Дуучин Т.Баясгалан нэр дэвших гэнэ

  • 0
  • 161
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-Нэр дэвшихээр бэлтгэж яваа Т.Баясгаланг гадны хөрөнгө оруулагчид нь хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан бололтой-

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярыг эхнэрийнх нь хамт хуулийн байгууллага шалгах болсоор удаж байна. Зайсангийн энгэрийг хотын дарга С.Амарсайханаас дутахааргүй эзэгнэж, өдгөө Яармагийн дэнжид вант улсаа байгуулж суугаа Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан ирэх оны сонгуульд хүч үзэхээр хэдийнэ бэлтгэлээ базаасан нэгэн.

Өнгөрсөн өвөлжин Баянхонгор руу өвс зөөж, УИХ-ын гишүүн С.Жавхланг үе үе чирж, нутгийн олныг хосолсон дуугаар уяраасан гэхэд болно. Эхнэрийнхээ нэр дээр цагаан хоолны ресторан байгуулан өгч байсан мань эр өдгөө “Сакура” сургуулийг бэлэн болгон өгөөд байгаа. “Сакура-1” нь өнгөрсөн намар ашиглалтад орсон бол “Сакура-2” сургуулийг дүүргийн эмнэлгийн дээд талд барьж байгаа юм.

Улсын заан Ч.Батзоригийн хамт байгуулсан “Хөрш заан” компанийн хувьцаа эзэмшигч Кёкүшюзан Д.Батбаяр АН-ын шинэхэн хотхоныг ч барьж сүндэрлүүлж байна. Хэрэв 2020 оны сонгуульд АН ялалт байгуулж, төрийн эрхийг авбал мань хүн намдаа эл барилгаа үнэ төлбөргүй өгөхөө амласан гэж байгаа. Ялалт байгуулж чадахгүй бол хоёр заанд хөрөнгийг нь өгч байж 16 давхар ордондоо нүүж орно.

Ийнхүү Зайсангийн хормойг, Яармагийн дэнжтэй эзэгнэсэн Кёкүшюзан Д.Батбаяр ямар хэргээр хуулийн байгууллагад олон сар боргоолгов гэдэг анхаарал татна. Түүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Энэ оны эхнээс эхлэн мань хүнийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Ингэхдээ зориулалтын дагуу ашиглаагүй орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм билээ.

Яармагийн дэнжид 2 сургуулиас гадна орон сууцны хэд хэдэн хороолол, таунхаус, пинтхаус гээд мань хүний нэр дээрх тодотголтой олон барилга, байгууламж бий. Хамгийн сүүлд Арцтад байрлах хаусандаа нүүж орсон гэх мэдээлэл ч байгаа юм.

Дээрх газруудыг өөрийн хамаарал бүхий компаниараа авахаас гадна төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр мөн Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд 8 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд 5 га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулж, удалгүй Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан мөн Арцатын аманд 5 га газар тус тус авчээ.

Дээрх газруудад гадны хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ч хэрэгжээгүй. Уг нь 2009-2014 оны хооронд БНХАУ-ын Евроази интернэшнл инвестмент групп-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Гэвч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж гадны хөрөнгө оруулагчид үзэж, хуулийн байгууллагад хандсан байна.

Эх сурвалж: Niigmiintoli.mn

http://niigmiintoli.mn/article/27425?fbclid=IwAR2_ProfDBCEvrJekpXTqW2xVVuf5oz9pc9huigfVf_OHsM0m5VHRzI15_o

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх