй
  • Төрд хов зөөх үүрэг иргэнд оногдоогүйг эцэг хууль батална

“Нэгэн матаач нөхөр концерт үзэж дуусаад удирдаачтай уулзаж баяр хүргэнгээ “тэр хоёр төмөр (цан) хавсарч цохидог сахалтай нөхөр таныг харахаар цохиод бусад үед нь зүгээр суугаад байна лээ” хэмээсэн онигоо байдгийг уншигч авхай мэдэх биз ээ. Энэ бол хардалт хэрээс хэтрэхээр мэдэх, мэдэхгүй зүйлээ ховлож байж санаа амардаг сэтгэцийн өвчний бодит жишээ юм. Ийм хүн олшрохын хэрээр эрүүл сэтгэлгээ, хүнлэг чанар, шударга ёсны хэмжүүр зэрэг нийгмийн үнэт зүйл устаж, тамын тогооны үлгэрт хүргэдэг гэмтэй. Гэтэл сүүлийн үед ховоор “хооллож”, матаасаар мандах аргыг үндэстний хэмжээнд хөгжүүлэх оролдлого ил цагаандаа гарлаа. Тэр тусмаа төрийн байгууллагууд иргэдийн матааст үндэслэж ажлаа хийх арга барилд шулуухан шилжиж байгаа нь эмгэнэл юм. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хот төлөвлөлтийнхөн байгууллагынхаа сайтыг зөвшөөрөлгүй барилгыг “ховлох” зориулалтаар хөгжүүлж эхэлснээ зарлалаа. Мөн хэдхэн сарын өмнө Тээврийн цагдаагийн албанаас матаасын мөрөөр торгууль, шийтгэл ноогдуулах сошиал “олиошиг” аян өрнүүлж байсан удаатай. Энэ мэтчилэн төрийн байгууллага хяналтын үүргээ иргэдэд тохож, ажлаа хөнгөвчлөх аргыг сонгож эхэлсэн жишээ олон бий. Төрийн хяналт сул байгааг иргэдийн мэдээллээр нөхөх гэсэн ядарсан арга шиг л харагдаад байгаа юм. Яг 70, 80-аад онд НАХЯ нууц мэдээлэгчийн “армиа” ашиглан, нийгмийн оюун санааг дарангуйлдаг байсан шиг матаачийг төр үнэлж, иргэдийг хооронд нь дайсагнуулах бурангүй цаг айсуй. Цагдаа, мэргэжлийн хяналт, салбарын байцаагч зэрэг төрийн хяналтын үүргийг гүйцэтгэх байгууллага, ажилтнууд өнөөдөр иргэдийн гомдлоор ажиллаж хэрхэн гүйцэлдүүлснээрээ уралдаж байна. Түүндээ зориулж матаачдын “арми” бэлтгэх далд уралдааныг өрнүүлж буй нь хүний мууд дурлах, өс хонзонгийн сэдлийг өөгшүүлэх янзтай. Монголчууд өөрт хамааралгүй асуудлаар мэдээлэл хүргэж, гомдол бичээд гүйдэг хүнийг матаач хэмээдэг. Монгол хэлний их тайлбар тольд матаач гэх үгийг “зохих байгууллагад тодорхой асуудлаар байнга мэдээлдэг хүн”, “далдуур матаж, бусдын мууг үзэн таашаал авдаг зан байдал” гэж тодорхойлсон байгаа. Эл тодорхойлолтын угт үзэн ядах өнгө аяс илт. “Ард Аюуш” киноны Чилхаагийн дүрээс эхлээд матаачийн үнэн төрхийг үзэн ядаж, жигшин зэвүүцдэг монголчуудын сэтгэхүйд төрд хов хүргэх мөн чанар одоогоор алга. Эцэг, эхийн захиас ч бусдад хоргүй, ховгүй амьдрахыг чухалчилдаг нь учиртай. 1937 онд бичиг үсэгтэй гурван монгол тутмын хоёр нь нэгнээ матсан мэдүүлэг өгч, түүнийг нь далимдуулан хэлмэгдэлтийн шуурга өрдсөн болохоор түүхийн гашууныг цусаар төлж, ясандаа тултал мэдэрсэн ард түмэн матаач гэх үгийг цээрийн хэмжээнд жигшиж, үр хойчдоо уламжилдаг нь тэр. Харин дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрдөггүй, алдааг нүүрэн дээр нь ил шулуун хэлдэг шударга иргэний үйлдэл үүнээс тэс өмнөө ойлголт гэдгийг энд зориуд дурдах хэрэгтэй. Мөн шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийн хамгаалах хуулийн зорилго, агуулгыг ч ойлгоогүй хүн олон бий. Энэхүү хуулийн төсөл бол зөвхөн авлигатай тэмцэхэд зориулж мэдээлэл гаргасан иргэнийг хамгаалах, урамшуулахад чиглэсэн агуулгатай. Авлига бол нууц байдалд, цөөн хүний хүрээнд үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг гэдэг үүднээс мэдээлэгчид хуулийн хамгаалалт, урамшуулал зайлшгүй хэрэгтэй гэсэн заалтыг хуульчлахаар зорьж буй юм. Түүнээс бус төрийн байгууллага, албан хаагчдад “ховоор хоолоо залгуулах” боломжийг олгоогүй гэдгийг ялгаж ойлгох ёстой. Төрийн байгууллагууд хяналтын үүргээ биелүүлж чадахгүйд хүрснээ далдлахын тулд иргэдийн мэдээлэл, шүгэл үлээгчийн хуулийг ашиглах гэж буй нь мууг өдөөхөөс сайныг хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний байгууллагууд иргэний гомдол ховоор ажлаа засаж сайжруулах нь угтаа хяналтаа алдчихаад ажлаа хийж чадахгүйд хүрсний илэрхийлэл буй за. Үүний цаана зарим хуулийн заалт нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн хяналтын байгууллага төлөвлөөгүй шалгалт хийхийг хуулиар хориглосон. Төлөвлөгөөгөө жилийн өмнө баталж зарласан байх ёстойг ч тусгасан. Төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ заавал иргэдийн хов, матааст үндэслэсэн байх хуулийн заалт нь иргэдийг хов хүргэх, матаас шургуулахыг уриалах зам руу түлхэж байна. Төрийн “нүд, чих” болох ёстой хуулийн болон мэргэжлийн хяналтын эрхийг ийн хассан нь уриалга гаргах, уралдаан зарлах сэдлийг өдөөж байна. Мөн иргэдийн “ховоор” шалгалт хийж, гүйцэтгэлийн үр дүнгээр ажлын үзүүлэлтийг хэмжих болсон нь хуультайгаа зөрчилдөж эхэлснийг анзаарах сөхөө алга. Тус хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалтын зарчмыг тодорхойлохдоо “Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал нь аливаа сонирхол, зорилгоос илүүд байна” гэсэн бий. Гэтэл төрийн байгууллагын ажлын төлөө нийтээрээ матаач болох нь нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуунд харшилж байгаа бус уу. Иргэдээ хов хүргэ, матаас шургуул гэж уриалан дуудаж, ажлын үзүүлэлтээ ахиулах арга хэрэгсэл болгож байгаа нь эмгэнэлтэй. Төр хэнээс ч хараат бусаар хяналтаа тавьж, ажлаа хийдэг байх ёстой баймаар. Хяналт нь нийтийн эрх ашгийн төлөө үүргээ тасралтгүй гүйцэтгэж байх учиртай. Иргэн мэдээлсэн, үгүйгээс үл шалтгаалаад улсын болон нийгэм, орчны аюулгүй байдлыг хянаж байх үүрэг тэнд оногддог. Гэтэл өрөөндөө шигдэж, хов матаас ирүүлээрэй гээд уриалга гаргаад суудаг нь яав ч эрүүл тогтолцоо биш. Тэгээд ч иргэнд төрд хов зөөх үүрэг оногдоогүй. Иргэний эрх, үүргийг тодорхой тусгасан Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр хийх, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хууль журмыг чандлан сахих, албан татвар төлөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалах үүрэгтэй” гэсэн буй. Энд төрд хов зөөх нь бүү хэл харин бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх хүнлэг чанарын агуулга оршиж байна. Гэтэл иргэдийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн онигооны эзэн болгохоор улайрхын учир юу вэ. Хуулийн заалтыг өөрчилж, төрийн байгууллагын хяналтыг сайжруулахын оронд “ховоор хоолоо залгуулах”-ыг өөгшүүлж байгаа нь түүхийн гашууныг давтах, нийгэмд харшлах үйлдлүүд даамжрахын дохио юм. 

 Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх